Монголын уламжлалт анагаах ухаан 2500 гаруй жилийн түүхтэй, оношлогоо, эмчилгээний нарийн онол арга зүйтэй биеэ даасан шинжлэх ухаан юм. уламжлалт анагаах ухааны эмчилгээний гол давуу тал бол бодгалд чиглэсэн буюу хувь хүнд чиглэсэн эмчилгээ хийдгээрээ онцлогтой бөгөөд тухайн хүний бие махбод, өвчний онцлог байдлаас хамааран олон талт эмчилгээ сувилгааг хийсээр ирсэн. Тэдгээрээс өргөн хэрэглэгддэг эмчилгээний нэгэн төрөл бол Дилчи буюу үрж арчих эмчилгээ юм. Тэрхүү үрж арчих эмчилгээг олон өвчний заалтаар хийдэг бөгөөд Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн хувьд арвайтай бариа, жамц жүгва эмчилгээнүүдийг хийдэг.
Рашаан, шөл, ууран дэвтээлэг зэрэг усан эмчилгээ, мөн готол эмчилгээний дараа хүний шар үсний нүх сүвүүд нээгдэн, хөлрөлт явагддаг учраас шар үсний сүвийг хаан, хөлрөлтийг намдаах, дахиж хөлрөхөөс сэргийлэн 1-2 цагийн дараа арвайтай бариаг хийдэг.
Мөн хаврын улиралд заавал рашаан эмчилгээний дараа гэлтгүй үрж арчих эмчилгээг хийлгэснээр улирлаас шалтгаалах бадган өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Арвайтай бариаг хийхдээ арвайн гурилыг шар тосоор багсарч бэлтгээд зөөлөн гал дээр нэг минут халааж бүлээтгэн, бүх биед жигд түрхэж, илж арчиж хийдэг.
Арвайтай бариа нь бадган тослогийг арилгах, өөхийг хайлуулах, шар үсний сүвийг хаан хөлрөлтийг намдаах, илчийг үүсгэх, тамирийг тэтгэх, сэтгэл санааг тайвшруулах, хий цусны гүйдлийг сайжруулах тус эрдэмтэй.
Энэхүү эмчилгээг хийлгэсний дараа хүйтэнд даарч салхинд цохиулахгүй, бороонд норохгүй, хүйтэн усанд гар хөлөө дүрэхгүй, усанд орохгүй байх шаардлагатай.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ц.Ишин

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн