Хүний бие гал, ус, шороо, хий, огторгуй гэсэн 5 махбодиос үүсдэг талаар Уламжлалт анагаах ухаанд заасан бөгөөд энэ нь маш нарийн түвшинд үүсэж хүний биеийг бүрэлдүүлдэг хүчин зүйл юм. Усан махбодиос голчлон цус, хэл, шингэний хувь үүснэ. Цус, зүрх, бөөр, хоол боловсруулах үйл ажиллагаа усны үүрэг оролцоотойгоор явагддаг. Мөн шүлс, нулимс, хөлс, амьсгалах, шээх зэрэг үйлээр шингэнээ алдаж байдаг. Тиймээс усыг зүй зохистой хэрэглэж алдсан шингэний хувиа нөхөж байх хэрэгтэй.
Усны дутагдалд орвол бие ядарч сульдах, илч багасах, толгой өвдөх, цус багадах, бөөр болон зүрхний үйл ажиллагаа муудаж эхэлдэг. Учир нь усны оролцоотойгоор бодисын солилцоо явагддаг юм. Өглөө буцалсан халуун бүлээн усыг ууж занших нь арьс хуурайшихаас хамгаалах, биеэс хорт бодисыг гадагшлуулж биеийг цэвэрлэх, аливаа өвчин эмгэгийн эдгэрэлтийг түргэсгэх, бие махбодийн нөхөн төлжилт идэвхитэй явагдаж эрч хүчтэй блоход чухал нөлөө үзүүлнэ.
Хүмүүс ихэвчлэн ус уу гэхээр нэг дор ихээр болон хүйтнээр нь залгилчихдаг нь буруу юм. Усыг халуун бүлээнээр нь тохирсон үед уувал сайн. Харин дэлгэрсэн халуун болон шар халуун өвчний үед усыг хүйтнээр нь ууж болно. Усыг нэг дор их уух нь ходоодны хоол боловсруулах илчийг дарж, хоолны шингээлт муудах, хаван үүсэх, бөөрөнд ачаалал ирэх аюултай. Ихэнх хүн усыг турах зорилгоор их хэмжээгээр уудаг. Энэ нь буруу юм. Бадган өвчний цагаар буюу өглөө 07:40-11:40, орой 19:40-23:40 цагийн хооронд усыг хэтрүүлэн уувал галын илчийн хувь барагдаж улмаар хаван үүсдэг. Тиймээс энэ цагаар мөргөл болоод идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хийвэл биеийн илч үүсэхээс эхлээд эрүүл мэндэд чухал нөлөөтэй. Мөн шимгүй, хөнгөн чанартай хоол ундыг улирал харгалзахгүй идэх, усны хэмжээг тохируулаагүйгээс дархлаа муудаж турахаасаа илүү өвчин олох тохиолдол их байна.
“Анагаах ухааны дөрвөн үндэс” номонд усыг хурын ус, цасны ус, гол мөрний ус, булгийн ус, худгын ус, шорвог давстай ус, ой хөвчийн модны ус гэж 7 ангилдаг. Эдгээр уснаас хурын ус дээд бөгөөд хойшлох тусмаа муу хэмээсэн байдаг. Мөн усыг газар орон, улирал, усны чадал эрдмээс хамаараад гуравны нэг, хоёрны нэг болтол нь ширгээж хэрэглэдэг. Ер нь хөөс гарахгүй болтол нь буцалгасан ус нь ходоодны галын илчийг үүсгэж, хоолны шингээлт сайжруулан, зогисохыг анагааж, гэдэс дүүрэх, амьсгал амаргүйтэх, ханиад томуу, шинэ халдварт өвчнийг дариуд анагаах тус эрдэмтэй. Буцалгаад хоносон, удсан ус нь хор болж өвчин үүсгэдэг тул уухыг тэвчих хэрэгтэй.

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, УАУ-ы их эмч Б.Батчимэг

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн