Ч.Төрболд: Манай сургууль Монголын, магадгүй дэлхийн хамгийн ачаалалтай сургууль байж мэднэ

Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны Их эмчийн 1-р курсын оюутан Ч.Төрболд:

-Уламжлалт анагаах ухааны талаар хүмүүс маш буруу ойлголттой байдаг. Ялангуяа бидний үе тэнгийнхэн тэр бүр мэдэхгүй. Миний хувьд ч гэсэн эхэндээ сургуулийнхаа талаар сайн мэдэхгүй, уламжлалтын эмч гэхээр лам болох гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг байсан. Найзууд маань ч гэсэн манай сургууль төвөд хэл үздэг гэхээр “Чи лам болох гэж байгаа юмуу” гэж хэлдэг. Харин сургуульдаа суралцаад, хичээлээ үзэж эхлээд би маш буруу бодож байснаа ухаарсан. Уламжлалт анагаах ухааны эмч бол маш өргөн хүрээний мэдлэг чадвартай, ёсзүйтэй, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхсан судлаач, эмч болно гэдгийг ойлгосон. Ийм эмч болохын тулд уйгагүй их хөдөлмөр, хүчин чармайлт хэрэгтэй. Тиймээс ч маш их ачаалалтай суралцаж байгаа. Монголын, магадгүй дэлхийн хамгийн ачаалалтай сургууль бол манай Оточ Манрамба Их Сургууль байж мэдэх юм. Гэхдээ сурч, хийж, хөгжиж, завгүй байгаа учраас би алдаагүй гэдгээ мэдэрдэг. Оточ Манрамба Их Сургууль хамгийн сайн сургууль учраас эргэлзэх зүйлгүйгээр “Би Оточ Манрамба Их Сургуулийн оюутан” гэж хэлнэ.

М.Жавзанпагма: Зөвхөн сувилагч мэргэжилтний хувьд бус хувь хүн талаас нь маш их хөгжүүлдэг

Оточ Манрамба Их Сургуулийн Сувилахуйн 1-р курсын оюутан М.Жавзанпагма:

-Сувилахуйн мэргэжил эрэлт хэрэг-цээтэй байгаа учраас энэ мэргэжлийг сонгосон. Оточ Манрамба Их Сургуу-лийн сувилахуйн анги нь Европ болон уламжлалт анагаах ухааны аль ч эмнэлэгт ажиллах чадвартай сувилагч бэлтгэн төгсгөдөг учраас элсэн орсон. Зөвхөн сувилагч мэргэжилтний хувьд бус хувь хүн талаас нь маш их хөгжүүлдэг нь анхны хичээлүүдээс л харагдаж байна. Манай сургууль төвөд хэл үздэг. Төвөд хэлний “ГА” үсгээ Хамба багшаараа хөтлүүлсэндээ баяртай байдаг.

 

Л.Чинзориг: Анхны хичээл дээрээ цагаан халад өмсөөд суух үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж төрүүлсэн

Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны Их эмчийн 1-р курсын оюутан Л.Чинзориг:

-Оточ Манрамба Их Сургууль бол Монголын уламжлалт анагаах ухааны хамгийн том их сургууль. Монголдоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургууль учраас гадаадын улс орнуудаас хүмүүс ирж суралцдаг. Тиймээс хажууд нь байгаа бид энэ сургуульд сурч, уламжлалтын сайн эмч болох бүрэн боломжтой. Анхны хичээл дээрээ цагаан халадаа өмсөөд суух үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрүүлсэн. Эмч хүн насаараа сурдаг. Эмч хүн хүний амьдралыг шийддэг учраас маш сайн суралцах хэрэгтэй. Би Итгэлээ уншихдаа мундаг эмч болж, эмэгтэйчүүдийг ээжээрээ төсөөлж, эрчүүдийг ааваараа төсөөлж, энэ дэлхийн хүн төрөлхтөнийг эмчилнэ гэж бодож залбирдаг.

Б.Болорсолонго: Сурсан мэдсэн эрдэмээ ядуу буурай орны хүүхдүүдийг эмчилж, эдгээхэд зориулна

Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны Их эмчийн 1-р курсын оюутан Б.Болорсолонго:

-Эмч болохоор шийдсэнийхээ дараа анагаахын сургуулиудыг маш их судалсан. Уламжлалтын багш, эмч мэргэжилтэй танил эгч маань надад “Уламжлалтын эмч болъё гэвэл Оточ Манрамба Их Сургуульд л сураарай” гэж зөвлөсөн. Яагаад заавал Оточ Манрамба Их Сургуульд сурах ёстой юм бол гээд маш их судласны эцэст суралцах шийдвэр гаргасан. зөв сургууль сонгосондоо бат итгэлтэй болсон. Хичээлийн анхны өдрөөс эхлээд л гараа хавдатлаа хичээл хийсэн ч шантрах бус харин ч улам ихийг сурахыг хүссэн. Яагаад гэвэл энэ анагаах ухаанд суралцахад үүнээс ч илүү хүчин чармайлт хэрэгтэй. Би ер нь хөгжим сонсоод алхах дуртай. Гэтэл Оточ Манрамба Их Сургуульд орсноосоо хойш алхаж явахдаа хичээлээ цээжлээд явдаг болсон. Аливаа зүйлд сэтгэлээсээ хандвал үр дүн заавал гарна гэж аав, ээж минь сургадаг. Тиймээс ч би сайн эмч болохын төлөө зүтгэж, сурсан мэдсэн эрдэмээ дэлхийн ядуу буурай улс орны хүүхдүүдийг эмчилж, эдгээхэд зориулан, Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхий дахинд сурталчлан таниулах болно.

Б.Рэгмааванчин: зөв замаар явж байгаа гэдгээ өөрийн эрхгүй мэдэрдэг

Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны Их эмчийн 1-р курсын оюутан Б.Рэгмааванчин:

-Уламжлалт анагаах ухаан аливаа өвчнийг уг үндсээс нь эмчилж, илааршуулдаг төдийгүй өвчнийг үүсгэж байгаа шалтгаантай нь тэмцдэг учраас илүү үр дүнтэй, давуу талтай. Энэ гайхалтай анагаах ухаанд суралцсан эмч нар илүү даруу, ёсзүйтэй байх хэрэгтэй гэж боддог. Тиймээс ч манай сургуульд эхлээд эмч хүн ямар байх ёстой, ямар ёсзүй, сэтгэхүйтэй байх талаар зааж сургадаг нь надад маш их таалагдсан. Төвөд хэлний 128 үсгийг гуравхан хоногт үзээд, долоо хоногийн дотор уншиж бичиж чаддаг болсондоо одоо ч итгэхгүй байна. Номоо үзээд сэтгэл санаа сэргэг сайхан болоод өөрийгөө зөв замаар явж байгаа гэдгээ өөрийн эрхгүй мэдэрдэг. Дээдийн ном гэдэг хүний оюун ухааныг гэгээрүүлж өгдөг юм байна.

А.Төрмандах: Би уламжлалт эмийн салбарт шинэ брэнд бүтээгдэхүүн гаргана

Оточ Манрамба Их Сургуулийн Эмзүйн 1-р курсын оюутан А.Төрмандах:

Би Мэдээлэл технологийн чиглэлээр суралцаж, бакалавр дүүргэсэн хүн. Гэсэн ч эмзүйн ухаанд сонирхолтой учраас дахин эмзүйчээр суралцахаар шийдсэн. Оточ Манрамба Их Сургуулийн эмзүйн ангийг төгсөгчид Өрнө, Дорнын анагаах ухааны эмзүйн салбарт хөрвөж ажиллах боломжтой, судалгаа шинжилгээний ажил хийх чадвартай мэргэжилтнүүд болж төгсдөг гэдгийг салбарынхан хүлээн зөвшөөрсөн. Манба Дацан эмийн үйлдвэр, эмнэлэг гээд дадлагын баазтай байгаа нь оюутнуудад маш их боломжийг нээдэг болов уу. Би уламжлалт эмийн салбарт шинэ брэнд бүтээгдэхүүн гаргах, харшлын эсрэг эмийн судалгаан дээр ажиллах зорилготой байгаа. Тиймээс Оточ Манрамба Их Сургуульд элсэн орсондоо баяртай байна. Оточийн оюутны амьдрал маань маш сонирхолтой байгаа.

Ж.Анармаа: Би ээжтэйгээ хамтарч эмнэлэг байгуулна

Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны Их эмчийн 1-р курсын оюутан Ж.Анармаа:

Би эмч болохыг багаасаа мөрөөддөг байсан. Миний ээж Оточ Манрамба Их Сургуулийн 2016 оны төгсөгч Эрдэнэчулуун гэж эмч бий. Одоо Оросод мэргэжлээрээ ажиллаж байгаа. Би ирээдүйд ээжтэйгээ хамтарч эмнэлэг байгуулаад олон хүнийг эмчилж эдгээнэ. Сургуульдаа ороод маш их зүйлийг ойлгож ухаарсан. Автобусанд зүгээр явж байсан цаг хугацаагаа бодохоор хайран санагддаг. Одоо бол би автобусанд явахдаа ч, аль боломжтой газар хичээлээ уншдаг. Оточ Манрамба Их Сургуулийн оюутнуудын амьдрал маш завгүй. Гэхдээ завгүй, хичээж суралцаж байгаадаа сэтгэл хангалуун байна.

 

Б.Алтантуяа: Өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд хийж эхлэх нь л чухал

Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны Их эмчийн 1-р курсын оюутан Б.Алтантуяа:
Дэлхий ертөнц хөгжих тусам хүмүүсийн оюун санаанд өөрчлөлт орж, өөрийгөө барих чадвар, ёсзүй алдагдаж байна. Энэ байдал нь хүний тархи, бие организмд хэрхэн нөлөөлж байгаа талаар олон улсад судлаж эхэлсэн. уламжлалтын эмч болсноор хүний бие эрхтэнийг эмчлээд зогсохгүй, оюун санаа, сэтгэлзүйг нь мөн эмчлэх давуу талтай. Тиймээс надад энэ мэдлэг чадварыг олгож чадах Оточ Манрамба Их сургуулийг сонгосон. Би багаасаа эмч болохыг хүсдэг байсан ч санхүүгийн мэргэжил эзэмсэн. Гэхдээ сурахад хэзээ ч оройтохгүй, өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд хийж эхлэх нь л чухал юм.

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн