Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч, ХУД-ийн иргэн Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.

-Та Манба Дацан Нэгдсэн эмнэлгээр анх удаа үйлчлүүлж байна уу?
-Би Манба Дацан эмнэлгээр хоёр дахь удаагаа эмчлүүлж байна. Анх 2017 онд даралт ихсээд онош олдохгүй явсаар Хамба лам Д.Нацагдорж гуайд ирж үзүүлж байсан. Тэгэхэд уламжлалт анагаах ухаантай танилцсан. Тухайн үед хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байсан ч цаг зав олдохгүй явсаар 2018 оны хавар хэвтэн эмчлүүлсэн. Тэр хооронд тан уугаад, уламжлалт анагаах ухааны талаар өөрийн хэмжээнд уншиж судалж, ойлголт авсан. 2018 онд хэвтээд гарахад тамир тэнхээ сэргэж, биеийн зовиур ядаргаа арилсан.
Өвдөөд хоёр жил гаран болчихсон байсан болохоор тамир их муудсан байсан.
-Оношийг чинь юу гэж тодруулсан бэ?
-Ослын гэмтлээс шалтгаалаад даралт ихсээд байсан юм билээ. Даралт ихсээд удаан хугацаанд явсаар хийн өвчтэй болсон байсан. Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт үзүүлж тан ууснаар дан ганц даралт ихсэлтийг эмчлээд зогсохгүй дотор эрхтнүүдийг ч цогцоор нь эмчилсэн. Мэдээж Манба Дацан эмнэлэгт ирэхээсээ өмнө Европ анагаахын олон эмнэлгээр явсан. Бөөрний эмч дээр очихоор бөөрөө дагнаж эмчилдэг, зүрхний эмч дээр очвол зүрхээ барьж эмчилдэг. Цогц эмчилгээ хийж чадахгүй байсан. Харин Манба Дацан эмнэлэг цогц эмчилгээ хийсэн.
-Уламжлалтын оношилгоо танд ямар санагдсан бэ. Уламжлалтын эмч судас чагнаж үзээд бүхий л өвчнийг нэг дор оношлох боломжтой шүү дээ?
-Эхэндээ судас бариад оношилно гэхээр итгэж өгөхгүй байсан л даа. Төөнүүр хийх хэрэгтэй, рашаан шөлөнд оруулна гэхээр нэг л бууж өгөхгүй байсан. /Инээв/ Тан уух хугацаандаа уламжлалт анагаах ухааны талаар уншиж судлаж явсаар 2018 оны хавар хэвтэхдээ уламжлалт эмчилгээнүүдийг хийлгэж, өөрийн бие дээр мэдрээд давуу тал, онцлогийг нь улам бүр ойлгосон. Зөв ойлголттой болоод ирэхээр уламжлалт анагаах ухааныг улам бүр мэдэж, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга ухаанд суралцах юмсан гэж бодож эхэлсэн.
-Уламжлалт анагаах ухааны давуу тал, онцлог нь юу вэ?
-Их олон мянган жилийн түүхтэй анагаах ухаан юм билээ. Өрнийн анагаах ухаан зайлшгүй шаардлагатай хагалгаа ч юмуу яаралтай тусламжийн үед сайн, сүүлийн 100 жилд хөгжсөн. Уламжлалт анагаах ухааныг Өрнийн анагаахын эмнэлгүүдтэй харьцуулахад олон давуу талууд байна. Өрнийн анагаах ухаан шиг массын эмчилгээ хийдэггүй, хүн бүрт тохирсон эмчилгээ хийдэг нь онцлогтой санагдсан.
-Уламжлалт анагаах ухаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар маш олон зүйлийг заасан байдаг. Та энэ бүхнээс юуг хэрэгжүүлж байна?
-Хүний биед хий, шар, бадган тэнцвэртэй байснаар эрүүл байх боломжтой. Бид өдөр тутмынхаа идээ унд, явдал мөрийг буруудуулсанаар эдгээрийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, өвчнийг үүсгэж байдаг. Тиймээс идээ унд, явдал мөр буюу хоол хүнс, хөдөлгөөн, нойр, өдөр тутамдаа хийж буй үйлдэл бүрдээ анхаарч, зөв байх талаас нь зохицуулж явахыг хичээж байна. Мөн эмч нарынхаа заавар зөвлөгөөгөөр Мана 4, Норов 7 зэрэг танг ханиад томууны үед, урьдчилан сэргийлэх зорилгоор ууж, дархлаа тамираа ч сайжруулдаг. Анх Хамба лам Д.Нацагдорж гуайд үзүүлэхэд сунаж мөргө гэж зөвлөсөн. Түүнээс хойш тогтмол сунаж мөргөж байгаа. Залуу хүмүүс уламжлалтын талаар ойлголт муутай, дээрээс нь хүний бие 20-30 насандаа залуу насны эрчээрээ явдаг. 30 наснаас хойш тодорхой дохио өгөөд эхэлдэг. Энэ үед нь тухай бүрд эмчлүүлээд эрүүл мэнддээ анхаараад явбал өвчин архагшихаас сэргийлж, эрүүл сайхан, урт амьдарч чадна. Манба Дацан эмнэлэгт голдуу настай хүмүүс хэвтэж байна, залуучууд тэр бүр мэдэхгүй байх шиг байна л даа. Тиймээс залуучуудад уламжлалт анагаах ухааныг таниулах, тэд өөрсдөө ч уламжлалт анагаах ухааны талаар зөв ойлголттой болохыг эрмэлзэх хэрэгтэй юм шиг санагдсан. Манба Дацан эмнэлгийн эмч нартаа талархлаа илэрхийлье.

-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин 2018 он №12 /54/

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн