Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх “Гунгаачойлон” дацангийн Хамба лам, гавж Ө.Гүндсамбуу гуайг урьж ярилцлаа.

-Буддын шашин дарагдаж, хаагдаж явсан үе бий. Түүний уршиг ч гэх үү одоо энэ цаг үед энэрэнгүй сэтгэл, ёс суртахуун, эрүүл аж төрөх зан үйл алдагджээ. Нэг ёсондоо мэдэхгүйн зовлонд өртчихөөд байна уу даа?

-Бид өнөө цаг үед төгс төгөлдөр нийгэм байгуулсан улс байна уу гэж хайгаад үзэхэд олдохгүй л байна. Яахав, зам харилцаа, байшин барилга байгуулсан байж болно. Өчнөөн төчнөөн түүхий эд, байгалиа баллаж байж байшинд орсон. Гэтэл байшинд ороод бүгд өвчин тусч байна. Гадаа өвөл байхад дотор зун байвал гажиг тогтолцоо. Учир нь өвөл хэт халуун байшинд суугаад хамаг илчээ алдчихаж байна. Мөн гадаа халуун байхад гэрт хүйтэн байвал тэр бас л цагийн буруудал. Зун бүх айл кондешн үлээлгээд уушгиа баллаж байна. Хөдөөнийхөн зун мах өмхийрнө гээд амьтан хорлодоггүй, борцоо бэлдээд иддэг байсан чинь “Малчин” гээд компани авдар шиг хөргөгч аваачаад тавьчихсан. Зун өчнөөн төчнөөн мал алаад мах идээд, өвчин тусч байна. Зун мах иддэггүй байсан шүү дээ. Өвчин үүснэ, нүгэл болно гээд монголчууд бүтэн жилийн турш гурав, дөрөвхөн амьтны аминд хүрдэг байсан. Ингэхдээ намар, өвөл мал тарга тэвээрэг аваад маш сайхан шимтэй болсон үед нь идэшээ хийгээд түүнээсээ борцоо бэлтгээд хавар, зун нь иддэг байсан. Хавар, зуны мах хортой. Яагаад гэвэл өвлийн хүнд нөхцлийг даваад ядарчихсан, ногоо дөнгөж амсаж байхад нь хядаад хаячихаж байгаа юм. Хавар ч хядаад, зун ч хядаад хор болох юмаа ногоотойгоо холиод идээд байгаа өвчин эмгэг үүсэхэд их нөлөөлж байна.

Мөн өөрсдийгөө хорлох юмыг мэдээд, яриад явдаг. Аманд нь Монгол үг байхгүй, “Аймаар”, “Аягүй” гэж хэлнэ. Манай урлаг, соёлын од, дуучид, дарга нар “Аягүй аймаар” гээд л ярина. Аймаар юм монголд байхгүй. Цаана чинь Сири гэж газар 7 жилийн турш хэдэн зуун мянган хүн дүрвээд, үхээд баларч байна. Жинхэнэ аймаар юм гэдэг чинь тэр байхгүй юу. Бүгдээрээ “Аймаар”, “Аймаар” гээд байвал тэр муу үг чинь тарни болж, муу л юм дуудна. Эцэг эхчүүд үр хүүхдээ шөнө, орой явахаар “Хөөе, цаана чинь хулгайч тааралдахвий” гээд дандаа муу, бараг хараал шиг юм хэлээд байдаг. Тэгж болохгүй, дандаа сайн юм хэлж, ерөөж байх учиртай. Сүүлийн үед энерги гэж их ярьж байна. Хүн төрөлхтөн үүсээд хэдэн мянган жил амьдарч байхад шинжлэх ухаан хөгжөөд дөнгөж 200 жил л болж байна. Түүнээс гарсан үг. Би энерги гэж үгэнд дургүй. Энергийг чинь эрчис гэдэг байхгүй юу. Хэдэн мянган жилийн түүхтэй нарийн юмыг энерги гэж муухай үгээр хэлээд хошуураад байгаа. Лам нарыг Европод явахад цензурдаад “За та муу заяа, там, бэрд гэж бүү ярь, үхлийн тухай бүү ярь, бусад номоо номло” гэдэг. Гэтэл тэр нь гол юм шүү дээ. Гол юмаа ярихгүй бол тэгээд юу болох юм, зовлонгийн өргөстэй бөмбөг дээр амьдарч байж. Бурхан багш хамгийн түрүүнд “Зовлон, зовлон бий шүү” хэмээн  айлдсан байдаг. Тийм байхад амгалангийн хойноос давхиад яах вэ дээ. “Зовлонг хаях гээд зовлон руу гүйж, амгаланг хүсээд амгалангаа өөрийн дайсан шиг дарж байна” гэж 2000 жилийн өмнөх Жонжүг хэмээх номонд айлдсан байдаг. Аль тавдугаар зууны номонд бичсэн нь одоо ч хүчинтэй л байна.

-Энэ цөвийн цагийн үр дагавруудаас яаж сэргийлэх вэ. Зовлонг яаж ойлгож, гэтэлгэх вэ?

-Бурхан Будда ирэхэд л цөвийн цаг эхэлсэн шүү дээ. “Цөвийн цаг таван зуун жил дэврээд ирлээ” гэж хэлсэн. Зовлонгийн эм нь гагцхүү бурханы ном шүү дээ. Бурхан багшийн номоор л зовлонг арилгана. Мунхагийг, зовлонг арилгах ганц эм нь тэр. Зовлонгийн хүрдний зургаан төрөлд эргэлдээд байгаа нь орчлон шүү дээ. Бурханы заасан замаар явбал үнэнийг үзээд гэгээрэх юм. Гэгээрэх гэдэг нь оюун ухаанаараа болохоос биеэрээ биш. Гэтэл бие рүүгээ л хамаг юмаа хийгээд байдаг. Хамгийн сайхан нь бие биедээ итгэх, туслах, хайрлах, өрөвдөх шүү дээ. Тэр бүгд байвал хамаг амьтан сайхан болно.

-Муу сэтгэлээ дарж чадвал тэр гэгээрэл хэмээдэг гэж ойлгодог. Энэ зөв үү?

-Тиймээ, 84000 муу сэтгэлийг 84000 ном буюу эмээр дарна гэдэг. Муу сэтгэлийг дэлгэрүүлэх юм бол хязгааргүй, эргээд хураавал мунхагийн харанхуй нь уур, шунал хэмээх хоёр зарцтай. Сансарын хүрдний голд гахайг дүрсэлсэн байдаг нь тэнэг мунхаг, гахайны амнаас могой, тахиа хоёр гарсан нь уур хилэн, шунал тачаалыг бэлгэдэж байгаа юм. Энэ гурван голомтноос муу заяаны гурван амьтан, сайн заяаны гурван амьтан гарсан. Тэр нь үхлийн эзний гарт орчихсон байж байдаг. Үхэл хэзээ ч хажууд чинь байгаа. Тийм байхад шунаад, мунхаглаад л яваад байдаг. Тэрний оронд ном үзэх хэрэгтэй. Бурханы ном бол өвгөн, эмгэн хоёрын үлгэр шиг юм биш шүү дээ. Дугуйлангаар, эчнээгээр сурчихдаг юм биш. Нэг төрөлдөө ч үзэж барахгүй гүн гүнзгий зүйл. Түүнийг үсгээр буулгах ч аргагүй, цаас, бэх нь ч хүрэхгүй, унших нас ч хүрэхгүй тийм их номлол бий.

 

-Ном үзэхээсээ илүү мухар сүсэгт автаад байх шиг. Бурханы шашинг мухар сүсгээс ангид хэрхэн хөгжүүлэх вэ?

-Тэр амархан юм биш. Ямар ч бололцоо байхгүй. Бүгдээрээ ном үзэх арга байхгүй, сурч чадахгүй.

-Лам нар гэгээрүүлэх үүргээ хэр гүйцэтгэж байна?

– Яаж гэгээрүүлэх юм. Хамаг багшаа хэлмэгдүүлээд, сургалтын бүхэл бүтэн систем, тогтолцоо байсныг нь устгаад, лам нарыгаа муу хэлээд, хамгийн аймшигтай гээд нийгэмд ойлгуулчихсан. Дөнгөж 1990 оноос л сэргэж ядаад байж байна. Паацагнасан хүүхэд шиг л байна шүү дээ манай бурханы шашин. Эрийн цээнд хүргэж байж том юм шаардах ёстой биздээ.

-Гэхдээ тань шиг эрдэм номтой хүмүүсийн сургаал айлдвар хэрэгтэй байна шүү дээ?

-Эрдэм номтой хүмүүс, зарим лам нар зааж сургаад л байгаа шүү дээ. Гэвч хичнээн сайхан нар гарсан ч хойшоо харсан нүх лугаа амьтдад бол нэмэргүй биздээ. Энэ ном буянд чинь сүжиглэж, хандлагаа өөрчлөөд санаа тавих ёстой юм шүү дээ. Тэгэхгүй бол “Тэнгэрийн хур ороход шатсан газар ногоо ургахгүй” гэдэгтэй адил юм.

-Бурханы номтой учрах нь энэ хийгээд урьд насны үйлийн үртэй холбоотой гэдэг. Тэгэхээр эрдэнэт хүний төрлийг олсон бол ганц тарни ч болтугай уншиж, зам мөрөө засах нь зөв юм болов уу?

-Бүх л юм үйлийн үртэй холбоотой. Бурханы ном сонсохыг хүсэхгүй байтугай үзэн яддаг хүн ч байна. Сүм хийдийг устгаж, буруу зүйл хийж байсан улс л тэгж төрөө биз. Юу ч мэдэхгүй жаахан хүүхэд номын дуу сонсоод залбираад суудаг нь урьд насандаа тарниа тоолоод эрхи эргүүлээд суусан чавганц байсан байлгүй дээ. Буянтай хүний буян нь тэгээд ирдэг л байхгүй юу. Хүнд өглөг өгдөггүй хүн гуйлгачин  болж төрдөг. Буян, нүгэл гэж бий шүү дээ. Бүгдээрээ адилхан байна гэж үгүй. Бурхан багш “Хурууны өндгөнд тогтох тоос шиг чинээний улсууд бурханыг шүтнэ, үлдсэн газрын шороо шиг тоо тоомшгүй хүмүүс бурханыг шүтэхгүй” гэж хэлсэн байдаг юм. Маш их буянаар ном олж сонсоно. Буян хураахын тухайд тарни уншиж болно л доо. Тарни тоолох нь пуужингаар явж байгаатай адилхан. Гэхдээ ном үзэж, түүнийгээ маш их бодож боловсруулах ёстой юм. Далай шиг номыг боловсруулсаар байгаад төгсгөлд нь тарни унших ёстой юм. Гэтэл амарчлаад тарни уншчихвал бүх юм болчихно гэж одооны хүмүүс бодож байна. Зүгээр тарни уншаад тус нэмэр болсонгүй гэж хэлдэг. Бодолтой унших ёстой юм. Зургаан зүйлийн хамаг амьтанг сайн сайханд хөтлүүлэхийн тухайд бодох ёстой. Туйлын зорилго л энэ. Түүнээс биш ямар ч бодолгүй “Ум ма ни бад мэ хум” гээд уншвал “Сайн байна уу” гэж байгаатай адил. Зургаан зүйлийн амьтад дор бүрнээ зовлонтой. Зовлон гэдгийг мэдэх ёстой. Ингээд ярихаар гутранги үзэл гээд загнаад байдаг. Тэгчихээд өөрсдөө “Сэрэлт” мэтийн киног одоо болтол гаргаад байдаг. Хүүхдүүдэд буруу ойлголт төрүүлэхээр “Шар хувалз” гэх нь аргагүй шүү дээ. “Сэрэлт” киног одоо гаргах шаардлагагүй. Эсвэл “Энэ бол үзэл суртлын үеийн кино” гэсэн бичиг тавих ёстой. Нүгэл хураасан юмаа гаргахаа больвол таарна.

-Одоо “Сэрэлт” кино эсрэгээрээ болчихоод байгаа шүү дээ?

-“Сэрэлт”-ийг харин эсрэгээр нь хийчихмээр санагдаад байгаа юм, орос эмч нь юм бүгдийг огтолдог гээд. Хүний мөнгө авах гээд зүгээр байгаа эд эрхтэнийг нь хүртэл засаж янзлаад. Цусанд дуртай болчихсон юмуу огтлоно, зүснэ л гээд байх юм. Хагалгаанд орох хүртлээ өөрийнхөө биеийг мэдэхгүй явдаг болж. Манай уламжлалт анагаах ухаан судсаар оношилж мэдээд, явдал мөр, идээ ундаагаар нь өвчнөөс сэргийлээд, хавар нь бөөлжүүлээд, намар нь туулгаад, ханаад дор дор нь эмчилгээ сувилгаа хийгээд хуучин архаг өвчин болголгүй шинэ дээр нь амархан арилгачихдаг тийм гайхамшигтай юм шүү дээ. Энэ дагуу явахад хагалгаа ямар хэрэгтэй юм. Эдийн засагт ч хичнээн ашигтай байх уу. Одоо хүүхдүүд ханиад хүрээд өчнөөн мянган төгрөгөөр антибиотик авч уугаад уугаад нэмэр болохгүй. Гэтэл Лэдэр 7 танг хоёр хоног уугаад л зүгээр болж байна. Анагаах ухаан гэдэг чинь өвчилсөн хойно нь эдгээе гэж байгаа хагас ухагдахуунтай үг. Тэжээхүй ухаан бол өвчингүй байх, эрүүл байх нөхцлийг бүрдүүлж сэргийлээд, хэрэв өвдөх юм бол эмчлэх гэсэн утгатай. Ерөөсөө өвчнийг тоолж чадахгүй л дээ, өвчнийг тоолсон номыг би үзсэн. Дөрвөн миллиард хүрээд цаашаа хязгааргүй гэсэн байдаг. Өвдөх шалтгаан хязгааргүй.

Уламжлалт анагаах ухаан бол хачин гайхамшигтай онолтой. Хүний биед хий, шар, бадган гэж байдаг. Амьсгалаас авахуулаад хөдлөж байгаа нь бүгд хий. Биеийн илч бол шар, бадган гэдэг нь биеийн ус, шороо юм. Энэ гурав хэм хэмжээндээ байвал өвчингүй байна. Тиймээс цаг агаар ямар байхыг одон зурхайгаараа мэдээд, энэ үед ийм хоол унд, явдал мөрийг эрхэмлэ гээд Манба Дацан эмнэлгийн Г.Одонцэцэг эмч улирлын эхэнд хэлээд байгаа биз дээ. Явдал мөр, хоол унд бүгдийг нь зааж өгсөн агуу ухаан шүү дээ.

-Зааж өгөөд байхад тоохгүй мацаг бариад байх юм.

-Яаж болох юм, хий нь ихсээд үхэж байна шүү дээ.

-Хүмүүсийн сэтгэлзүй их дордож байна. Сэтгэлзүйгээ хэрхэн удирдах вэ?

-Хий гээд байгаа чинь л тэр. Хий гэдэг чинь халуун өвчинг үлээгээд тараагаад хаячихана, хүйтэн өвчинтэй нийлээд хөлдөөгөөд хаячихана. Тиймээс хамгийн нэгдүгээрт хийг эмнэ гэсэн номтой. Стресс, сэтгэл гутрал, галзуу гэдэг чинь хийтэй холбоотой. Ууртай хүнийг хийтэй хүн гэдэг шүү дээ. Оюун ухааны чадалгүй учраас бэрхшээл дунд явж чадахгүй жаахан юманд барьц алдаад гутрана, бүүр амиа хорлоно. Тэвчээргүй хачин сул үлбэгэр болчихоод байна шүү дээ. Үнэнч биш, олзны хойноос гүйдэг, шунадаг. “Олзны хойноос гүйж байгаад загас шиг баригдах”, “Дуунд тачаагаад гөрөөс шиг харвуулах”, “Галд шунаад эрвээхэй шиг үхэх” гэгчээр таван мэдрэхүйгээрээ дандаа шунаж байгаад үхэх вий. Хурц хутган дээр бал тавингууд шунаад хэлээ зүсүүлдэгтэй адил юм болоод байна даа.

Жаргал, жаргал гэж давхидаг, тэгээд бүтэхгүй болохоор нь унадаг. Ямар төрөл аваад ямар орчлонд амьдарч байгаагаа санаж, мэдэж байх хэрэгтэй. Чамаас зовлонтой хоол ундгүй зовж байгаа бэрдийн төрөл, халуун хүйтэнд тарчилж байгаа тамын төрөлд хязгааргүй олон амьтан байна. Түүнээс гэтэлгээд агуу хүний биеийг авч төрчихөөд хариугүй жаахан юманд бүдрэлгүй тэвчээртэй уужуу байж, буян номонд л хичээж явууштай.

-Ярилцсанд баярлалаа.

М.Ариунсувд

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн