Яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзаныг Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үеэр нь ярилцлаа. Тэрээр уламжлалт анагаах ухааны ашиг тусыг өөрийн биеэр мэдэрч, үр шимийг нь хүртэж яваа тухайгаа хуучилсан юм.

 

  

  -Орчин үеийн хүн төрөлхтөнд өвчнөө илааршуулж болох олон төрлийн сонголт бий. Энэ сонголтоос таны уламжлалт анагаах ухааныг сонгож үйлчлүүлдэг шалтгаан нь юу вэ?

-Уламжлалт эмнэлгийн тухай миний ойлголт 2011 оны үед эхэлсэн. Тэр үед нуруу өвдөөд, Солонгост хагалгаанд орохоор боллоо. “Хагалгааны өмнө ууж өвчнөө дарж байгаад тодорхой хугацааны дараа ирж мэс засалд ороорой” гээд надад олон төрлийн эм өгсөн. Би тэдгээр эмийг ууж байхдаа Түвэд рүү явсан юм. Тэнд байхдаа тогтмол эм хэрэглээд явахыг маань харсан танил лам нар надаас ямар учиртай эм болохыг асуусан. Би ч учраа хэллээ. Тэгсэн, “Наад эм чинь ямар учиртай, ямар найрлагатайг мэдэх юм уу? Юу болохыг нь ч мэдэхгүй зүйлээ уугаад яваад байж болж байгаа юм уу?” гэсэн. Бид чинь ер нь л тийм байдаг шүү дээ. Эмчийн бичиж өгсөн эмийг юу гэдгийг нь мэдэхгүй л уугаад явдаг. “Ингэж болохгүй ээ” гээд нэг оточ миний судсыг чагнаж үзлээ. “Таны оношийг зөв тодорхойлсон байна. Гэхдээ хагалгаанд орохгүйгээр эдгээх боломжтой” гэж хэлсэн. Би түүний үгэнд нэг их итгээгүй. Гэтэл тэд: “Маргааш өглөө бидэнтэй хамт гороонд яв” гэлээ. Тэгээд маргааш нь тэднийг дагаж Гүмбүм хийдийг бүтэн тойрч гороолж, бас орой нь цуг мөргөл хийж үзлээ. “Гороо, мөргөл хоёроор л нурууны өвчин чинь зүгээр болчихно” гэж тэд хэлсэн. Ингээд ганц хоёр төрлийн тан өгснийг нь уулаа. Зааж өгсөн ёсоор нь сунаж мөргөдөг болов. Нэг сар хэртэй мөргөхөд өвдөлт нь бүр ихэссэн ч, “Юутай ч эцсийг нь үзье” гэж бодоод мөргөөд л байлаа. Яг хоёр сар мөргөсний дараа нурууны өвчин маань гэнэт арилчихсан.

-Ямар сайхан хэрэг вэ. Та өдөрт хэдэн удаа сунаж мөргөдөг байв?

-“108 мөргөж бай” гэж надад зөвлөсөн. Ингэж мөргөхөд ойролцоогоор 35 минут болж байна гэж тооцоод зарим үед тоолохгүйгээр цаг хараад л мөргөдөг байв.

    -Нөгөө төлөвлөсөн хагалгаандаа орох шаардлагагүй болчихсон хэрэг үү?

-Тийм. Би хагалгаа хийлгэхээр товлосон эмнэлэгтээ очоогүй. Хойтон хавар нь нэг номынхоо нээлтийн ажлаар Солонгос руу явахдаа нөгөө эмнэлэгтээ очиж, эмчтэйгээ уулзаад, “Товлосон хагалгаандаа ирээгүйд уучлаарай” гээд болсон явдлаа ярьж өглөө. Эмч надаас: “Сунаж мөргөнө гэдэг нь яадаг вэ?” гэж асуухад нь би мөргөлөө хийж үзүүлсэн. Тэд бүр гайхаад, утсан дээрээ бичлэг хийж авсан. Ингээд миний нурууны зургийг өмнөх MRI зурагтай харьцуулж хараад, “мөргөсний ачаар нурууны хоёр талын булчин хөгжөөд, дарагдсанаасаа болж үрэвссэн дискэнд нэмэлт ачаалал өгөхөө больсноор өвчин эдгэсэн байна” гэж тэд дүгнэсэн. Ер нь тэгсэн л юм билээ л дээ.

 

    -Үүнээс хойш танд уламжлалт анагаах ухаан “таалагдаж” эхэлсэн байх нь?

-Түүнээс хойш би европ эмнэлэгт очихоо больсон. Ханиад хүрсэн ч судсаа чагнуулаад л тан уучихдаг. Сүүлийн найман жил уламжлалт анагаах ухаанаар дагнан үйлчлүүлж байна. Уламжлалт эмчилгээ ер нь үнэхээр сайн.

 

    -“Судасны чимээ” романаа та хэзээ бичсэн билээ?

– Уламжлалт анагаах ухаанаар үйлчлүүлдэг болсноос хойш би уламжлалт анагаах ухааны талаар ном бичье гэж бодсоноо хэрэгжүүлсэн нь “Судасны чимээ” роман.

Энд миний гол зөвлөхөөр ажилласан хүн нь Бэтүб хийдийн “Найдан” эмнэлгийн эмч Ганзориг. Нарийн ширийн зүйлийг эмч хүний үгээр бичих хэрэгтэй шүү дээ. Ганзоригтой, бас өвөрмонголын Бо Жиншан хэмээх бариачтай уулзаж ярилцаж байхдаа уламжлалт эмнэлэг бол бидний ор тас мартчихсан маш чухал өв, эргээд сэргээвэл онцгой ирээдүйтэй салбар юм байна гэдгийг илүү ойлгосон.

Энэ удаа бие ядарч сульдсан учир “Манба Дацан” эмнэлэгт арав хоног хэвтэж эмчлүүлж байна. Эмчилгээ эхлээд эхний гурав дахь өдрөөс үр дүн нь харагдаж байна. Нурууны өвчин маань хэдийгээр эдгэсэн ч, жаахан ядармагц сэдрэх гээд байдаг. Үе үе мөргөлөө тасалчихдаг. Түүнээс биш, сунаж мөргөөд байхад бол өвдөхгүй л дээ. Харин нэгэнт сэдэрчихвэл мөргөхийнхөө хажуугаар заавал эм тан уух, эмчилгээ засал хийлгэх хэрэгтэй байдаг.

 

    -Эмч, өвчтөн хоёрын шүтэн барилдлага гэсэн нэг чухал ойлголт уламжлалт анагаах ухаанд бий. Манба Дацан эмнэлэгт та анх ямар учрал, холбоо сүлбээгээр дамжин ирж үйлчлүүлж байв?

-“Манба Дацан” эмнэлгийн тухай миний эхнэр илүү сайн мэднэ. Эхнэр маань энэ эмнэлгийн үйлчлүүүлэгч хүн. Тэгээд энэ эмнэлэгт их ам сайтай байдаг юм. Энд хэвтэж эмчлүүлэхийг эхнэр “тушаасан”. Ер нь эмнэлэгт хэвтдэггүй болоод ч тэр үү, эмчилгээний үр дүн надад бол их хурдан мэдрэгдэж байна.
Миний харж байгаагаар, “Манба Дацан” эмнэлгийн үйлчилгээ, уламжлалт оношилгоо эмчилгээний арга, үйл ажиллагаанд нь тогтсон арга барил нь уламжлалт анагаах ухааны хөгжлийн хамгийн нарийн, дээд ололтуудыг өөртөө шингээж чаджээ. Маш ирээдүйтэй цаг үеийнхээ эхэнд явж байгаа юм болов уу гэх бодогдож байна. Энэ эмнэлгийн эмч нарын ёс зүй, сувилагч нарын харилцаа, эмчилгээний үр дүн гэх мэт олон талаараа үнэхээр давуу байна. Хамгийн гол нь энд антибиотик, химийн гаралтай эм тариа хэрэглэдэггүй, зөвхөн байгалийн гаралтай ургамалын эм болон олон төрлийн заслын эмчилгээ хийж байна. Тэгсэн хэрнээ үр дүн ийм сайн байгаа нь гайхалтай. Д.Нацагдорж хамба Монголын уламжлалт анагаах ухааныг шинэ шатанд гаргаж, сэргээн хөгжүүлэх онцгой ажлыг хийсэн байна. Түүний байгуулсан “Манба Дацан” эмнэлэг, “Оточ Манрамба” их сургууль хоёр бол үнэхээр бахархууштай ажил юм гэдгийг өөрийн биеэр мэдрээд сууж байна.

 

    -Уламжлалт анагаах ухааны түүх, шинэ цагийн сэргэн мандалтын талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Манайхан 1930-аад онд маш олон үнэт зүйлсээ устгасан. Үндэсний сэхээтнүүдээ үндсэндээ хядаад дуусгасан. Монгол түмний оюун санааны түүчээ болж байсан Алтан ургийнхныг ч дуусгасан. Тэр мэтээр маш олон зүйлийг үгүй хийсний нэг нь уламжлалт анагаах ухаан юм. Шашны эрдэмтэн мэргэд, буддист философийн мундаг сэтгэгч лам нарыг ярихаа больё гэхэд хүнд яг бодитойгоор ач тус нь шууд хүрдэг нэг том салбар бол энэ уламжлалт анагаах ухаан шүү дээ. Монгол эмнэлэг хэдийгээр Түвэдээс угсаатай гэдэг боловч ХХ зууны эхэн үед сургалтынхаа хувьд ч, эмчилгээнийхээ хувьд ч Түвэдийнхээс хамаагүй давчихсан, хөгжлийнхөө дээд түвшинд хүрч байсан юм билээ. Бүхий л том хийдүүд Манба Дацантай, тэдгээр Манба Дацангийнх нь хөгжил онцгой, дээд хэмжээндээ хүрчихсэн үед нь устгаж үгүй хийчихээд монгол хүний биед төдийлөн зохимжтой биш европ эмнэлгийг хүчээр, үзэл суртал ашиглаж оруулж ирээд явсан. Яг үнэндээ энэ хооронд монголчууд тун эрүүл, бие сайтай хүмүүс байснаа ХХ зууны дунд үеэс хойш өвчлөмтгий, байнга л эмнэлэг эм тариа ярьж явдаг хүмүүс болж хувирсан юм билээ. Хэрэглэдэг хүнсэнд маань ч гэсэн чихэр тэргүүтэн манай уламжлалт хүнсэнд байгаагүй зүйлс зонхилж орж ирсэн. Энэ нь ч монгол хүний бие махбодыг муутгасан шиг байгаа юм. Сүүлдээ үнэхээр болохгүй болоод, сэргээхээс аргагүй байдалд хүрсэн тэр цаг үетэй нь ардчилсан хувьсгал давхцсан. Ингээд 1990-ээд оноос уламжлалт эмнэлэг эргээд сэргэж эхэлсэн нь энэ цаг үеийнхний хувь ерөөл юм даа.

 

    -Өрнийн шинжлэх ухаан, дорнын гүн ухааны талаас өвчний тухай тайлбар, тодорхойлолтууд байдаг. Логикийн гэмээр тайлбарууд ч байна. “Өвчин бол эзэндээ гомдсон эсүүдийн ажил хаялт” гэх мэт. Та харин өвчнийг юу гэж тодорхойлох вэ?

-Өвчин мэдээж олон зүйлээс шалтгаалж байгаа. Олонхи хүн буруу зуршил, амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт гэх мэтээс үүсдэг л гээд байдаг. Гэтэл заримдаа огт тийм биш тохиолдол амьдралд бишгүй л таарч байна. Жишээлбэл, архи огт уудаггүй хэрнээ элэгний хорт хавдар тусч, тамхи огт татдаггүй хүн уушгины хорт хавдартай болдог ч юм уу. Зарим хүн насан туршдаа өвдөхгүй, сайхан өндөр насалж явахад, зарим нь төрөхдөө л өвчтэй төрж байна. Тэгэхээр өвчний учир шалтгааныг бид зөвхөн ганц энэ амьдралын, энэ төрлийнхөө дадал зуршлаас хайх нь учир дутагдалтай юм шиг. Магадгүй, үйлийн үр ч юм уу, нэлээд чинадын учир шалтгаанаас өвчин үүсч байх шиг. Үйлийн үрийг шууд ямар нэгэн тариа, эсвэл мэс засал хийгээд өөрчилчих боломжгүй шүү дээ.
Бидний нэлээд механик талдаа шүтэж ирсэн европ төвтэй анагаах ухаанд өөрийн гэсэн давуу талууд мэдээж бий. Гэхдээ өвчнийг философи талаас нь ч юм уу, эсвэл гүнзгий утга учир талаас нь харах юм бол түүний өмнө хүчин мөхөсдөхөөр байгаа юм. Өвчин гэдэг зүйл бидний мэдэх хийгээд мэдэхгүй, мэдэрдэг болоод мэдэрч чадахгүй, сэтгэн бодож ойлгох хэмжээнд болоод хэзээ ч ойлгож чадахгүй асар олон шалтгааны үрээс үүсдэг учраас эмчлэх арга нь ч олон талыг хамрах ёстой. Жишээлбэл, “Манба Дацан” эмнэлэгт орой болгон Манла бурханы тарни, бусад уншлага уншиж байна. Энэ бол зөвхөн сэтгэл засал биш, өвчний явж ирсэн зам, түүний цаана бидний өнөөх ойлгох хийгээд ойлгож чадахгүй байгаа зүйлсийг бас хөндөж байгаа хэрэг.

 

    -Уламжлалт анагаах ухааныг бурхан багш номлосон гэж үздэг. Зарим нь энэ өнцгөөс хараад, “Энэ бол шинжлэх ухаан биш” гэж үзэх хандлага илэрдэг. Та юу гэж боддог вэ?

-Шинжлэх ухаан, шашин хоёр олон зүйл дээр зөрчилддөг. Бидний нүдэнд шинжлэх ухаан илүү давамгай байр суурьтай болоод байгаа юм шиг харагдавч шашны номлол, шашны гүн ухаанд заавал нэг орон зай үлдээд байна шүү дээ. Энэ орон зай оргүй болтлоо хэзээ ч арчигдахгүй. Шинжлэх ухаан заавал бодитой нотолгоог шаарддаг. Жишээлбэл, “Энэ яг батлагдлаа” гэх юм бол шинжлэх ухаан түүнийг нь сая “За, энэ үнэн байна” гэж үздэг. Гэтэл амьдралд заавал баталж нотлохгүйгээр таньж мэдэж болдог үнэн гэж бас бий. Зарим үнэнийг барин тавин нотлох боломжгүй ч, гарцаагүй үнэн гэдгийг нь бид мэдээд байдаг шүү дээ. Тэр нь төрөлх мэдрэмж, жам ёс, хүний өөрийнх нь мөн чанартай холбоотой зүйл юм. Жишээлбэл, хүн муу зүйл хийх ёсгүй гэдгийг заавал амьдрал дээр баталж нотолчихоод дараа нь муу юм хийхгүй болно гэвэл энэ нь маш бурангуй ойлголт болно шүү дээ. Гэтэл муу зүйл хийх ёсгүй гэдэг бодол төрөлхөөсөө хүний ухамсарт суучихсан байдаг. Хулгай хийж амьдрахаас өөр аргагүй болсон хүн ч гэсэн хулгай хийж байхдаа буруу зүйл хийж байна гэдгээ дотроо ухамсарлаж байдаг. Ийм мөн чанар руу илүү хандсан эмчилгээ учраас уламжлалт анагаах ухаанд маш том давуу тал байх шиг байна.
Заавал эхлээд хулгана, дараа нь мэлхий алж, сүүлд нь ядуу буурай орнуудад туршиж байж эмчилгээнд ашиглаж байгаа эм бол өөрөө үйлийн үрийн төлөөс ихтэй, харгис бүтээгдэхүүн юм. Гэтэл тухайн хүний амьдарч байгаа уул ус, газраас ургасан ургамал нь анагаах үр дүнтэйг мэдээд түүгээрээ эм хийж байна гэдэг бол илүү цөвгүй, илүү ариун, үр дүн нь ч эерэг. Хүнлэг, энэрэнгүй замаар эмчилгээ хийх, харгис замаар эмчилгээ хийх хоёрын аль нь тэр хүндээ үйлийн үрийнх нь түвшинд илүү үр дүнтэй болж очих вэ гээд бодоход ч гэсэн уламжлалт анагаах ухаан хавьгүй итгэл үнэмшилтэй санагддаг болсон.

 

     -Уран бүтээлч хүмүүс, оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс хийн хямралаар өвдөх нь элбэг байдаг. Та энэ талаар хэр ойлголт, мэдээлэлтэй вэ?

-Уншсан, сонссон зүйл жаахан бий. Хүний биед хий, шар, бадгана гурвын баланс тэнцвэртэй байх ёстой. Угаасаа энэ ертөнц өөрөө дисбаланст орохоороо л болохоо больчихдог шүү дээ. Олон улсын харилцаа ч гэсэн балансаа алдахаар дайн болтлоо самуурдаг. Түүнтэй адилхан, сэтгэл ч гэсэн элдвийн явдалд хямардаг. Гай зовлон тохиолдсон ч, баяртай явдал тохиолдсон ч тэнцвэрээ алдахгүй байж чадвал хүний сэтгэлд хир буртаг суухгүй. Бид тийм байж чаддаггүй болохоороо өвддөг, биед ч сэтгэлд ч өвчин үүсдэг. Үүнийг хий, шар, бадгана талаас нь тайлбарладаг ойлголт европ анагаах ухаанд байдаггүй. Европ анагаах ухаанд хүн болгон ижилхэн юм шиг, хүн болгон цусны даралт ойролцоо байх ёстой юм шиг боддог. Гэтэл хүн болгон давтагдашгүй. Тэр давтагдашгүй рүү чиглэсэн эмчилгээ бол уламжлалт анагаах ухаан гэж ойлгож явдаг даа.

    -Оройтож ажиллах, хонуутаар ажиллах нь уран бүтээлчдийн хувьд хэвийн болчихсон зүйл гэж хэлж болох байх. Тэр тоолондоо хүн нөхөж дийлшгүйгээр эрүүл мэндээ хохироож байдаг. Бид оюуны өндөр чадвартай олон сайхан хүнээ цагаас нь эрт ийм шалтгаанаар алдсан байх даа гэсэн бодол хааяа төрдөг юм?

-Уран бүтээл гэдэг бас хачин зүйл л дээ. Жишээлбэл, бүх зүйл дээр дэглэм сахиад явах юм бол уран бүтээл төрөхгүй байх магадлалтай. Яагаад гэхээр уран бүтээл гэдэг өөрөө хэвийн оюун санаа, хэвийн нөхцөл, тайван байгаа үед гардаг зүйл биш шүү дээ. Асар их сэтгэл хөдлөл юм уу эсвэл сэтгэлийн асар их эрчим хүч, эсвэл оюун санааны маш их тэсрэлт болж байж уран бүтээл гардаг. Хэвийн, уран бүтээлч биш хүмүүс нь 90 хувьд байлаа гэхэд тэрхүү 90 хувийн мөрдөж чадах зүйлийг 10 хувийн уран бүтээлчдээс шаардах нь бас уран бүтээлд халтай. Наад захын жишээ хэлэхэд, “Rock 27 club” гэж байдаг шүү дээ. 27 хүрээд л үхчихсэн рок хөгжимчид. 27 гэдэг чинь хүний хувьд маш залуу нас. Хэр баргийн хүн 27 насандаа амьдралыг ойлгоо ч үгүй явж байдаг. Гэтэл 27-тойдоо хийх ёстой зүйлээ бүгдийг нь хийж гүйцээд нас барчихсан яруу найрагчид болоод рок хөгжимчид маш олон бий. Тэгэхээр уран бүтээл, түүний мөн чанар гэж юу юм бэ, хүний зөв амьдрах хэв дадал гэж юу вэ гэдэг нь хоёр тусдаа ойлголт. Аливаа уран бүтээл тодорхой золиос шаарддагийг мэдрэх нь мунхаг ч юм бас биш. Хүн 27 нас хүртлээ биеийнхээ хамаг энергийг шатааж дуусахгүй байх ёстой, энергээ алгуурхан зарцуулаад 80 нас хүрэх ёстой гэвэл тухайн хүнээс тэсрэлт гарах уу үгүй юү? Тэсрэлт гарахгүй бол тийм уран бүтээл хүн төрөлхтөнд үлдэх үү, үгүй юү? Эмч нарын нүдээр харахад буруу хэв маягаар амьдарч байгаа боловч тухайн уран бүтээлчийн онгод бүтээлийн тэсрэлтэд өдөөлт болж байгаа бол түүнийг нь бас үгүйсгэж болохгүй.

 

    -Хийн тухай ойлголт гэснээс, монголчууд хийрхэл гэж ярьдаг даа. Энэ манай нийгмийн нэг бодит өвчин болчихлоо. Гэхдээ нийгэм өөрөө үүнийг өвчин гэж харахгүй байгаа нь хэр аюултай вэ?

-Бид аливаад эрүүл саруулаар хандахын тулд дээр өгүүлсэнчлэн балансыг барих хэрэгтэй. Нийгэм улс төрд ч гэсэн адилхан. Нэг тийшээ хэлбийж, нөгөө тийшээ туйлшралгүйгээр балансаа барьж чадах юм бол манай нийгмийн уур амьсгал илүү эрүүл болно. Сүүлийн 5-10 жилд монголчууд сошиал орчинд илэрхий донтчихлоо. Үүнээс гадуур үлдсэн хүн байна уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Тэгээд хүмүүсийн нийгмийн сүлжээгээр бие биедээ гаргаж байгаа зан аашийг харахаар бүр их хачин, монголчуудад өмнө нь огт ажиглагдаж байгаагүй хандлагууд зонхилж байна. Нэг хүний жаахан үйлдэл нөгөө хүнд шууд хэрүүлийн шалтаг болж хүрэх жишээний. Ерөөсөө ойлголцол байхгүй. Уг нь бид чинь ойлголцоод шийдэлд хүрэх гээд явж байгаа биз дээ. Тиймээс шийдлээсээ өмнө юутай ч эхлээд ойлголцож байвал, зөв шийдэлд хүрнэ.

 

    -Ярилцсанд баярлалаа.

 

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн