Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгч, өндөр настан Ж.Дондилдуламтай ярилцлаа. Тэрбээр Дорнод аймгаас Манба Дацан эмнэлгийг зорьж ирсэн юм.

-Та орон нутгаас Манба Дацан эмнэлгийг зорьж иржээ. Энэ эмнэлгээр өмнө нь үйлчлүүлж байсан уу?

-Эмээ нь Дорнод аймгаас ирж эмчлүүлж байна. Зурагт, сонин хэвлэл, хүмүүсийн амнаас Манба Дацан эмнэлгийн Зөвлөх оточ, Хамба лам Д.Нацагдоржийн тухай, энэ эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний талаар олон зүйлийг сонсож байсан. Тэгээд охиндоо энэ эмнэлгийн тухай хэлээд, Д.Нацагдорж хамбад л очиж үзүүлэх юмсан гэсээр ирж үзүүлсэн. Эхэндээ жирийн бидэн шиг хүмүүсийг хүлээж авдаг юм болов уу гэж бодож билээ. Тэгэхэд охин маань Манба Дацан эмнэлэгт орон нутгийн хүмүүс их үзүүлдэг, гадаад дотоодоос ч хүмүүс ирж үзүүлдэг юм байна лээ, таныг үзэлгүй яахав ээ гэсэн юм. /Инээв/ Тэгээд Манба Дацан эмнэлэгт ирж Хамбадаа үзүүлээд эм залж аваад гэртээ сар уучихаад ер нь эмнэлэгт хэвтэе гэж шийдсэн. Нутгийнхан маань хэвтэж эмчлүүлээд ёстой сайхан болж бие илааршлаа, нэг хэвтээд эмчлүүлсэн байхад хөгшин настай бидэн шиг хүмүүс жилдээ ядарч сульдалгүй тамир тэнхээтэй болдог  гэж ярьцгааж байсан. Тэгээд л дахин зориод ирлээ дээ.

-Үнэхээр их хүлээлттэй иржээ. Таныг хүлээлтийг давж байна уу. Эмчилгээ, үйлчилгээ нь танд ямар санагдаж байна?

-Тэгэлгүй яахав ээ, сонссон бүхэн минь үнэн юм байна. Үнэхээр сайхан эмчилгээтэй газар байна. Эмч охиндоо дасаад, эмчлүүлэгсдийнхээ төлөө гэсэн чин сэтгэлд нь талархаж сууна. Ирсэн өдрөөсөө л бие амарч, сайхан болж байна. Хамгийн гол нь Манба Дацан эмнэлгийн эмч, ажилчид нь хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй, үр хүүхэд шиг минь анхаарал халамж тавьж байгаад бахархалтай байна. Харахад залуухан эмч нар байгаа ч үнэхээр чадвартай, мундаг эмч нар байна. Судсаар оношлоод яг л миний биеийн байдлыг хэлж байна. Уламжлалтын сайхан сайхан эмчилгээг эмч нар маань өөрсдөө гардан хийж байна. Монгол анагаах ухааны эмчилгээг таньж мэдээд үнэхээр сэтгэл хангалуун байна.

-Та уламжлалт анагаах ухааны талаар хэр сайн мэдэх вэ. Уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээний талаар та юу хэлэх вэ?

Хүмүүс ардын эмчилгээг хатуу ширүүн гэсэн ойлголттой байдаг. Үгүй юм байна. Уламжлалт анагаах ухааны эм танг мэргэжлийн эмчийн заавраар тууштай ууж хэрэглэвэл биед ямар ч сөрөг нөлөөгүй, өвчнийг эмчлэхийн зэрэгцээ тамир тэнхээ тэтгэдэг гэдэг юм билээ. Дээрээс нь энэ уламжлалт анагаах ухааны эмч нар их хүнлэг хүмүүс байдаг юм байна. Өвдсөн хүнд эмч сувилагчдын хандлага, харьцаа, орчин нөхцөл  чухал шүү дээ. Тэр ч утгаараа хүний сэтгэлийг өргөж, дэмжиж, эмчилдэг нь уламжлалт анагаах ухааны эмч нарын хамгийн том давуу тал нь гэж бодож байна. Хөгшид маань сувилалаар их явах дуртай. Би ч бас олон газраар явж, хүүхдүүдийнхээ мөнгийг дэмий үрж байсан юм байна. Тав тухтай сайхан эмнэлэгт ирж хэвтэж эмчлүүлээд бие маань ч сайхан боллоо.

-Манба Дацан эмнэлэг орой бүр эрүүл мэндийн Манла бурханы тарни ном уншиж, эмчлүүлэгсдээ даатгадаг. Та уншлагад сууж үзэв үү?

-Уншлагадаа өдөр бүр ордог. Үнэхээр сайхан гэж жигтэйхэн. Эмч, сувилагч, дадлага хийж буй оюутнууд нь бүгд цуглаад уншдаг юм. Хажууд Манба Дацан хийдтэй. Лам нар орж ирээд засал номыг нь хийгээд өгчихнө. Үнэхээр бүх юм нь цогц. Эмээ нь эмнэлгийнхээ журмыг дагаад гаднаас хоол унд авахгүй байгаа. Ерөөсөө энэ эмнэлэгт гаднаас илүү дутуу юмны хэрэггүй. Бүх зүйлээ дотроос нь хангаад өгдөг юм байна. Эмнэлэг бүхэн эмч бүхэн ийм байгаасай л гэж хүсье.

-Ярилцсанд баярлалаа, танд эрүүл энхийг хүсье.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

 

 

 

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн