Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Оточ Манрамба Их Сургуулийн 2001 оны төгсөгч, “Сэрдог арур” эмнэлгийн захирал, УАУ-ы их эмч З.Оригийг урьж ярилцлаа. Тэрбээр Уламжлалт анагаах ухааны сонгодог гурван зохиолын нэг алдарт “Манаг Ринчен Жунай” зохиолыг төвөд хэлнээс Монгол хэлнээ хөрвүүлсэн билээ.

-Юуны өмнө энэхүү зохиолыг яагаад орчуулах болов, зохиолын тухай ярьж өгөхгүй юу?
-Эмчилгээ талаасаа Сүмбэ ханбо Ишбалжирын “Дөрвөн рашаан”, эмийн найрлагын талаасаа Миндол Номун хаан Жамбалчойжиданзанпэрэнлэйн “Манаг Ринчэн Жунай”, эмийн түүхий эдийн талаасаа Найман тойн Жамбалдоржийн “Зэцар мигжан” зохиолыг Уламжлалт анагаах ухааны сонгодог гурван зохиол гэж үзэн Өвөрмонголчууд оруулсан байдаг. “Манаг ринчэн жунай” зохиол нь хамгийн их эмийн найрлага агуулсан гэж үзэх боловч, нөгөө талаасаа энэ нь эмчилгээ буюу увдисын үндэсийн тайлбар зохиол юм шүү дээ. Тиймдээ ч зохиолын товч нэр нь “Увдисын эрдэнэ гарахын орон” буюу “Увдисын далай” юм. Өөрөөсөө өмнөх үеийн бүхий л гол зохиолуудыг шүүн үзэж, амьдралд хэрэгжүүлэн, увдис болгон хураасан зохиол юм. Маш их мэдлэг, мэдээллийг хураан хойч үедээ үлдээсэн. Орчуулагчаас маш их чимхлүүр ажил шаардсан. Одоогоос 11 жилийн өмнө буюу 2008 онд БСШУ-ы Сайд байсан А.Цанжид гуай, Ш.Чоймаа багш хоёр Монгол маарамбуудын төвөдөөр бичсэн зохиолуудыг монгол хэлнээ хөрвүүлэх төсөл хэрэгжүүлсэн юм.
Үргэлжлэл нь III, VII нүүрт Төвөд хэл үздэг уламжлалт анагаах ухааны эмч нар л үүнийг хөрвүүлэх боломжтой. Энэ төслийн хүрээнд орчуулсан зохиолууд маань хэвлэгдэн гарах байсан ч 10 жил хүлээсэн. Хүний нас түм бум биш шүү дээ. Үүнээс удаан хүлээх боломжгүй. Тиймээс өөрийн хүч хөдөлмөрөө зарцуулан орчуулсан энэ зохиолоо хэвлүүлэн гаргахаар шийдсэн. Хэвлүүлэхээсээ өмнө олон хүний санаа оноог сонсож байж гаргасан. Гаргах зайлшгүй шалтгаан байсан юм.
-Энэ зохиолыг орчуулахад хичнээн жил зарцуулж, хичнээн ном зохиол шүүж лавласан бэ?
-Үндсэндээ төсөл зарлагдсанаас хойш 7 жилийн дараа буюу 2015 онд орчуулж дуусгасан боловч, алдаа мадаг гаргахгүйг хичээн дахин дахин хянаж суусаар 3 жилийг нэмж ардаа орхисон. Нийтдээ арван жил болсон. Арав, хорин удаа уншсан байх. Ажил дээрээ шөнө орой болтол сууж хийдэг, гэрээс ном зөөсөөр байгаад бараг 40, 50 ном авчирсан байсан. Эдгээр нь гарын дор байнга ашигладаг номын тоо. Гэрт байгаа уламжлалт анагаах ухааны төвөд хэлээр бичсэн 90 боть ном, дээрээс нь хааяахан хэрэглэдэг ч өмнө нь гарсан бүхий л орчуулгын ном зохиолуудыг ашигласан. Багаар бодоход нийтдээ 150 гаран номыг лавлагаа болгосон. Эдгээр номын бараг 80 хувийг нь оюутан байхдаа, ажилгүй байхдаа л худалдаж авсан номнууд байсан. Хэзээ хэрэг нь гарах, үгүй нь мэдэгдэхгүй тэр олон номны хэрэг энд л гарсан даа. Тиймгүй бол ингэж орчуулж чадахгүй. Учир нь буруу орчуулчихвий гэж эмээн бараг л үг болгоныг тольдсон доо. Би төвөд хэл сайн мэддэг гэж орчуулаагүй, хожмоо олон түмэнд хорлол болохвий гэж эмээн үг болгонтой нь зууралдаж орчуулсан юм шүү. Мөн төвөд хэл суралцаж буй оюутан, эмч нарт их хэрэг болно гэж орчуулсан. Энэ ном нь тэр чигээрээ увдисын далай юм шүү дээ. Энэ дашрамд, номыг минь ариутган шүүсэн Хамба багш болон С.Сээсрэгдорж багш хоёртоо чин сэтгэлийн талархалаа илэрхийлж байна. Энэхүү хоёр багшийнхаа хүчинд дулдуйдан номоо орчуулж гаргасан. Хоёр багш минь урт удаан насалж, шавь биднийхээ оюуны мэлмийг цаг үргэлжид мялааж байхыг хүсэн ерөөж байна.
-Номоо орчуулж байхдаа бурханы сургаал, анагаах ухаан хоёр нэг мөн чанартай гэдгийг үзлээ гэж та бичсэн байсан. Энэ талаар тодруулан ярихгүй юу?
-Би ганжуур, данжуурыг бурханы сургаалын эмхэтгэл гэж ойлгодог. “Манаг ринчэн жунай” зохиолд данжуурт буй Пахолын “Янлаг жадва”, “Рандэл”, Хачийн бандида Даваа-Онгаагийн “Дасэр” тэргүүтэн, мөн таван ухаанд мэргэшсэн бандида, егүзэр, оточ эрдэмтдийн зохиолуудаас ишлэл авсан нь тоймгүй их байдаг. Гүрэм засал, зурхай, илт нэр, дамжлагын увдисууд ч маш их байдаг юм. Хэрэв би буддын ухааны талаар суурь мэдлэггүй байсан бол энэ зохиолыг орчуулна гэж ер байхгүй. Үнэндээ боломж ч үгүй. Энэ талаарх суурь мэдлэгийг Оточ Манрамба Их Сургууль сайн олгосны ачаар орчуулгын ард гарсан даа.
-Өвөрмонголын орчуулгатай харьцуулвал, энэ номыг үзсэнээр оюутан, эмч нарт ямар ач холбогдолтой вэ?
-Энэ зохиолыг орчуулж байхдаа мэдээж урд гарсан зохиолуудыг үзсэн. Өвөр Монголд гарсан хоёр орчуулга бий. Эхнийх нь 1978 онд “Эрдэнийн сан” нэрээр, хоёр дахь нь “Увдисын далай” нэрээр, 2014 онд хоёр дэвтэр болгон гаргасан. Орчуулж байх явцад хүнд үг үгүүлбэрийг харьцуулж үзсэн. Гэтэл ихэнхидээ уг орчуулгуудад байхгүй байсан. Тэр байтугай тарни, увдист аргуудын ихэнхи нь байгаагүй. Би товчхон хэлье. Өвөр Монгол дахь орчуулгууд нь “Увдисын далай” бус “Жорын далай” юм. Увдисуудыг нь орчуулагчид нь хураачихсан юм. Энэ нь Бурханы сургаал, уламжлалт анагаах ухаан хоёрыг салгаж ойлгосны уршиг болов уу хэмээн үзэж байна. Магадгүй цагийн аяс ч байж болох юм. Номтой юмыг номоор нь үзэх нь жам ёс юм. Бид анагаах ухаанд суралцаж байгаа ч суурь нь бурханы сургаал юм. Бид хүн эмчлэн буян хурааж байгаа ч бидний хүрэх газар бурханы хутаг юм. орчуулсан ном минь огт алдаагүй гэхгүй ч чадлаараа хичээснийг минь үзэх болно. Үзсэн номынхоо цар хүрээг тэлэх хэрэгтэй. Үг, утга хоёрыг барьж орчуулсан тул хадмалдаж үзвэл доор нь орчуулсан тэр үг нь яг байгаа. Эмчилгээний ур чадварыг сайжруулах боломж бүр их байгаа. Наанадаж орчуулга, эмчилгээ хоёрт сайжирч өөрийн хэргийг бүтээх, цаанадаж уламжлалт анагаах ухаанд хувь нэмрээ оруулж, өрөөл бусдын тусыг бүтээх болно.
-Цаашид ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Одоогоор Миндол номун хааны шавь Жамбалзундуйн “Гожа дэмиг”, ”Ринчэн дэмиг”, ”Норву дэмиг”, ”Прүлжи дэмиг” гэсэн дөрвөн түлхүүр зохиол дээр ажиллаж байна. Энэ нь “Манаг ринчэн жунай” буюу “Увдисын эрдэнэ гарахын орон” зохиолын түлхүүр тайлбар юм. Өвөр Монголд 2010 онд “Увдисын далайн дөрвөн түлхүүр” гэсэн нэрээр гарсан байдаг. Би энэ зохиолоо 2015-2016 онд орчуулж дуусгасан ч удахгүй хэвлэлтэнд өгөхөөр бэлдэж байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны номын цагаан үйлс арван зүгтээ дэлгэрэх болтугай. 

Эх сурвалж: “Уламжлалт анагаах ухаан” сонин 2019 он №02 /56/

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн