ШУ-ы доктор, профессор, туйл судлаач, Антарктид судлалын төвийн захирал, Элчин сайд асан Л.Дүгэржав гуайтай ярилцлаа. Тэрбээр Монгол улсад Антарктид судлалын төв байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Антарктид тивд ээлжит судалгааны ажилд оролцохоор явах гэж байгаа юм.

-Та Антрактид тивд судалгааны ажил хийхээр явах гэж байгаа. Энэ удаагийн судалгааны ажлынхаа талаар ярихгүй. Ер нь Монгол улсын туйл судлалын ажил ямар түвшинд явж байгаа вэ?
-Манай ШУТИС дээр Антарктид судлалын төв гэж бий. Мөн “Антарктидийн нийгэмлэг” төрийн бус байгууллага гэж байдаг. Антарктид судлалын төв байгуулагдаад 10 жил болж байна. Энэ хугацаанд 10 удаагийн экспедицид оролцсон. 2008 онд Антарктид руу анхны монгол хүнийг явуулж Болгарын экспидицийнхэнтэй ажиллуулсан. Түүнээс хойш манай төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс тэнд ажилласан. Цаг уурчид, геологичид, инженерүүд, далай судлаачид гээд 10 гаран монгол хүн судалгааны ажилд оролцжээ. Болгарын экспедицээс гадна олон улсын судалгааны багуудтай хамтарч ажилласан. АНУ-ын судлаачидтай хамтарч 2013 оны 1-р сарын 8-ны өдөр өмнөд туйлд хүрч, Монгол улсынхаа төрийн далбааг мандуулсан. Үүнээс гадна Японы экспедицийн бүрэлдэхүүнд манай геологичид орж ажиллаж байгаа. Манай уулчдаас Транс Антарктидын уулсын Винсон Массиф оргил дээр “Үүргэвчтэй аялал”-ын Ганхүү 2013 онд, Гавъяат уулчин Б.Гангаамаа өнгөрсөн жил гарсан. Тэгэхээр манай төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс Антарктид судлалын ажлаар явдаг болсон гэж хэлж болно. 2015 онд Монгол улс Олон улсын Антарктидийн конвенцийн 53 дахь гишүүн орон болж элссэнээр бие даан судалгааны ажил хийх зорилго тавьж байгаа. Антарктид тивийн Ливингстоны арал дээр Чингис хааны нэрэмжит Монголын Антарктид судлалын бааз байгуулагдаж байгаа. Энэ ажлыг Болгаруудтай хамтарч хийж байгаа бөгөөд одоо бааз барих ажлыг үргэлжлүүлэхээр явж байгаа минь энэ юм. Өнгөрсөн жил бааз дээрээ цаг уурын автомат станц суурилуулсан, одоо интернэтийн суваг оруулж байгаа. Манай сургууль дээр антарктид судлалын лаборатори байгуулагдаж байна. Ингэснээр өдөрт 24 удаа антарктидийн цаг уурын талаарх мэдээллийг авах боломжтой болох юм.
-Та хэзээнээс туйл судлалын ажилд оролцох болов. Таны мэргэжил туйл судлаач уу?
-Би газрын тосны инженер мэргэжилтэй хүн. Болгар улсад 1982 онд газрын тосны өрөмдлөг олборлолтын ин-женер мэргэжлээр төгсөж ирээд Монголд геологийн байгуул-лагуудад ажиллаад, 1986 онд одоогийн ШУТИС, тэр үеийн Политехникийн Их сургуульд багшилсан. 1991 онд Болгарын Уул геологийн Их сургуульд “Монгол орны цэвдэгийн доорх усны судалгаа” сэдвээр Дэд эрдэмтний зэрэг хамгаалсан юм. Цэвдэг судлал гэдэг манай дэлхийн хоёр туйлын судалгааны ажлын нэг хэсэг л дээ. 2000-2004 онд Болгарын шинжлэх ухааны академид ажиллаж байх үедээ Болгарын туйл суд-лаачидтай хамтарч ажиллах боломж нээгдсэн. Монгол орны газар нутгаар манай дэлхийн хойд талын цэвдэгийн хамгийн урд хил өнгөрдөг. Энэ хил глобал цаг уурын өөрчлөлтөөс хамаараад жил болгон хойшилж өөрчлөгдөж байгаа. Өмнөд болон хойд туйлын, дэлхийн глобал цаг уурын өөрчлөлт монгол орны цаг уурын өөрчлөлтөд, тэр тусмаа цэвдэгийн хилийн өөрчлөлтөд нөлөөтэй. Тиймээс Болгар нөхөд маань надад хамтарч ажиллах санал тавиад 2008 оноос ажиллаж байгаа юм.
-Антарктидад ажиллах хү-мүүсд ямар шаардлага тавь-даг вэ?
-Антарктидад цоо эрүүл хүн очих ёстой. Мэдээж шинэ орчинд орж байгаа учраас хүний организмд өөрчлөлт гарна. Шүдний өвчтэй хүн очвол хүчилтөрөгчийн вакум орчинд хэрэв өвдөх л юм бол бактер нь маш хурдацтай хорт хавдар мэт болж өсөж үрждэг. Тэнд очдог хүмүүс эрүүл мэндийн даатгалд хамрагддаг. Антарктидад амьд-рах орчны судалгааг байнга хийдэг. Өмнөд далайд байгаа хоол хүнсийг тэнд ашиглах тухай судалгааг ч мөн байнга хийдэг.
-Антарктидын эрэг хавиар цэцэгт ургамал ургадаг та-лаар сонсч байсан. Ямар ч микробгүй цэвэр орчинд ургаж буй тэр ургамал эмийн түүхий эд болох боломжтой юу. Энэ талаар судалсан зүйл байдаг уу?
-Эрэг хавиар хаг ургаж байгаа. Хадан дээр хаг ургаад яг тохиромжтой нөхцөлд цэцэг-лэнэ. Антарктидын хаг хэдэн зуун жилийн настай байдаг юм билээ. Түүний дээжийг би Монголд авчирсан, Эрдэс баялагийн түүхийн музейд бий. Бас манай ШУТИС-ийн музейд байгаа. Тэр хагт өвсний талаар судалгааны материал бий. Гэхдээ үр дүнтэй нь хараахан сайн танилцаагүй юм байна.
-Та Монгол улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад Суу-гаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар ажиллаж байсан. Одоо энэ ажлаа өгөөд туйл судлалын судалгаа дээрээ голчлон ажил-лаж байна уу?
-Би 2013-2017 оны хооронд Монгол улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Эл-чин сайдаар дөрвөн жил ажилласан. Энэ ажил маань Болгар-Монголын хоорондын харилцааны асуудлаас гадна Антарктид судлалын ажлыг цаашид эрчимтэй хөгжүүлэх боломжийг олгосон. Яагаад гэвэл Антарктид судлалын ажил бол Монгол улсын гадаад харилцааны салшгүй хэсэг юм. Олон улсын Антарктидийн конвенцийн гишүүнээр элсэнэ гэдэг гадаад харилцааны чухал асуудал. Элчин сайдаар ажиллах хугацаанд энэ ажил амжилттай үргэлжилсэн.
-Антарктид судлалын ажлаас гадна Монгол-Болгарын соёлын болон бусад харилцаан дээр маш их дэв-шил гаргасан байх?
-Монгол-Болгар хоёр улс 1950 онд дипломат харилцаа тогтоосон. 2020 онд Дипломат харилцаа тогтосны 70 жилийн ой болох юм. Ер нь зүүн Европын хуучин социолист орнуудаас монголчуудад хамгийн ойрхон байсан улсуудын нэг нь Болгар юм. Үүнд нэлээд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, Болгарчууд өөрсдийгөө Төв Азиас гаралтай, гарал үүсэл нэгтэй гэж үздэг. Хоёрдугаарт, Болгарчуудын зохиосон крилл үсгийн цагаан толгойг манай улс хэрэглэдэг. Тэгэхээр соёлын нэг өвийг хэрэглэж байгаа нь биднийг ойртуулах нэг шалтгаан болдог. Социализмын үед Болгарт Монголоос олон хүн сурч мэргэжил эзэмшсэн. 800 гаруй оюутан, 100 гаруй докторантууд суралцаж, 5000 орчим хүмүүс мэргэжил дээшлүүлж, нарийн мэргэжил эзэмшсэн байдаг. Монгол улсад орчин үеийн олимпийн төрлийн спортыг бий болгоход хамгийн түрүүнд Болгарчууд тусласан байдаг. 1962 онд Болгарт Монголын чөлөөтийнхөн бэлтгэл хийж, тэнд анхны шинжлэх ухааны үндэслэлтэйгээр спортыг сурал-цаж, анхны чөлөөт бөхийн дасгалжуулагчид суралцаж, 1962 оны Токиогийн олимпид оролцож эхэлсэн түүхтэй. 1968 онд Мехикогийн олимпид оролцож анхны медалуудыг авч байсан нь Болгарын школын үр дүн гэж үзэж болно. Одоогийн байдлаар Болгарт 50 гаруй монгол оюутнууд суралцаж байна. Олон хүмүүс эрдмийн зэрэг цол хамгаалсан. Яагаад гэвэл Болгар бол Европын холбооны гишүүн орон учраас Европын стандартын дагуу сургалт явагдаж байгаа. Манба Дацан төв, Оточ Манрамба Их сургууль Болгарын Русэ хот дахь Медика кор эмнэлгийн эрдэмтэн багш, эмч нартай хамтын ажиллагаатай, тэдний хоёр профессор багш 2016 онд Оточ Манрамба Их Сургуулийн Хүндэт доктор болж байсан. Хамтын ажиллагааны хүрээнд Медика кор эмнэлгээс физик эмчилгээний хоёр эмч Манба Дацан эмнэлэг дээр туршлага солилцож, хамтран ажиллахаар ирээд байгаа. Мөн он гараад Манба Дацан эмнэлгээс хоёр эмч Болгарт очиж ажиллаж, суралцах гэрээ бий. Энэ мэтчилэн Болгар-Монголын хооронд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа өрнөж байна.
-Болгарын байгалийн онцлог бүтцээс шалтгаалаад нөхөн сэргээх эмчилгээ их хөгжсөн байдаг гэсэн. Монголын уламжлалт анагаах ухаантай уялдаж ажиллах сонирхолтой байдаг юм болов уу. Болгарын ард түмэн уламжлалт анагаах ухааныг хэр сонирхдог, эмчлүүлдэг вэ?
-Болгарт рашаан эмчилгээ их түгээмэл байдаг. Болгарын Родопийн уулсад халуун рашаан ихтэй. Усны эмчилгээгээрээ алдартай. Зуны улиралд хар далайн усанд орж эрүүлждэг, өвөл халуун рашаанд их ордог. Ихэнх зочид буудалд спа буюу усан эмчилгээг хийдэг. Манба Дацан эмнэлэгтэй хамтын ажиллагаатай байдаг “Медика кор” эмнэлэг Родопийн уулсад байдаг. “Медика кор” эмнэлгийн “Наречен” рашаан сувилал ардын уламжлалт усан болон бариа заслын эмчилгээг хийдэг. Гэхдээ тэд өөрийн онцлогтой. Тиймээс Монголын уламжлалт эмчилгээг Европт нэвтрүүлэх сонирхол их байдаг. Учир нь манай Монгол эмч нар Европт тэр тусмаа Польшид уламжлалт анагаах ухааныг түгээж ажиллаад эхэлсэн, үүнийг мэддэг болчихсон. 1990-ээд оны үед Болгараас эмч нар ирж уламжлалт эмчилгээг бас сурч байсан. Д.Нацагдорж хамба лам 2016 онд Болгарт айлчилж, Монголын уламжлалт эмчилгээний асуудлаар тодор-хой яриа хэлцэл хийсний дагуу ажил үргэлжлээд явж байгаа. Тэгэхээр Монголын уламжлалт анагаах ухааны салбарыг Болгарт, тэр тусмаа Русед байгуулах эхний алхамууд хийгдсэн гэсэн үг.
-Болгарт уламжлалтын эмч нар хэр их байдаг бол?
-Манба Дацан эмнэлгээс эмч нар очиж ажиллана гэсэн гэрээ хэлцэл хийгдсэн. Энэ нь цаашдаа Монгол эмч нарыг Болгарт ажиллах нөхцөл боломжийг нээж өгөх байх. Монгол эмч нар Болгарт ажиллаж эхэлвэл Монголын уламжлалт эмийг бас ашиглах шаардлага гарна. Монголоос эмийг экспортлох асуудал бас бий. Үүнийг ойрын жилүүдэд шийдвэрлэх боломжтой байх. Ингэснээр Болгарт төдийгүй Европт орхигдсон эмийн бус эмчилгээ сэргэнэ. Ер нь уламжлалт анагаах ухааныг, эмийн бус эмчилгээг Европчууд сонирхож байна. Болгарт Төвөд, Энэтхэг, Хятад эмч нар ажилладаг.
-Софи хотод 10 мянга орчим буддын шашинтнууд байдаг гэсэн. Ер нь Европын ард иргэд буддын шашныг их сонирхдог болжээ?
-Тиймээ, Софи хотод л гэхэд 10 орчим мянган буддын шашинтнууд байдаг. Тэд намайг Элчин сайдаар ажиллаж байхад Хамба лам Д.Нацагдоржийг урих саналыг тавьдаг байсан. Хамба ламд тэдгээр хүмүүсийн санал хүсэлтийг уламжилсанаар анх уулзаж, танилцаж байсан. Би гэлтгүй дэлхий сонирхдог хүн шүү дээ. Хамба лам Д.Нацагдорж Болгарчуудын хүсэлтээр тэдэнтэй уулзаж, лекц тавьсанаас гадна Болгар дахь Монголын Элчин сайдын яаманд байрлах Соёлын төвийн нээлтэд оролцсон. Тэрхүү Соёлын төвд Болгарын нутгаас олдсон 13-р зууны үед бүтээгдсэн бурхан шашны эд өлгийн зүйлсийг Болгарын сайн санаат хүмүүс цуглуулгаасаа хандивласан байгаа. Тэдгээр бурхад, эд өлгийн зүйлсийг Хамба лам Д.Нацагдорж шүнжиглэж өгсөн. Соёлын төв бол Софид байдаг буддын шашинтнуудын очих дуртай газруудын нэг.
-Та уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлж байсан уу. Уламжлалт анагаах ухааны онцлог давуу талыг юу гэж боддог вэ?
-Уламжлалт анагаах ухаанд өөрийн гэсэн давуу тал, дутагдалтай тал бий. Өрнийн анагаах ухаанд ч бас давуу болон дутагдалтай тал байгаа. Энэ хоёр анагаах ухаан аль аль нь нэг нэгнийгээ нөхөөд явах боломжтой. Хүн бол байгалийн бүтээгдэхүүн. Зөв хооллож, зөв сэтгэж, зөв амьдарч чадаж байгаа хүнд уламжлалт анагаах ухаан илүү ойр дотно байх ёстой гэж боддог. Хүний оюун ухаан, сэтгэл санаа, биеийг эмчлэхэд байгалийн бүтээгдэхүүнийх нь хувьд уламжлалт анагаах ухаан давуу байдаг. Миний хувьд Өрнийн анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг авахаас гадна Уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт ирж эмчлүүлдэг хүн.
-Европчууд эрүүл мэнддээ хэр анхаардаг хүмүүс вэ?
-Европ хүмүүсийн дундаж наслалт 70 нэлээд гараад явчихсан. Европчуудын онцлог бол өөрийнхөө эрүүл мэндэд хамгийн их анхаардаг. Мэдээж ажиллах, амьдрах орчин нөхцөл биднээс давуу байх нөхцөл бий. Гэхдээ эрүүл мэндээ нэг номерт тавьдаг хүмүүс. Болгар Европын холбооны улс учраас эрүүл мэндийн салбарт тавих стандартууд нь нэг байдаг.

-Ярилцсанд баярлалаа.
Таны Антарктид судлалын ажилд амжилт хүсье.

 

 

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн