Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос…

Монгол оронд Бурханы шашин дэлгэрсэн хөгжлийн үе шатыг эхэн (XI зуунаас өмнөх), дунд (XII-XIV зуун), хожуу (XV-зуунаас хойш) үеийн дэлгэрэлт хэмээн гурван үе болгон авч үзсэн байдаг. Монголын угсаатан Хүннү гүрэн нь НТӨ III, I зууны үед төв Азид хүчирхэгжин төр улсаа байгуулан хөгжиж, Хятадын Хан улстай бичиг соёлын өргөн харилцаатай байжээ. “Билэг билгийн чанадад хүрэх” сударт: “Бурханы шашин умардаас умард зүгт дэлгэрнэ” хэмээсэн нь Энэтхэг орноос Түвд, Монгол оронд шашин дэлгэрэхийг илэрхийлсэн болой.
Монгол, Хятад, Түвд гурван орныг түүхэнд “Номт гурван орон” хэмээн ярьдаг бөгөөд Монголыг Очирваань, Хятадыг Манзушир, Түвдийг Жанрайсиг бурханы орон буюу язгуурын улс үндэстэн хэмээн үздэг. Монгол оронд дэлгэрсэн шашны түрүү үеийн дэлгэрэлтийн талаар Зава Дамдин гавжийн зохиосон “Алтан дэвтэр” хэмээх сударт: “Хятад, Түвдэд Бурханы шашин дэлгэрэхээс өмнө Монгол орноо бурханы шашин дэлгэрсэн нь тодорхой бөгөөд тэр цагт Монгол хүмүүс “Итгэл” хэмээх номыг уншиж хурахдаа Энэтхэгээр уншиж, Согд үсгээр хөрвүүлдэг байсан.” хэмээжээ.
Бурхан багш Очирваань бурханд зарлиг ном болон нууц тарнийн олон дамжлагыг хайрласан нь эдүгээ бидэнд уламжлагдан иржээ. Очирваань хэмээх хүчирхэг, хүч чадлын бэлгэдэл болсон бурхан нь Монгол орныг даасан Ядам Бурхан мөн. Энэ тухай Мон-голын шашны түүхийн ном, сурвалж бичигт олонтаа гардаг.
Абтайсан хаан III Далай лам Содномжамцтай уулзан бараалхаж Монголд их шүтээн Эрдэнэ зуу хийдэд равнай өргүүлье, мөн үргэлжид тахих, адис жинлав ихтэй шүтээн, шашны үйл хэрэгт ач тус ихтэй лам залъя хэмээн айлджээ. Олон бурхан шүтээн байснаас Очирваань бурхан сэтгэлд нь машид нийцсэн тул Монгол орноо шүтээн болгон залсан түүхтэй байдаг.
Юань гүрнээс хойш Монгол оронд Бурханы шашныг дэлгэ-рүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол Алтан хаан бөгөөд түүнийг мөн Очирваанийн хувилгаан хэмээдэг байжээ. Очирваанийн хувилгаан Алтан хаан нь Түмэн засагт хааны үед Түвд орноос III Далай лам Содномжамцыг залж, шарын шашныг анх дэлгэрүүлсэн хэмээдэг.
Алтан хааныг Очирваань бурханы дүрээр шашин, амьтны тусад залсан гэж түүхэн сурвалж бичигт тэмдэглэсэн байдаг. Алтан хаан нь Саж Бандида Гүнгаажанцантай багш, шавийн барилдлага тогтоож, Монгол оронд шашныг дэлгэрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулжээ. Улмаар Хубилай хаан Пагва ламтай багш, шавийн барилдлага тогтоож, Сажийн ёсны номыг дэлгэрүүлжээ. Зава Дамдин гавж бээр Алтан дэвтэр номондоо “Очирваань бурханы хувилгаан Чингис мэндэлсэн” хэмээн бич-жээ.
Очирваань бурханы хувил-гаанаар Ойрдын Гүүш хааныг өргөмжилж байжээ. Монголыг даасан бурхан нь Очирваань бурхан хэмээн Бурханы шашинтнууд, сүсэгтэн олон хүлээн зөвшөөрч олон зуун жилээр шүтэн дээдэлж иржээ. Энэ тухай нэрт түүхч Дармадалай: “Чингис хаан, Алтан хаан, Гүүш, Данзан Чойжил, Абтайсан хаан тэргүүтэн Очирваань бурханы хувилгаан олон гарсан нь Монголын олон ард Очирваанийн ивээлд байх хувьтай юм болов уу” хэмээжээ.
Энэ талаар авч үзвэл Энэтхэг, Монгол, Түвд, Хятад зэрэг орнууд тухайн цаг үед хаан ширээнд суусан хаадыг Бурхан шашны бурхан бодьсадва нарын үйл хэргийг дээдлэн, амьтны тусыг сайтар бүтээлгэж байсан түүхуламжлалтай ч ихээхэн холбоотой.
Хятадын Утай таван богдод Манзушир залардаг гэж үздэг бол Монголчууд Отгонтэнгэр хайрханд Очирваань бурхан залардаг гэж үздэг.
Отгонтэнгэр их хайрхан нь эртнээс төрийн тахилгатай уул бөгөөд анх 1828 онд жил бүр тахиж байх зарлиг гарсан байна.Түүний байгаль, газар орон, тэнд оршдог лус савдагийг баясуулан тайн тахихдаа Очирваань бурханыг Ядам болгож, тэрхүү газар оронд урин залдаг.
Судар, тарнийн шашны үүднээс Ядам Очирваань бурханыг залж, тахих тусгай тахилгын зан үйлийн судар номыг уншиж, бясалгаж, тахисны адис жинлаваар Отгонтэнгэр их хайрханы ойр орчмын байгаль, газар орон төдийгүй Монголын нийт газар орон, тэдгээрийн лус савдагт балин тахил өргөж, баясган тахидаг. Лус савдаг, там, бирд, адгуус, хүн хийгээд хүн бусын тэргүүтэнд маш их зовлон тохиолддог, ямар ч их алт эрдэнэсээс үнэ цэнэтэй чухал судар, тарни, дээдийн номын рашаан дутагдаж байдаг. Тиймээс амьтан бүхнийг аврах цаглашгүй дөрвийн үүднээс тэдэнд судар тарнийн номыг сонсгож, энэрэн асарч, зовлонгоос нь гэтэлгэж амар амгаланд цэнгүүлж, төрлийг нь сайжруулж, тэднийг олон зовлонгоос нь гэтэлгэдэг.
Очирваань бурханыг залж, Отгонтэнгэр их хайрхан болон бусад газар оронд оршдог Лус савдагийг аливаа амьтанд дариудын барцад саад, хорлол үйлдэхгүй байх, Лус найман аймгийг авсан ам тангаргаа зөрчихгүй байх талаар тушаан үүрэгдэнэ. Болохгүй нэгийг нь гэсгээн хашраах тал ч бий. Түүнээс биш Лус савдаг тэргүүтнийг бурхан, чухаг дээд гурвын зиндаа, авралын орны хэмжээнд сэтгэж, тэдэнд өөрсдийнхөө болон өөр бусдын урьд болон энэ, хойт насны бүхий л хэргийг даатгах нь буруу үзэлд багтаж нүгэл хураадаг.
Сүүлийн үед иймэрхүү ялгааг мэдэхгүй Лус савдаг, газар орныг Бурхан мэтчилэн шүтдэг буруу үзэл нүгэлтнүүд олширч байгаа нь эрдэнэт хүмүүний бие, сэтгэлийг олж төрөөд, их хөлгөний олдошгүй ховор дээдийн номтой уулзан учирчихаад энэ мэтчилэн доордсын явдлаар явагчид нь хүний төрлөө гутаасан нүгэлт явдал юм.
Лус савдаг тэргүүтнийг энэрэн хайрлаж, дээдийн номоор балин тахил, дүлцон өргөж, хүмүүний амьдрал болоод бусдад даруйдын барцад саад, хорлол үүсгэхгүй байхыг даатгаж, тэднийг гэт-лэхийн мөрд оруулдаг номын ёсыг мэдэх хэрэгтэй. Заримдаа хүмүүс Лус савдагийн хэзээ ч биелүүлж чадахгүй зүйлийг гуйж, хүсэж байдаг нь үнэхээр мунхаг сэтгэлээр төөрөлдөж явааг харуулахаас гадна, тэдэнд ч зовлон нэмэхийг үгүйсгэх арга үгүй юм. Тийм ч учраас Бурхад: “Лус савдаг тэргүүтэнд балин тахил өргө, барцад саад хорлол үүсгүүлэхгүй байхыг мэдэж үйлд, энэрч асар. Тэднийг ашдын авралд бүү барь, бүү эндүүр” хэмээсэн байдаг.
Отгонтэнгэр их хайрханыг тахих бүрт тэр газар оронд Очирваань бурханы их адис жинлав оршиж, адислагдаж байдаг талаас нь авч үзвэл Отгонтэнгэр их хайрхан нь Очирваань бурханыг тахиж, залсан орон болох төдийгүй авшиг, адис жинлав нь шингэсэн газар орон болно.

Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номыг номын дэлгүүрүүд болон Оточ Манрамба Их Сургуулийн номын сангаас худалдан авах боломжтой.

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн