Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд, Монгол Улсын Морин хуурын чуулга хамтран жил бүрийн Хаврын тэргүүн сарын шинийн найманд “Мөргөлийн эгшиг” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж, Их Манла, Манлын лхого, Манлын дончид их хурлуудыг хуран түмэн олныг даатгадаг уламжлалтай билээ. Энэхүү үйл ажиллагааг энэ жил 19 дахь жилдээ зохион байгуулж байна.

Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, Монгол Улсын Хүний гавъяат эмч Д.Нацагдорж 19 жилийн тэртээ Манла бурхандаа сэтгэлийн өргөл өргөж “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бөгөөд энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав гуай ая хийж, дуу төрсөн түүхтэй.

Улмаар энэхүү дууг анх хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Морин хуурын чуулгыг урин залж эгшиглүүлсэнээр “Мөргөлийн эгшиг” тоглолтыг уламжлал болгон зохион байгуулдаг болсон юм.
Энэ жилийн тоглолтонд Удирдаач СТА Н.Жигжиддорж тэргүүтэй МУ-ын Морин хуурын чуулга МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав гуайн “Мөргөлийн эгшиг”, Төрийн соёрхолт, МУ-ын Гавъяат зүтгэлтэн Б.Шаравын “Жаргалын найман морь”, “Сэрсэн тал” Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн “Алтан өргөө”, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Монгол аялгуу”, “Бурхадын мэлмий”, “Багшийн минь ач”, “Цагаан суварга”, “Эх нутаг”, Ардын жүжигчин Ц.Батчулууны “Гал голомт” зэрэг гайхамшигт аялгуунуудыг тоглохоос гадна дуучин МУГЖ С.Цэрэндорж, Уртын дуучин МУГЖ Б.Мөнхбаатар, МУГЖ С.Эрдэнэцэцэг, дуучин СТА Ө.Цэрэнчунт, СТА Б.Дэлгэрбаяр, Морин хуурч, хөөмийч Ашид нарын уран бүтээлчид “Эртний сайхан”, “Үлэмжийн чанар, “Гал голомт”, Хамба лам Д.Нацагдоржийн зохиосон “Мөргөлийн эгшиг”, “Багшийн минь ач” зэрэг дуунуудыг дуулж үзэгч олны сонорыг мялаалаа.

 

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Урлаг судлалын ухааны Доктор, Профессор Н.Жанцанноров “Мөргөлийн эгшиг” тоглолтын үеэр үзэгч сүсэгтэн олонд болон Хамба лам Д.Нацагдоржид талархлаа илэрхийлэн, энэхүү тоглолтын талаар ярьсан юм.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Морин хуурын чуулга, Манба Дацан хийд хамтран энэхүү “Мөргөлийн эгшиг” тоглолтыг 19 дэх жилдээ тоглож байна. Энэ 19 жилийн хугацаанд Манба Дацан төв маань эмнэлэг, сургууль, эмийн үйлдвэртэй болж өргөжин, олон сүсэгтнүүдийн тусын тулд ажиллаж байна. Манай Морин хуурын чуулгын хувьд энэ 19 жилд дэлхийг тойрлоо. Монголынхоо оюун санааны өв сан, уран бүтээлийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд маш их амжилт оллоо. Энэ бол бидний хамтын ажиллагааны бодит үр дүн.

Шинжлэх ухаан, урлаг, шашин гурав бол оюун санааны гурван чандмань эрдэнэ. Харамсалтай нь бид 70 орчим жил шашин гэх зүйлийн мөн чанарыг үгүй хийсэн үндэстэн. Тэрхүү мартагдсан 70-аад жил зөвхөн мухар сүсэг дотроо тээж явж, шашны шинжлэх ухаан чанараас дэндүү холдсон. Харин бид одоо шашин гэдэг нь үнэн чанартай ямар нэгэн ламаас хамааралтай зүйл гэдгээс илүү надаас бүх юм хамааралтай юм байна гэдгийг ухаан сэхээрч эхэлсэн нь Монголчуудын оюун санааны дэвшил юм. Энэ шашны оюун санааны их хүчийг өөртөө шингээж өөрийгөө нээх гэж хичээдэг болсон нь том дэвшил. Бурхан багш,  эртний Грекийн математикч Пифагор гэдэг хүнээс 30-аад насаар ах. Бурхан багш оршихуйн мөн чанарыг оюун санаанд суулгаж өгсөн, Пифагор урлаг болоод хөгжмийн мөн чанарыг тодорхойлсон юм. Тиймээс Европын орнууд 15-р зуунаас эхлээд шашны үйл явдал бол хөгжмийн гол үйл явдал гэж үзсэн. Сонгодог хөгжмийн эцэг Иоханн Себастиан Бах сүмийн аргонч хүн байсан. Бүх насаараа бурхадын тухай хөгжим бичсэн нь өнөөдрийн дэлхийн мэргэжлийн хөгжмийн эцэг болсон юм.

Шашин, хөгжим хоёр нэг л зүйлийн талаар ярьж байгаа, тэр бол сэтгэлийг ариусгах. Хөгжмийг бид баяр цэнгэл гэж ойлгодог. Угтаа бол хөгжим сэтгэлийг ариусгадаг гэдгийг Пифагор шинжлэх ухааны үүднээс тайлбарласан. Манайх өнгөрсөн 70 жилд урлагийг шашинтай ойртуулаагүйгээс шашин урлаг хоёр огт хамаагүй юм байна гэсэн ойлголттой байсан. Харин Хамба лам Д.Нацагдоржийн гавъяагаар энэ 19 жилд шашин урлаг хоёр нэг л зүйл юм гэдгийг сайн ухаарч ойлгож авсан байна.

Бид хараагүйгээ байхгүй, бидний дунд юу ч байхгүй гэж ойлгодог. Чих нь сонсоогүйгээ дуугүй байна аа гэж ойлгодог. Гэтэл хүн асар хязгаардлагдмал өгөгдөлтэй. Хэрэв та намайг сонсож байгаа бол бид хоёрын дунд дүүрэн юм байна гэж ойлго. Бидний дунд асар их юм байна, ертөнц дахин тэр чигээрээ хөдөлгөөн юм байна, хөдөлгөөн бол дуу юм, тэр дуун дотор эргэлдэж байдаг. Сайн хөгжим бол бидний дунд оршиж байгаа орон зайг төгөлдөршүүлж, хүнийг хөглөж /Хүн бол хөг нь алдарч байж хөглөгддөг/ байдаг ач холбогдолтой учраас 19 жилийн турш бид энэхүү тоглолтыг хийсээр ирсэн юм. Цаашид ч илүү өргөн хүрээнд хийнэ. Бид хүн болгоныг мөнх наслуулахгүй ч гэлээ хүн болгон аз жаргалтай, өөртөө итгэлтэй, өөрийгөө бурханчлан авч яваасай гэсэндээ тэмцэж байгаа. Энэ тэмцэлд маш их үүрэг гүйцэтгэж байгаа Хамба лам Д.Нацагдорж багшдаа Монгол Улсын Морин хуурын чуулгынхаа өмнөөс талархал илэрхийлье” гэсэн юм.

Энэхүү хүндэтгэлийн тоглолтыг санаачлан зохион байгуулсан Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, Монгол Улсын Хүний Гавъяат эмч Д.Нацагдорж хэлсэн үгэндээ “Хаврын тэргүүн сарын Шинийн наймны бэлгэт сайн өдөр Монгол Улсын Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирж 19 дэх жилдээ Монголын үндэсний морин хуур хөгжмийн аялгуугаар биднийхээ сэтгэлийг ариусгаж, бие хэл сэтгэлийн үүднээс адис жинлав оршоосон та бүхэндээ талархаж, энд хүрэлцэн ирсэн сүсэгтэн олон, бурханы олон буянтан шавь нарынхаа өмнөөс урт удаан наслахыг ерөөе. Жанцанноров гуайдаа баярлалаа, та их сайхан айлдвар айлдлаа.

Та бүхний урлаг соёл, Монголын өв уламжлалыг хөгжүүлж байгаа үндэс суурь нь улам батжиж, үр цэцэг нь дэлгэрч, монголчуудыг төдийгүй дэлхийн ард түмний оюун санааг улам хөгжүүлж, сэрээж, энэ сайхан адис жинлавтай аялгуу хөгжмөөрөө дэлхийн ард түмнийг сонорыг мялааж, сэтгэлийг нь ариусгаж явахын ерөөл өргөе. Та бүхнийгээ цаг үргэлж бурхан гончигсүмдээ даатгаж, та бүхний оюун мэлмийд урлагийн агуу охь болсон мэдлэг ухаан улам ургаж, цэцэглэж, үр жимс нь дэлгэрч байхын ерөөл өргөе.

Сүсэгтэн олондоо баярлалаа. Жил бүр ариун номын өргөөнд ирж, лам хуврагуудтайгаа буянаа цугтаа хийж, цэнгэж явъя” хэмээн ерөөл өргөлөө.

Дашрамд дурдахад, ирэх 2020 онд “Мөргөлийн эгшиг” тоглолтын 20 жилийн ой, Манба Дацан хийд, Манба Дацан МУЭСТ-ийн 30 жилийн ой тохиох юм.

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн