-Уламжлалт анагаах ухаан ШАЛТГААНЫ ШАЛТГААНЫГ эмчилдэг-

     “Монос” группийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатартай уламжлалт анагаах ухааны талаарх үзэл бодлыг нь хуваалцлаа. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын нэг том төлөөлөгч тэрээр уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үеэр нь уулзаж, ярилцсан юм. 

– Та “Манба Дацан” эмнэлгээр үйлчлүүлдэг болоод удаж байна уу. Яагаад энэ эмнэлгийг сонгож үйлчлүүлж байна вэ?

– Би Манба Дацан эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасгаар анх удаа үйлчлүүлж байна. Сүүлийн үед юм унших тусам уламжлалт анагаах ухаан гэдэг нэлээн нарийн шинжлэх ухаан юм байна, өрнийн шинжлэх ухаан, өрнийн анагаах ухаанаас илүү юм гэж ойлгож байгаа.

Би өрнийн анагаах ухааны боловсролтой хүн. Өрнийн анагаах ухаанд эмчилгээг дотор нь шалтгааны болон шинж тэмдгийн гэж ялгадаг. Жишээлбэл, уушгины хатгаа туссан хүн байлаа гэхэд илэрч байгаа шинж тэмдгээс нь шалтгаалаад цэр ховхлох, эсвэл халуун бууруулах эм өгвөл тэр шинж тэмдгийн эмчилгээ  гэсэн үг. Харин судлаад, цэрэнд нь шинжилгээ хийгээд, “Энэ өвчин ийм нянгаар үүссэн байна” гэж тогтоогоод түүнийх нь эсрэг антибиотек өгч эмчилвэл тэр нь энэ шалтгааны эмчилгээ гэж байгаа юм.

Тэгэхээр уламжлалт анагаах ухаан үүнээс ч цааш явчихсан санагдаад байдаг юм. Нөгөө, “Өглөө” кинон дээр гардаг даа. “Сэлэм Тогмидыг буудсан хүнийг ол” гэсэн чинь жанжин Д.Сүхбаатар уурлаад “Биш ээ, цаад эзнийг нь” гэдэг шүү дээ. Түүн шиг, уламжлалт анагаах ухаан шалтгааны шалтгааныг нь олж эмчилдэг гэх юм уу даа.

Юу гэхээр, нэг өрөөнд байгаа гурван хүн “халууцлаа” гээд цонхоо онгойлгоход нэг нь ханиад хүрч, хатгаа авчихсан, нөгөө хоёр нь зүгээр байлаа гэж бодъё. Тэдний нэгийг өвтгөсөн стафилакокк гэдэг нян агаарт байнга байдаг, халдвартай. Тэгээд яагаад тэр нянгаар нэг хэсэг нь өвдөөд байхад нөгөө хэсэг нь өвддөггүй юм?

Орчин үеийн анагаах ухаанаар тэд бол дархлаа сайтай хүмүүс байгаа юм. Харин  уламжлалт анагаах ухаанд энэ тохиолдолд тухайн хүнийг яагаад өвдөв, өөрөөр хэлбэл тэр няндаа гол нь биш гэж үздэг юм байна.

 

-Тэгэхээр өөр юунд байна гэж?

-Тэр хүний өөрийгөө авч явахуйд, аж төрөхүйд, идээ, ундаа, явдал, мөрд байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тухайн хүний хий, шар, бадганын тэнцвэрт харьцаа алдагдсан байна гэж үзэж байгаа гэж ойлгож байгаа. Тиймээс л би уламжлалт анагаах ухааныг өрнийн анагаах ухаанаас бүр цаашаагаа явчихсан, түүнээс гүнзгий анагаах ухаан байна гэж үзээд байгаа юм. Түүнийг орчин үеийн шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чадахгүй байна гэж үзэж байгаа л даа.

Японы эрдэмтэн хүний эс бетта, гамма гэсэн  гурван төлөв байдалд байдаг гэж нээсэн нь Нобелийн шагнал авлаа. Мөн 2016 оны шагнал залгиур эсийн онолыг гаргасан хүн энэ нээлтийнхээ төлөө бас л Нобелийн шагнал авсан. Энэ бол уламжлалт анагаах ухааныг тайлж, таньж мэдэхэд нэг алхам болж байгаа юм. Ингэж шинжлэх ухаан хөгжих тусам дорнын анагаах ухааны гайхамшгийг улам л нээж илрүүлэх байх.

 

-Та Монгол Улсдаа антибиотекийн томоохон нийлүүлэгч хүн. Гэтэл уламжлалт анагаах ухааны эмчилгээний нэг гол хэрэглэгдэхүүн нь тан буюу антибиотекоос огт өөр зүйл байгаад байдаг. Энэ хоёрын аль, алинд ямар давуу болон сул тал байна?

-Би энэ хоёрыг харьцуулмааргүй байна. Яахав, монголд бараг 10 мянга гаруй эмч бий. Олонхи эмнэлэг  нь өрнийнх. Эндэхийн эмч нарын зэвсэг болсон тэр орчин үеийн, өрнийн эмийг нийлүүлэх эрэлт, хэрэгцээ байна уу гэвэл байна. Би үүнийг нийлүүлж л байгаа. Түүнийхээ зэрэгцээ би уламжлалт анагаах ухааны эм, танг нэлээн судалж байна. Сүүлийн үед цаг зав гарвал уламжлалт анагаах ухааны онол үзэж байна.

Уламжлалт анагаах ухааны эмт бодисын номхотгол, мөн эм найруулах ухаан, эм судлал гэсэн чиглэлийн ном судруудыг нэлээд эргүүлж харж байна. Яагаад гэхээр, “Монос” групп дэргэдээ Эм судлалын хүрээлэнтэй. 1990 онд анх “Зохион бүтээх тасаг” гэж “Монос” компанитай зэрэг байгуулсан хүрээлэн. Ирэх жил 30 жилийнхээ ойг тэмдэглэнэ.

Бид 30 жилийн турш шинэ эмийн судалгаа хийлээ. Уламжлалт анагаах ухааны жорд суурилж, цэр ховхлох зэхмэл, ходоодны зэхмэл, бөөрний зэхмэлээ анх гаргаж байлаа. Сүүлдээ тэр маань “Читамон” гэх мэт олон сайхан эм бэлдмэл болсон.

Бид амьтан, ургамал, эрдсийн гаралтай шинэ эм бэлдмэлийг хийхдээ уламжлалт анагаах ухааны онолд тулгуурлах ёстой юм байна, түүнийг орчин үеийн шинжлэх ухаан талаас нь нотолж эм болгох ёстой юм байна гэж бодож байгаа. Тиймээс бид уламжлалт анагаах ухааны эм найруулгаас эмт бодисыг номхотгох, эм судлалыг нэлээд түлхүү үзэж байгаа.

 

-“Манба Дацан” эмнэлгээр үйлчлүүлэгчдийн дийлэнхэд илэрдэг хийн хямрал гэж бий. Хүмүүс маш завгүй ажилладаг болчихсон. Ачааллаа тэнцүүлж, түүнийгээ зохицуулж чадахаа больчихсоноос үүдэлтэйгээр хий хямардаг тохиолдол их гарч байх шиг байна?

-1930-аад оны үед буддын шашныг устгахдаа уламжлалт анагаах ухааныг хамт устгачихсан. Олон арван жил энэ шинжлэх ухааныг үгүйсгэж, муулсан. Ингээд мэддэг, чаддаг хүмүүс нь байхгүй болж, хүнээр ярьвал 1-2 үе тасарчихсан байхгүй юу.

Миний бодлоор монголын уламжлалт анагаах ухааны идээ, ундаа, явдал, мөр гэдэг нь яг монгол хүнд таарсан онол байгаа юм. Монгол хүн олон мянган жил мах идэж, хүйтэн, эрс ширүүн уур амьсгалтай энэ нөхцөлдөө таарсан идээ ундаа хэрэглэдэг байж.

Гэтэл манайхан сүүлийн үед хоол идээ, ундаандаа европ маягийн, өрнийн шинжлэх ухааныг л баримтлаад байна. Орчин үед ялангуяа “Жимс ногоог их ид” гэдэг. Энэ маань болох уу, үгүй юу. “Ногоон цай их уу” л гээд байдаг. Гэтэл монголд бараг жилийн есөн сард нь  цаг агаар сэрүүхэн байдаг шүү дээ.

Хятадад гэхэд ногоон цайг зөвхөн цагаан хэрэмнээс урагш амьдардаг нутгийн хүмүүс л уудаг шүү дээ. Яагаад гэхээр ногоон цай сэрүүн чанартай. Африкт ч юм уу, халуун газарт л ногоон цайг уудаг. Харин өрнөд буюу англи, америкт байхуу цайнаас хар цайг л уудаг. Тэгэхээр монгол хүн сэрүүн нөхцөлд амьдарч байгаа учраас сэрүүн чанартай юм уугаад байвал зохихгүй гэсэн үг.

Монгол хүнд таарсан нь улаан цай буюу намар орой болсон хойно, нэлээн орой хурааж авсан цайны навч, иш юм. Энэ мэтчилэн бид уудаг цайнаас эхлээд идэж, уухаа тааруулж чадахгүй байна шүү дээ.

Үүнийгээ зохицуулахгүй бол төрөл бүрийн өвчин гарах нь мэдээж. Нөгөө талаар мэдрэлийн гаралтай өвчнүүд бол орчин үеийн хөгжлийн өвчин юм. Соёл иргэншлийн өвчин ч гэдэг. Монгол хүн бол үүнд илүү түлхүү хямраад байх шиг.

 

-Шалтгаан нь юунд байна гэж та харж байна вэ?

-Монголчууд өмнө нь ингэж нийгэмшиж амьдарч байгаагүй учраас бие биетэйгээ харилцах тал дээр жаахан тааруу.  Ингээд нийгмээрээ амьдраад ирэхээрээ бусдын үгийг даадаггүй, бусадтай харилцаж чаддаггүй гэх зэрэг бэрхшээл байгаа. Нөгөө талаас бид социалист нийгмээс хөрөнгөтний нийгэмд шилжиж байна. Хүнлэг энэрэнгүй зах зээлийн нийгэм гээд байгаа боловч яахын аргагүй капиталист буюу хөрөнгөтний нийгэм рүү орж байна. Хувийн өмчийг дээдэлсэн тэр нийгэм рүү орж ирээд, “Нэмүү өртөг үүсэх ёстой, тэгж байж улс орон хөгжих ёстой” гэдэг цэвэр капитализмын онол руу ороод ирсэн.

Шилжилтийн үе маш удаан үргэлжилж байна, хүмүүс ч ойлгохгүй байна. Шинэ нийгэмд дасан зохицож багаатай холбоотой сэтгэл санааны хямрал маш их байна. Нөгөө талаар нийгэм маань, төр маань төлөвшөөгүй болохоор хүмүүст бухимдал маш их байна.

Үнэхээр, таны хэлсэнчлэн сэтгэл санааны хямралын өвчин их бий. Орчин үеийн анагаах ухаан бол нойргүйдэл, сэтгэл мэдрэлийн өвчинд төв мэдрэлийн системийг дарангуйлж хүнийг тайвшруулах бэлдмэлүүдийг өгч байгаа.

Би өөрөө эм үйлдвэрлэдэг, судалдаг, оруулж ирдэг хүн учраас үүнийг сайн мэднэ. Гэтэл уламжлалт анагаах ухаан сэтгэл мэдрэлийн өвчний үндсэн шалтгаан юу байна вэ гэдгийг үзээд шалтгааны чиглэлээс нь эмчилж байгаа учраас нэлээд үр дүнтэй. Гэхдээ өрнийн анагаах ухаан шиг тэр дор нь хүчтэй эм өгөөд эмчилчихгүй, тодорхой, урт хугацаанд үр дүнтэйгээр эмчилдгээрээ давуу талтай гэж ойлгож байна.

 

-Зарим нь бизнесийн зорилгоор, бүтээгдэхүүнээ сурталчилахын тулд бүх хүнд хоол, ундны ижил загварыг санал болгож байна. Энэ дундаас хүмүүс “Миний эрүүл мэндэд чухам юу нь хэрэгтэй вэ” гэдгээ олж чадахгүй мэдээллийн төөрөгдөлд ороод, цаг алдаад байгаа нь харагддаг?

-Тийм, тийм. Мэдээж, өрнийн сайн эм, бэлдмэл байлгүй л яахав. Түүнээс гадна энэ дорныхоо, өвөг дээдсийнхээ, монголынхоо уламжлалт анагаах ухааны идээ, удаа явдал мөр гэсэн зүйлийг нэлээн сайн сурталчилж, онолын зүгээс нь ч гэсэн ойлгуулж, дөхүүлэх ёстой юм шиг. Тэгэхээр бид энэ чиглэлд хийх ажил маш их байна. Таны хэлсэнчлэн, хүмүүс мэдээллийн төөрөгдөлд байгаа учраас үүний эсрэг маш хүчтэй сурталчилгаа явуулах ёстой.

Би “Манба Дацан” монголын уламжлалт эмнэлэг, сургалтын төвөөс эрхлэн гаргадаг “Уламжлалт анагаах ухаан” сонины хэд, хэдэн дугаарыг уншлаа. Хүмүүст уламжлалт анагаах ухаан, дорнын анагаах ухааны ойлголт өгсөн, олон сайхан мэдээлэл гардаг юм байна. Илүү олон хувь гаргаж, олон хүнд хүргээсэй. Сонинд гардаг мэдээллүүдээ олон нийтийн сүлжээгээр, онлайнаар сурталчлах ёстой.

Яахав, нэг үеэ бодвол уламжлалт анагаах ухааны эмнэлэг олон болж байна. Хүмүүс ч үйлчлүүлэх дуртай болж байна. Энэ эмнэлгүүд нь илүү томроосой, улс маань төрийн бодлогоор энэ бүгдийг дэмжээсэй гэж боддог.

 

 

 

 

 

 

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн