Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд, Монгол Улсын Морин хуурын чуулга хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөргөлийн эгшиг” хүндэтгэлийн тоглолт 19 дэх жилдээ Хаврын тэргүүн сарын Шинийн 8-ны билгэт сайн өдөр Манба Дацан хийдэд эгшиглэх гэж байна.

Тус тоглолтод Монгол Улсын Морин чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Шарав, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Ардын жүжигчин Ц.Батчулуун зэрэг алдартай хөгжмийн зохиолчдын гайхамшигт бүтээлүүдийг эгшиглүүлдэг билээ.

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж Манла бурхандаа сэтгэлийн өргөл өргөж “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бөгөөд энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав гуай ая хийж, дуу төрсөн түүхтэй. Улмаар “Мөргөлийн эгшиг” дууг тэртээ 19 жилийн өмнө анх удаа Хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Монгол Улсын Морин хуурын чуулгыг урин залж эгшиглүүлсэнээс хойш энэхүү “Мөргөлийн эгшиг” хүндэтгэлийн тоглолтыг жил бүрийн Хаврын тэргүүн сарын шинийн найманд уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн юм.

Мөн энэ өдөр Манба Дацан хийдийн лам хуврагууд Манла бурхандаа тахил өргөн, Их Манла хурж, ард олноо даатгадаг уламжлалтай.

Дашрамд дурьдахад, Ирэх 2020 онд Манба Дацан хийд, Манба Дацан МУЭСТ-ийн 30 жилийн ой, “Мөргөлийн эгшиг” тоглолтын 20 жилийн ой тохиох юм.

 

 

 

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн