“Гранд” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, “Цэнхэр оймстууд” номын зохиогч, сэтгүүлч М.Уранчимэгтэй ярилцлаа. Түүнтэй уламжлалт анагаах ухааны хэрэглэгчийн үүднээс ярилцсан юм.

-Таны хувьд анх уламжлалтаар эмчлүүлэхдээ ямар ойлголттой байсан бэ?

-Надад уламжлалт эмнэлгийг түших нэг том шалтгаан байсан нь эмийн харшил. Би зургаан настайдаа ангины халдвар авч нэлээн хүнд өвдсөн юм. Тэр үед хөрш айлын надтай чацуу охин нас барсан нь нэлээн цочирдуулж байж билээ. Түүнээс хойш хөл даарах, халуун хүйтэн харшлах төдийд л хоолой өвдчихдөг болсон. Тэгээд л эм ууна. Аав ээж маань эмч хүмүүс учраас манайд эм ч элбэг байж, ”Эритромецин” гэдэг хоолойны хүчтэй эмийг уумагц зүгээр болно. Сүүлдээ энэ эм халаасанд бэлэн, хоолой өвдмөгц л уудаг болсон. Яг л хоол шиг хэрэглэдэг байлаа. Сүүлдээ эмэндээ дасал болоод үйлчлэхээ ч болилоо. Ер нь л 20-р зуун антибиотикийн эрин байсан юм шиг ээ, эргээд бодоход. Антибиотикийн харшилтай болсон нь эмийн энэ мэт замбараагүй хэрэглээний уршиг байх гэж би хувьдаа боддог.

Хэрэв эмийн харшилтай болоогүй бол уламжлалт анагаах ухааныг тэгтлээ хайхрахгүй, нийтлэг ойлголтоор хөгшин настай хүмүүсийн үйлчлүүлдэг газар гэж боддог хэвээр байх байсан ч юм билүү. Одоо бол уламжлалт анагаах ухааны фен болсон. Үнэхээр том шинжлэх ухаан гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг болсон. Хүмүүсийн сэтгэлгээ ч өөрчлөгдөж, аливаад шинжлэх ухаанчаар ханддаг, уншдаг болсон байна лээ. Тэр хэрээр уламжлалт анагаах ухааны давуу тал, онцлогийг ойлгодог, үнэлдэг болсон гэж анзаарагддаг болсон.

-Манба Дацан Нэгдсэн эмнэлгийг яагаад сонгож үйлчлүүлэх болов?

-Манба Дацан эмнэлгийн тухай анх таньдаг хүнээсээ сонсч байсан. 2014 онд анх ирж үзүүлж байлаа. Тухайн үед нүүрэн дээр юм гараад гоо сайхны шалтгаанаар бүрэн шинжилгээ өгсөн байсан. Гэтэл Манба Дацан эмнэлгийн эмч ганцхан удаа судас чагнаж үзээд л тэр шинжилгээнүүдийн хариуг хэлчихсэн. Зөвхөн судас бариад энэ олон багаж тоног төхөөрөмжөөр өндөр үнэтэй хийдэг шинжилгээнүүдийн хариуг хэлчихэж чадаж байна гэж үү гээд үнэхээр их гайхаж байсан. Шинжилгээгээр гарах боломжгүй оношийг хүртэл хэлж байсан нь санаанаас гардаггүй. Тэгээд л Манба Дацанд сүжигтэй болсон. Анх ирэхдээ нойргүйддэг байсан. Нойргүйдэл нь хийн шалтгаантай гэдгийг, хүний бие махбодь байгалийн шүтэлцээний дагуу нарийн зохицолтой байдаг зэрэг олон зүйлийг уламжлалт анагаах ухааны зарим эмчилгээний онолыг сонсож мэдсэнээр олж мэдсэн. Эхний жилүүдэд жилд хоёр удаа хэвтдэг байсан. Үр дүнд нь нойргүйдэл эдгэрсэн. Мөн хоолойны ангинаа ч анагааж чадсан.

-Хоолойны ангиныг маш хэцүү, хүндрэл ихтэй өвчин гэдэг шүү дээ. Таны хувьд ямар байсан бэ?

-Ангины хордлого үнэхээр шаналгаатай өвчин шүү. Тухайн үед хоолой өвдөөд л хордлого өгчихдөг, хэвтэрт орчихдог байлаа. Европ анагаахынхан ангина хүндэрч үе мөч, зүрхэндээ орсон байна, хагалгаа хийлгэж ангинаа авахуулахгүй бол хоёр жилийн дараа зүрхний хүнд хагалгаанд орох нөхцөл байдалтай байна гэж оношилсон. Гэхдээ миний хувьд хагалгаанд орохыг урьтал болгоогүй. Гүйлсэн булчирхайг дархлааны эрхтэн гэж сонсч байсан учраас тэгсэн хэрэг.

Уламжлалт анагаах ухаанд хануур заслаар хоолойн ангиныг анагаах арга байдаг. Эхэн үедээ хэд хэд хануулсан боловч бүрэн эдгэрээгүй. Сүүлд Манба Дацанд хэвтэж эмчлүүлээд гарсныхаа дараа дүрэм журмынх нь дагуу биеэ бэлтгэж, тан ууж байгаад хануур хийлгэснээр дахиж хоолой өвдөж, хордлого өгөхөө больсон. Хэлний доор байдаг хоёр хөх судсыг ханах замаар цусанд шингэсэн хорыг гадагшлуулдаг юм байна гэж өөртөө ойлгож авсан.

Хануур бол үнэхээр эмчилгээний дээд юм билээ. Гол нь эмчийн заавраар өдөр судраа сонгож хийлгэх нь чухал юм билээ.

-Эмчилгээний дараа маш сайн үр дүн гарахад та уламжлалтын талаар ямар ойлголттой болсон бэ?

-Мэдээж улам ч сүсэгтэй болно шүү дээ. Түүнээс гадна “Сороол” гэж нэг гайхамшигтай тан байдгийг олон хүнд хэлэхийг хүсдэг. Уушги цэвэрлэх тан. Бас л Манба Дацангийн үйлчлүүлэгч болохоос өмнө би ханиад хүрсний дараа бараг сар орчим хөхүүлж ханиалгадаг байсан юм. Хатгаанаас болоод уушгиндаа гэм авсан учраас ингэдэг юм билээ л дээ. Энэ асуудал “Сороол” гэдэг танг 14 хоног ууснаар бүрэн шийдэгдсэн. Эхэндээ ч танг нь уугаад л  байх юм, уугаад л байх юм, ханиалга намдахгүй байна гэж тэвчээр алдарч, эмчдээ гомдоллож байсан. Тэгэхэд эмч маань таны уушгины гэм удаж, ужгирсан учраас хугацаа шаардана, тэвчээртэй, тууштай уугаарай, үр дүн нь гарнаа гэсэн. Үнэхээр ч үр дүн гарсан. Ер нь уламжлалтын эмчилгээг дундаас нь хаяж болохгүй, тууштай, тэвчээртэй байх нь чухал шүү. Европ анагаах ухаан өөр шүү дээ, хүчтэй тэр хэрээр хурдан эдгээдэг. Гэхдээ цаад язгуур, ёзоорыг нь анагаахын оронд шинж тэмдгийг нь дараад хаячихдаг юм байна гэж боддог болсон. Гэхдээ энэ бол зөвхөн миний бодол юм.

-Сэтгүүлч мэргэжлийн онцлог аливаа юмыг судлаж, мэдэх хүсэлтэй байдаг. Та уламжлалт анагаах ухааны талаар, эрүүл байх талаар судалж байна уу?

-Нэг их бичиг цаас бариад судлахгүй ч гэсэн сэтгүүлч хүний сониуч зангаар эмнэлэгт хэвтсэн үедээ эмч нараасаа асууж мэднэ, зөвлөх эмч Г.Одонцэцэг, Хамба багшаас байнга шалгаана. Энэ нь ямар учиртай, тэр ямар учиртай юм гээд л байнга асуудаг. Ер нь уламжлалт эмчилгээний үр дүнг амьдрал дээр миний ойр дотны олон хүн олон талаар мэдэрсэн учраас уламжлалт анагаах ухааны фэн болсон. Эмэгтэйчүүдийн асуудал байна. Эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа бөөр давсагны гаралтай өвчин, сарын тэмдэг ирэхгүй байх, саатах, жирэмсэн болохгүй байх гэх мэт эмгэгүүдийн шалтгааныг уламжлалт анагаах ухаан оношлоод, уйгагүй эмчилгээнийхээ үр дүнд эдгээдэг юм байна. Эдгээх эдгээхдээ бүр маш сайн цогцоор нь эмчилдэг гэдгийг ойлгосон. Ихэнх өвчин хийн шалтгаантай гэдгийг ойлгосон. Ялангуяа хийн шалтгаантай өвчнийг европ анагаах ухаанд оношилж чаддаггүй. Магадгүй европ анагаах ухааны хамгийн том сул тал нь энэ юм болов уу гэж боддог.

Саяхан нэг биохимич эрдэмтнээс ярилцлага авахад ч энэ тухай онцолж байна лээ.

-Юу гэж?

-Хүний бие организм төрж өссөн газар нутгийн онцлог болон удамшлаасаа шалтгаалаад өөр өөр байдаг юм байна л даа. Тийм ч учраас Америкчууд Монголчуудад эрүүл, зөв хоололтын тухай заахгүй ээ. Бид харин өвөг дээдсээсээ суралцах ёстой гэж байсан. Тэр ярилцлагаас би ч гэсэн их олон зүйл олж мэдсэн. Өөрөөр хэлбэл дэлхийг шуугиулж буй шинжлэх ухааны нээлт, баруунд шагшигдаж байгаа хоолны диет Монгол хүний бие организмд тохирохгүй, үйлчлэхгүй байж болох нь л дээ. Магадгүй хий, хийрхэх өвчин зөвхөн Монгол хүнд л байдаг бие организмын онцлог байж болох юм билээ. Тийм ч учраас Очирхуяг доктор уламжлалт анагаах ухаан бол 21-р зууны хамгийн сонгодог анагаах ухаан гэж онцолж байсан. Учир нь зөвхөн надад эсвэл хэн нэгэн Долгорт зориулсан эмчилгээний хөтөлбөр гаргаж, хувь хүний бие организмын онцлогт тохирсон эмчилгээ хийдгээрээ сонгодог шинжлэх ухаан гэж тодорхойлж болох юм билээ.

-Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс илүүтэй хийрхэх гээд байдаг шүү дээ. Та үүнээс яаж сэргийлдэг вэ?

-Сүүлд Хамба Д.Нацагдорж багштай уулзахад хамгийн гайхамшигтай зүйл бол Монгол шар тос гэж хэлсэн. Тиймээс ч шар тосыг амьдралдаа түлхүү хэрэглэдэг болъё гэж бодож байгаа. Хонины сүүл хийнд маш сайн гэсэн. Нэгэнт мэргэжил маань сэтгүүлч, амьдралын хэв маяг маань оюуны хөдөлмөрөөс зайлсхийх боломжгүй учраас жилдээ нэг удаа Манба Дацан эмнэлэгт хэвтэж хий хуйгаа дарж, тэнцвэржүүлж, уламжлалт эмчилгээ хийлгэдэг.

Манба Дацан эмнэлгийн эмчилгээний гол онцлог нь хөлөргөх замаар хий дарах эмчилгээг түлхүү хийдэг. Хүний бие организмыг лаборатори гэж үзвэл хийн үйл ажиллагаа тэнцвэртэй байснаар лабораторийн үйл ажиллагаа хэвийн жигд явна гэсэн үг гэдгийг маш сайн ойлгочихоод байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн