Ярилцагч маань 46 настай, “Манба Дацан” нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгч. Түүнийг тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үеэр уулзаж ярилцсанаа хүргэе.

 

    -Та хэзээнээс “Манба Дацан” эмнэлгээр үйлчлүүлж эхэлсэн бэ. Нууц биш бол анх ямар зовиур, оноштой ирж байв?

-Одоогоос арваад жилийн өмнөөс ажлынхаа хажуугаар магистрт суралцаж байсан юм. Жил гаруйн турш ачаалал ихтэй байснаас болоод ядаргаанд орж, нойргүй, толгой өвддөг болсон. Ингээд ажлаасаа 14 хоногийн амралт авч, тэр хугацаандаа толгой, зүрхээ эмнэлэгт үзүүлж баахан оношилгоо хийлгэж явсан. Гэтэл амралтын хоног маань биеэ эмчлүүлэхэд хүрэхгүй болох шинжтэй, миний тэнхээ ч дийлэхгүй болоод явчихлаа.

Тэгэхээр нь судалж байгаад “Манба Дацан” эмнэлэгт иртэл хамба багш байж таарсан. Судсаа чагнуулахад надад байсан зовиур, өвчний оношийг бүгдийг нь хэлсэн. Би тэр үед үргүйдэлтэй, голын хий, ядаргаа гэх мэт олон эмгэг хавсарчихсан байж. Хамба багш Д.Нацагдорж намайг үзээд хэвтэж эмчлүүлээрэй гэж зөвлөсөн. Ингээд “Манба Дацан” эмнэлэгт арав хоног хэвтээд сайхан эмчилгээ хийлгэсэн. Энэ эмнэлгийн нэг онцлог нь европ эмчилгээтэй хосолдоггүй, дан уламжлалт эмчилгээ хийдэг юм билээ.

Уламжлалт эм тан цагаар ууж, бариа засал, төөнүүр мөн эмт ясны шөлөн ванн эмчилгээ, ургамлын найрлагатай толгой чанасан ууран эмчилгээ, ууранд дэвтээлгэнд суух гээд олон мундаг эмчилгээг надад хийсэн. Эмчилгээний явцад эмчилгээний талаар тайлбарлахаас гадна “гар утас, лайптоп зэрэг зүйлсээсээ хол байгаарай, бага яриарай” гэх мэт зөвлөгөөг тухай бүрт өгч байсан.

 

    -Арван жил гэхээр бас багагүй хугацаа өнгөрчихөж. Тухайн үед эмчилгээний үр дүн хэрхэн гарч байв?

-Бие тэнхээ сайхан болж аваад тэр эрчээрээ хэсэг байсан. Хааяа хамба багш дээр ирээд судсаа чагнуулчихдаг байлаа. Тэр үед хамба багш эмнэлэгтээ долоо хоногт нэг удаа эрүүл мэндийн талаар лекц уншдаг байв. Үр дүнд нь хүмүүсийн хандлага, үзэл бодолд ихээхэн дэвшил гардаг юм билээ. Би тэр үед 30 гаруй настай л байсан. Миний амьдралыг үзэх үзэлд маш их нөлөөлсөн хүн бол хамба багш. Миний найз нөхөд, эргэн тойрныхон ч хамбыг бараадаж ирдэг болсон доо.

 

    -Үргүйдлээ эмчлүүлж чадсан уу?

-Эмэгтэйчүүдийн эход харуулахад кистанаас болоод үр тогтохгүй байна гэдэг байсан юм. Тэгээд хамба багшид судсаа чагнуулаад эмэгтэйчүүдийн тан уугаад л яваад байдаг байлаа. Гэтэл 2012 онд нэгдүгээр эмнэлэг дээр австрали эмч нараар би дурангийн хагалгаа хийлгэсэн. Тэр үедээ жаахан айгаад хамба багш руу ярьж хэллээ. “Би хагалгаанд орох гэж байна” гэтэл, “Одоо орж болно оо. Энэ хагалгаа чамд сайнаар нөлөөлнө. Багш нь ном уншина аа” гэж байна. Хагалгаа хийлгэсэн газар маань огтхон ч шүүс гаралгүй эдгэсэн. Багшийн ном маш хүчтэй. Хагалгаанаас хойш тан ууж 7-8 жил болсны дараа хүүхэдтэй ч болсон.

 

    -Энэ удаад яагаад дахин хэвтэж эмчлүүлэх болов оо?

-Хэд, хэдэн шалтгаанаас болоод хий хямарсан. Би касерво хийлгэж төрсөн юм. Тэгээд хагалгааны явцад олгой маань яг хагарах гэж байсныг эмч маань мэдэж олгойг авсан. 40 нас гарсан хойноо төрсөн, хүүхдээ өдөржин өөрөө харсан зэргээс болоод дахиад ядаргаанд орчихсон, нойргүйдэлд ч орчихсон. Энэ бүх шалтгаанаас болоод хий хямарсан хэрэг. Бие өвдөөд эхлэхээр нь бүх төрлийн шинжилгээ өгсөн боловч “Зүгээр” гэсэн хариу гарч байв.

 

    -Олгой авахуулсан нь хий хямрахад нөлөөлсөн гэж үү?

-Тийм ээ. Уламжлалт анагаах ухаанд бүдүүн гэдэс нь доод хийг барьж байдаг эрхтэн юм байна. Хийний орон гэр нь гэсэн үг юм уу даа. Бүдүүн гэдэстэй холбоотой байдаг мухар олгой үүнд бас их үүрэгтэй байдаг юм байна.  Түүнийг авчихсан, бас касерво хагалгаанд орсноос, түүнчлэн доод хий хямраад, хоёр төрлийн хий арвидчихсан байж. Бас жаахан голын хийтэй байсан учраас дээшээ хөөрөөд, амьсгал бөглөрчих гэж байгаа юм шиг зовиуртай байлаа. Хүний биед таван төрлийн хий байдаг юм гэнэ.

Одоо эргээд бодоход би хамба багшийн хэлсэн үгэнд орохгүй л байсан байна. Тан өгөхөд нь уухгүй, янз бүрийн тарни зааж өгөхөд нь уншихгүй, 108 мөргө гэх юм, түүнийг нь ч бас хийгээгүй л байна.

Энэ удаад надад дандаа халуун бариа, ядаргаа тайлах эмчилгээ хийж байна. Хэдэн өдөр овоо унтчихлаа, унтчихаар бие махбод тэр дороо л амарчих юм. Эмчилгээ маш үр дүнтэй байна, тангаа нэг жил уухад энэ зовиур маань арилна гэсэн.

 

    -Хүмүүс эмнэлэгт хэвтчихээд эрүүл болчихлоо гээд дахиж өвдөхгүй юм шиг ойлгодог шүү дээ. Тэгэхээр эмнэлгээс гарсны дараахь гам, амьдралдаа хэвшүүлэх зуршлууддаа их анхаарах ёстой юм шиг?

-Тийм, зүгээр нэг эмчлүүлээд гарах биш, амьдралын хэв маягтаа бас өөрчлөлт оруулах хэрэгтэй юм билээ. Жишээ нь, би өөрөө хийний асуудалтай гэдгээ мэддэг болчихсон болохоор хийн цагийг судалж эхэлж байгаа юм. Хий, бадганы идэвхждэг цагийг судлаад, шарын цагаар хүнд хоол идчихээд, бадганы цагаар хоол идэхгүй байх, хийн цагаас өмнө сэрэх, босох гэх мэтээр уламжлалт анагаах ухаанд баримталдаг зарчмуудыг хэрэгжүүлэх нь зүйтэй юм байна гэдэг ойлголттой болчихож байна.

 

    -Эмч, ажилчдын эмчилгээ, үйлчилгээнд хэр сэтгэл хангалуун байна?

-Эмч нь нар нь их сэтгэлээсээ ажлаа хийнэ. Ер нь “Манба Дацан” эмнэлгийн нэг “школ” байна. 10 жилийн өмнө хэвтэхэд байсан тэр “школ” яг тэр хэвээрээ байна. 10 жилийн өмнө намайг эмчилж байсан тэр эмч одоо дахиад л эмчилж байна. Энэ хугацаанд тэр хүн өөрчлөгдөөгүй, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг чанар нь байж л байна. Хамба багшийн суулгасан тэр “школ” шавь нарт нь уламжлаад л байгаа нь мэдрэгдэж байна.

 

    -Энэ эмнэлэгтэй холбоотойгоор өнгөрсөн арван жилийн хугацаанд таны амьдралд ямар  өөрчлөлт гарсан бэ?

-Хүүхэдтэй болсон. Одоо охин маань гурван нас хүрэх гэж байгаа. Багшаас би дандаа эмэгтэйчүүдийн тан авч ууж байсан юм. Австрали эмч нар надад хагалгаа хийчихээд гарсан зүйлийг эдийн шинжилгээнд явуулсан юм билээ. Тэр киста маань хатангиршсан маягтай, эргэн тойрондоо хороо цацаж, үсэрхийлээгүй байсан гэж тэр австрали эмч хэлж байсан.

Тэгээд би бодож байсан юм, “Миний ууж байсан тан тэр кистаны хоруу чанарыг дарчихсан байж дээ” гэж. Үр хүүхэдтэй болсон маань энэ эмнэлэгтэй, ялангуяа хамба багштай салшгүй холбоотой.

Дээр үеийн хүмүүс уламжлалаа мэддэг, хүүхдүүддээ үлдээчихдэг соёлын өвтэй байлаа. Тэр нь гэр бүлийн хүмүүжил, ахуйгаар дамжиж ирдэг байсан бол одоо тийм зүйл алга болж байна. Залуучуудын мэдэхгүй болчихсон тэр зүйлийг уламжлалтын эмнэлгийнхэн анагаах ухаантай нь, ахуйтай нь хослуулж эмнэлгээрээ дамжуулаад ард түмэндээ түгээж байна. Би энд хэвтэх болгондоо, үзүүлэх болгондоо маш их зүйл мэдэж авдаг. Тэгэхээр амьдралын хэвшилд маань маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Эрт унтаж, эрт босч байх нь бие махбодод ямар чухал нөлөөтэй гэдгээс авахуулаад ойлгож, мэдсэн зүйл маш их байна.

 

    -Танд эмнэлгийн ажилтнуудад хэлэх, тэднээс хүсэх зүйл байна уу?

-Сайхан хамт олон, мундаг эмч нарын баг бүрдүүлсэн байна. Уламжлалаа барьж байна, энэ хэвээрээ байгаасай. Бас нэг зүйл нь энэ эмнэлгийн эмч нар өвчтөнтэйгөө тулж ажиллаж байгаа нь таалагдаж байна. Жор бичээд л сувилагч руу юм уу, бариач руу шидчихдэггүй, өдөр болгон өвтөнтэйгөө харилцана гэдэг, гар хүрч, шүргэлцэж, хүрэлцэж байна гэдэг маш сайн. Өвчтөндөө бариа хийж байх явцдаа өөр зовиуруудыг илрүүлээд түүнийгээ эмчилгээнийхээ тактикт хэрэглэж байх жишээтэй. Энэ бол маш том давуу тал. Уламжлалт анагаах ухааны бусад эмнэлэгт эмч нар нь бариа хийдэггүй, тусдаа бариачтай байдаг юм билээ. “Манба Дацан” эмнэлэг энэ хоёр чухал зүйлээ уламжилж авч яваасай л гэж хүсмээр байна. Тэгж чадвал ард түмнийхээ эрүүл мэндэд үнэхээр том хөрөнгө оруулалт хийж чадна. Дашрамд дурьдахад, хамба багшийн боловсруулсан энэ олон эмчилгээний аргыг хүртээд явж байгаагаа би их хувь тавилан гэж боддог.

 

 

 

 

 

 

 

 

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн