Манба Дацан эмнэлгийн үйлчлүүлэгч БГД-ийн өндөр настан Н.Намхайнямбуутай ярилцлаа.

-Та Манба Дацан эмнэлэгт хэзээ хэвтэж эмчлүүлсэн бэ?
-Би он гарангуут л ирж хэвтлээ. Миний нуруу суулттай, тэр сэдрээд баруун хөл өвдөж, явж чадахаа больсон. Өвчин намдаах эм, тариа, хамаг л сайн гэсэн болгоныг хэрэглээд нэмэр болоогүй. Тэгээд хоёр хоног нойргүй хоносны эцэст Хамба лам Д.Нацагдорж гуай дээр ирж үзүүлсэн. Хамба лам намайг хэвтэж эмчлүүлэхгүй бол болохгүй нь ээ, гэхдээ долоо хоног тан уучихаад он гараад ирж хэвтээрэй гэсэн. Дөрвөн төрлийн тан бичиж өгсөнийг нь уугаад оройноос нь өвчин намдсан. Тангаа уугаад хөл дээрээ ч гишгиж явж чаддаг болчихоод он гарангуут нэгдүгээр сарын 02-нд ирж хэвтсэн.
-Нурууны суулт хэзээнээс эхэлсэн бэ?
-Бараг арваад жилийн өмнөөс өвдөж эхэлсэн. Гэнэт нуруу өвдөөд, хоёр хөл дээрээ явж чадахгүй болсон. Тухайн үед эмнэлэгт хэвтээд физик эмчилгээ хийлгээд, дараа нь сувилалд хэвтэж, шавар эмчилгээ хийлгээд гайгүй болсон. Би мэргэжлээс шалтгаалах групптэй, жилд нэг удаа сувилалд явдаг юм. Заримдаа цочрол өгөхөөр татчихдаг, тэр үед нь өвчин намдаах эм уугаад л гайгүй болдог. Хоёр жилийн өмнө нурууны зураг авахуулж, гурав, дөрвөн үе суулттай, шохойжилттой, сайн эмчлэхгүй бол яваандаа бөгсөн бие чинь мэдээгүй болж магадгүй шүү гэж эмч хэлсэн л дээ. Гэтэл би тоохгүй явж байгаад хүндрүүлчихлээ. Тэгээд Д.Нацагдорж гуай дээр ирж үзүүлэхэд “Ужиг өвчин чинь хүндрээд, мэс засалд орж болзошгүй байна шүү” гэсэн. Манба Дацан эмнэлгээс тан авч уугаад тэр даруй өвчин намдаад, эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд сайхан болсон. Одоо би тууштай эмчлүүлнэ.
-Та өмнө нь уламжлалтаар эмчлүүлж байсан уу?
-Би уламжлалт анагаах ухааны талаар мэднэ, өмнө нь эмчлүүлж байсан. 1996 онд миний элэг муудаад эмчлүүлж байсан юм. Би групптэй учраас хагас жил тутамд мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээ өгдөг. Гэтэл 2014 онд үзүүлсэн чинь элгэн дээр толбо байна, хавдар байж магадгүй, Хавдар судлалын эмнэлэгт үзүүл гэсэн. Томографит үзүүлж, маркер, эсийн шинжилгээ өгөхөд 2,1*1,4-ийн хэмжээтэй хоргүй хавдар байна, В, С вирусгүй учраас огцом хортой хавдар руу шилжих магадлал бага гэж Европ анагаахын эмч нар хэлсэн. Гурван сар тутам эход харуулж, сар болгон эмчийн хяналтанд үзүүлж байх ёстой гэлээ. Хоёр жил хяналтанд явсан. Тэр хооронд хамба лам Д.Нацагдорж гуайд ирж үзүүлээд тан авч гурван сар уусан. Гурван сарын дараа эход үзүүлэхэд таны хавдрын хэмжээ багассан байна гэсэн. Тэгээд хоёр жилийн дараа дахин томографит үзүүлсэн чинь та хавдаргүй болсон байна, одоо эмчийн хяналтанд байх шаардлагагүй гэсэн. Хяналтаас гараад жил гаран болж байна. Өнгөрсөн жил бас шээсний гарц муудаад Хамба ламаас тан авч уугаад гайгүй болсон. Сая ирэхэд та тууштай сайн эмчлүүлээрэй гэсэн. Би ч амлалт өгсөн байгаа. /инээв/
-Тэгвэл та уламжлалт анагаах ухааны талаар сайн мэдэх нь ээ?
-Уламжлалт эм, эмчилгээ сайхан шүү дээ. Ямар нэгэн гаж нөлөөгүй. Уламжлалт анагаах ухааныг европ анагаах ухаантай харьцуулахад маш үр дүнтэй. Европ анагаах ухаан мэс засалдаа гарамгай. Уламжлалт эмчилгээ хэдий удаан хугацаанд явагддаг ч өвчнийг үндсээр нь эмчилдэг. Цэцэг ургасан газар хонь, ямаа туугаад явахад л тэр цэцэг дуусна, гэхдээ хойтон зун нь дахиад л ургана. Европ эмчилгээ бол яг үүн шиг цэцгийн толгойг нь тасдаад үндсийг нь үлдээдэг шиг өвчин дахин сэдэрч, ужгирдаг. Уламжлалт эмчилгээ бол тэр цэцгийг дахиж ургахгүй болтол нь, өөрөөр хэлбэл тухайн өвчнийг үндсээр нь тасалж, төгс төгөлдөр эмчилдэгт давуу тал нь байгаа юм. Бүхий л эд эрхтэнийг ижил хэмжээнд, тухайн эрхтэндээ хор нөлөөгүйгээр эмчилдэг. Тиймээс л би уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлэх дуртай. Хүүхдүүд маань ханиад томуу хүрсэн үед Манба Дацангийн эмийн сангаас сороол 7, лидэр аваад буцалгаад өгчихдөг. Уламжлалт анагаах ухаан сайн гэдгийг мэддэггүй хүмүүс бас байна шүү. Өвс уугаад эдгэдэг хүн байдаг юмуу гэж хэлж байсан хүнтэй таарч байсан. Уламжлалт эм уугаад, эмчилгээ хийлгээд миний хавдар эдгэсэн л юмдаа.
-Манба Дацан эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ танд ямар санагдав?
-2008 онд манай эхнэрийн бие өвдөөд, бүх бие нь хавагнасан. Тэгэхэд энэ Манба Дацан эмнэлэг өөр байранд байхад нь ирж үзүүлээд эдгэрч байсан. Одоо эмнэлэг маань шинэ байртай болж, илүү тав тухтай болсон байна. Эмч нар нь ч чадварлаг, өвчтөндөө сэтгэлээсээ хан-даж, эмчилж байгаа нь их сайхан санагдлаа. Сайхан сайхан уламжлалт эмчилгээ хийлгэлээ. Энэ эмнэлгийн харъяа Оточ Манрамба Их сургуулийн оюутнууд дадлага хийдэг юм байна. Маш сайн эмч нар бэлддэг. Өмнө нь манай эхнэр эмчлүүлж байхад Оточ Манрамба Их сургуулийг төгссөн эмч н.Баттогтох гэж мундаг эмч байсан. Манба Дацан эмнэлгийн эмч нар ч бас Оточ Манрамбыг төгссөн юм билээ. Орой бүр жижүүр эмч, дадлагын оюутнууд Манла бурханы ном уншдаг. Үйлчлүүлэгчид их таатай хандаж байна. Би мэддэг тарни, итгэл, мэгзэмээ уншаад даган баяссан. Үнэхээр үр дүнтэй сайхан эмчилгээ хийлгээд гарсандаа баяртай байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин 2018 он №01 /42/

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн