Манба Дацан Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын Төв /МУЭСТ/ нь “Гиперлипидеми /Цусанд өөх тос ихсэх/ өвчний үе дэх Монголын Уламжлалт Анагаах Ухааны эмчилгээний үр дүнг үнэлэх нь” сэдэвт төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийг хэрэгжүүлсэнээр цусан дахь өөх тос ихсэлтийг үр дүнтэй бууруулах, өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болоод байгаа зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх чухал ач холбогдолтой юм. Төслийн талаар Манба Дацан МУЭСТ-ийн Эрдэм шинжилгээний албаны дарга, УАУ-ы их эмч, АУ-ы доктор Н.Сайнбуянтай ярилцлаа.

-“Гиперлипидеми /Цусанд өөх тос ихсэх/ өвчний үе дэх Монголын Уламжлалт Анагаах Ухааны эмчилгээний үр дүнг” сэдэвт төслийг хэрэг-жүүлсэнээр ямар ач холбогдолтой вэ. Яагаад энэ сэдвийг сонгож авах болов?
-Манай Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургууль нь 2011 оноос хойш Тайваны их, дээд сургууль, эмнэлгүүдтэй хамтарч ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд 2012 оноос хойш эмнэлзүйн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, боловсон хүчин солилцох зэргээр олон ажлыг хийж ирсэн бөгөөд манай төвийн гурван багш, эмч Тайванд эрдмийн зэрэг цол хамгаалсан. 2017 онд ШУТСангаас зарлагдсан Тайваньтай хамтарсан төсөлд манай энэхүү төсөл шалгарсанаар судалгааны ажил маань хэрэгжээд явж байна. Төслийг хэрэгжүүлж байгаа хоёр тал цусанд өөх тос ихсэх өвчнийг ижил аргазүйгээр буюу олон улсад эмнэлзүйн судалгаанд хэрэглэгддэг давхар нууцлалтай, санамсаргүй түүвэрлэлттэй аргачлалаар явуулж байгаа бөгөөд эмчилгээний төгсгөлд үр дүнгийн харьцуулалт хийнэ. Эмчилгээний үр дүнг тооцохдоо лабораторийн шинжилгээ, УАУ-ы асуумж, судас, шээсний өөрчлөлт, хэл оношлогооны автомат системийн үзүүлэлт, биеийн жингийн индекс, бүсэлхийн тойрог, цусны даралт, зүрхний цахилгаан бичлэгт илрэх өөрчлөлт зэрэг олон үзүүлэлтээр тооцоолно. Гиперлипидеми буюу цусанд өөх тос ихсэх нь зүрх судасны өвчлөлийн эрсдэлт хүчин зүйл болдог. Зүрх судасны өвчин нь Монгол улсын хэмжээнд халдварт бус өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болж байгаа. Тиймээс энэхүү төслийг хэрэгжүүлсэнээр тусгайлан сонгосон уламжлалт эм, тангаар цусан дахь өөх тосыг бууруулж, бодит үр дүнг гарган зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх боломжийг бий болгох юм.
-Төслийн багийн гишүүдийг танилцуулахгүй юу?
Манай төсөлд зөвлөхөөр МУ-ын Хүний гавьяат эмч, профессор, Хамба лам Д.Нацагдорж, АУ-ы Доктор, Профессор Г.Чойжамц зэрэг мундаг эрдэмтэн багш нар маань ажиллаж байгаа. Мөн УАУ-ы их эмч Б.Батчимэг, Иммунологич Б.Ариунзаяа нарын бүрэлдэхүүнтэй. Тайвань талаас National Sun Yat-sen Их сургуулийн профессор John Y. Chiang-аар удирдуулсан УАУ-ы эмч болон инженерүүдийн хамтарсан баг ажилладаг.
-Төсөл хэдий хугацаанд хэрэгжих вэ. Одоо ямар шатанд явж байна?
-Гурван жилийн хугацаанд хэрэгжих төсөл юм. Бэлтгэл үе шат буюу онолын судалгааг нэг жилийн хугацаанд хийсэн. ЭМЯ-ны харъяа Ёсзүйн салбар хорооноос эмнэлзүйн судалгаа хийх зөвшөөрөл аваад 2018 оны зунаас эмнэлзүйн судалгаагаа хийгээд эхний үр дүн маш сайн гараад явж байна. Жишээ нь сийвэнгийн бага нягтралтай липопротейн хэвийн үед 3.37 ммоль/л-ээс бага байдаг бөгөөд манай судалгаанд хам-рагдсан эмчлүүлэгчдийн БНЛП эмчилгээний өмнө 8.35 ммоль/л байсан бол 2 сарын дараа 5.63 ммоль/л болж бууж нэг сарын дотор хэвийн хэмжээндээ орсон зэрэг урьдчилсан үр дүн гарч байгаа.
-Судалгаанд эмчлүүлэгсдийг хэрхэн хамруулж байгаа вэ. Ямар шаардлага хангасан хүмүүс судалгаанд оролцох боломжтой вэ?
-Цусанд өөх тос ихсэх өвчний хувьд нас бол эрсдэлт хүчин зүйл байдаг. Нас ахих тусам цусанд өөх тос ихсэх нь илүүтэй болдог. 2013 оны судалгаагаар монголчуудын 61,9 хувьд нь цусан дахь нийт холестрин ихэссэн, 42,5 хувьд нь муу өөх тос гэгддэг бага нягтралтай липопротейн ихэссэн үзүүлэлттэй гарсан байсан. Залуу хүмүүсийн цусанд өөх тос ихсэх нь харьцангуй бага. Тарган махлаг л бол цусанд нь өөх тос ихэссэн гэж ойлгодог нь буруу. Туранхай хүмүүст ч илэрч байгаа. Тиймээс бид судалгаандаа 35-65 насны БНЛП-Х 3.5< Гиперлипидемитэй хүмүүсийг нэлээн нарийн шалгуураар сонгон авч хамруулж байгаа. Элэгний хатуурал, бөөрний дутагдал, ямар нэг төрлийн хавдартай, ургамлын гаралтай эмийн бэлдмэлээс харшилтай хүмүүсийг хамруулахгүй байгаа.
-Цусанд өөх тос ихэссэнээр ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Эхний үед ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Хоол ундны буруу хэрэглээ, хөдөлгөөний дутагдлаас болоод цусанд хэвийн байх ёстой өөх тос судасны хананд очиж тогтон хуримтлагддаг. Энэ үед ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Харин хуримтлагдсаар судас нарийсаж, түүгээр цус судасны хананд чөлөөтэй гүйж чадахаа болих үед даралт ихсэх зовиур гарна. Хуримтлагдсан өөх тос судас хатуурлын замаар, шигдээс, харвалт үүсгэх эрсдэлтэй. Уламж-лалт анагаах ухааны үүднээс авч үзвэл өөх тос нь хүний биед байдаг долоон тамирын нэг, махны тунгалгаас үүсдэг зүйл юм. Цусанд өөх тос ихэссэнээр бие хүндрэх, залхуу хүрэх, нус цэр арвидах зэрэг бадган, өөх аривдах шинж тэмдгүүд илүүтэй илэрдэг. Гиперлипидеми өвчний үед тодорхой шинж тэмдэг илэрдэггүй болохоор Америкийн Зүрх судасны нийгэмлэгээс 20-оос дээш насны хүмүүс 4-6 жилдээ цусан дахь өөх тосоо шинжлүүлж байхыг зөвлөдөг.
-Хүмүүсийн дунд өөх тос муу гэсэн нийтлэг ойлголт байна л даа. Өөх тосноос бүр татгалзах нь зөв үү. Өөх тос нь хүний биед ямар хэрэгцээтэй вэ?
-Хүний биед сайн бас муу өөх тос бий. Хоол унднаас ч гэсэн сайн чанарын өөх тосыг авч, муугаас нь татгалзах хэрэгтэй. Өөх тос нь уламжлалт анагаах ухааны үүднээс авч үзвэл биеийг тослогжуулан төлжүүлж, бие махбодыг дулаанаар хангах, биеийн өнгө зүсийг тодруулж, оюун, ой тогтоолт, сэтгэл санааг баттай байлгахад нөлөөтэй байдаг. Ер нь өөх тос хэрэггүй гэж ойлгож болохгүй. Аливаа зүйлд өөрийн гэсэн тохиромжтой хэмжээ бий. Түүнийг тэнцвэртэй байдалд нь л байлгах хэрэгтэй. Хэт ихдүүлэх, эсвэл багадуулах нь тохиромжгүй. Уламжлалтаар цусанд өөх тос ихсэх нь галын илчтэй холбоотой. Галын илч сайн байх тусмаа өөх тос хэвийн байна. Галын илч муудаад эхэлвэл өөх тос ихсээд ирнэ. Тиймээс хоол ундандаа юу хэрэглэж байгаагаа байнга анхаарч, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх хэрэгтэй.
-Төслийн үр дүнг хэрхэн төсөөлж байгаа вэ?
-Монголын уламжлалт анагаах ухаан нь олон мянган жилийн түүхтэй. Тиймээс бидний хэрэг-лэж байгаа уламжлалт эм наандаж 3 мянган жил практикт хэрэглэгдээд ирсэн. Төслийн хүрээнд бид лабораторийн шинжилгээгээр цусанд нь өөх тос ихэссэн үзүүлэлттэй хүмүүсийг судалгаандаа хамруулж, үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, батлагдаж, нотлогдсон жорын дагуу Манба Дацан эмийн үйлдвэрт сүүлийн 29 жил үйлдвэрлэн практикт нэвтрүүлсэн, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмээр эмчилгээ хийж байгаа. Эхний судалгаанд хамрагдсан хүмүүсээс маш сайн үр дүн гарч байна. Цусан дахь өөх тос нь өндөр байсан хүмүүс хэвийн хэмжээндээ хүрч байна. Зарим хүмүүст нэг сарын дотор үр дүн гарч байгаа бол заримд нь хоёр сар, заримд нь гурван сарын дотор үр дүн гарч, өөх тос нь хэвийн хэмжээндээ орсон. Төслийн эмнэлзүйн судалгаа үргэлжлэх гурван сарын хугацаанд цусан дахь өөх тосны хэмжээ хангалттай бууж байгаа нь харагдсан. Өрнийн анагаах ухаанд Гиперлипидемийн үед статины бүлгийн эмүүдийг зөвлөдөг. Статины бүлгийн эмүүд нь цусан дах өөх тосыг буулгадаг ч эмээ хэрэглэхээ болихоор дахин өсчих гээд байдаг, зарим хүнд толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих зэрэг гаж нөлөө үзүүлдэг. Харин уламжлалт эмийг хэрэглэснээр ямар нэгэн гаж нөлөө илэрсэн байдал одоогоор бүртгэгдээгүй байна. Тиймээс уламжлалт эм нь цусан дахь өөх тосыг гаж нөлөөгүйгээр маш богино хугацаанд буулгаж чадаж байгаа гэж үзэж болохоор байна. Цаашдаа судалгаанд хамрагдаж буй хүмүүсийн бие нь эрүүлжээд зүрх судасны хүндрэлээс сэргийлж чадна гэдэгт итгэлтэй байгаа.
-Төслийн үр дүнг хэл оношилгооны автомат системийн тусламжтайгаар дүгнэнэ гэсэн. Энэ талаар тодруулбал?
-Бид эмчилгээнийхээ үр дүнг лабораторийн шинжилгээгээр голлон үнэлэхээс гадна давхар хэл оношилгооны автомат системийг ашиглан тооцоолох зорилттой байгаа. Уламжлалт анагаах ухаан нь харах, хүрэлцэх, асуух гэсэн гурван аргаар оношилдог. Хэл болон шээс оношилгоо нь харах оношилгоонд ордог. Хэл нь цусны судас, мэдрэлийн судас, тунгалгийн судсаар маш баялаг булчинлаг эрхтэн. Цусны судсаар зүрхтэй, мэдрэлийн судсаар тархитай шууд холбогддог, хоол боловсруулах замын эхлэл учраас дотор эрхтэний толь гэж нэрлэдэг. Дотор эрхтэний мэдээлэл хэлэн дээр тодорхой илэрдэг. Цусан дахь өөх тосыг лабораторийн аргаар цусны шинжилгээ аваад тодорхойлдог. Энэ нь ямар нэг байдлаар хүнд зовиуртай. Тиймээс цаашдаа энэ автомат системийг хөгжүүлсэнээр хүний биед ямар нэгэн хатгалт хийхгүйгээр хэлнийх нь зургийг аваад тооцоолол хийж, цусанд өөх тос ихэссэн байна уу гэдгийг оношлох боломжийг эрэлхийлж байгаа юм. Хэл оношилгооны автомат систем нь хэлэн дээр илэрдэг 9 онцлог шинжийг бүртгэж тоон үзүүлэлт гаргадаг.
-Тэгэхээр энэхүү төслийн цар хүрээ, үр дүн Монголын уламжлалт анагаах ухааныг олон улсад таниулах нэг алхам болох нь ээ?
-Тиймээ, манай төслийн баг өнгөрөгч 11-р сард ОХУ-ын Москва хотноо болсон Уламжлалт анагаах ухааны олон улсын хуралд оролцож явц, урьдчилсан үр дүнгээ танилцуулж илтгэл тавиад олон улсын эрдэмтдэд хэлэлцүүллээ. Судалгааны үр дүн гараад ирэхээр олон улсын сэтгүүлд нийтлүүлж үр дүнгээ танилцуулна. Бид энэхүү төслийг хэрэгжүүлсэнээр цусан дахь өөх тосыг богино хугацаанд буулгаж, хүн амыг зүрх судасны эрсдэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх уламжлалт эм, эмчилгээний нотолгоо гаргах болно. Энэ нь Монголын уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээний онцлогийг орчин цагийн анагаах ухааны лабораторийн шинжилгээгээр нотолгоонд суурилан танилиулж байгаа нэг ажил юм. Монголын уламжлалт анагаах ухаан нь өөрийн гэсэн онол шүнтэй, Монголчуудын оюуны өв сан бөгөөд үр дүн өндөртэй уламж-лалт эм, эмчилгээг хэрэглэж, өвчнөөс ангижрах, эрүүлжих боломжтой гэдгийг олон нийтэд таниулах чухал ач холбогдолтой байх болно.

-Ярилцсанд баярлалаа.

 

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн