Оточ Манрамба Их Сургуулийн 2008 оны төгсөгч, Сүхбаатар аймгийн Уламжлалтын эмнэлгийн эрхлэгч Б.Анхбаяртай ярилцлаа. Түүний санаачилгаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар уламжлалтын шинэ эмнэлгийг байгуулсан юм.  Тус эмнэлгийг иргэдийн саналд тулгуурлан барьсанаараа онцлог бөгөөд судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 63 хувь нь уламжлалтын эмнэлэг барих шаардлагатай гэсэн саналыг өгчээ.

-Юун түрүүнд Сүхбаатар аймаг шинэ уламжлалтын эмнэлэгтэй болсонд баяр хүргэе. Орон нутагт энэ хэмжээний дагнасан уламжлалтын эмнэлэг байгуулна гэдэг үнэхээр том ажил. Эмнэлгийг орон нутгийн иргэдийн эрэлт хүсэлтийн дагуу байгуулсан гэсэн. Эмнэлгийнхээ талаар ярихгүй юу?

-Би 2008 онд Оточ Манрамба Их Сургуулиа төгсөөд аймагтаа уламжлалтын эмчээр ажиллахаар очсон.  Тэр үед манай тасаг нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн хоёр өрөөнд байрладаг байсан. Ажиллаж эхэлснээсээ хойш уламжлалтын тасгийг тусад нь байгуулан ажиллаж эхэлсэн. Уламжлалтын тасаг байгуулснаар ч үйлчлүүлэгч ихтэй болж, хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байсан. Хүмүүс сар гаран хүлээж байж хэвтдэг болсон. Тэр үеэс тусдаа эмнэлэгтэй болвол сайхандаа гэж боддог байсан юм. 2012 онд эмнэлэг байгуулах санаачилга гарган аймгийнхаа удирдлагуудад танилцуулахад их дэмжсэн. Тэр үеэс төсөл бичиж, Хэнтий аймгийн эмнэлгийн барилгыг үзэж танилцан зураг төсөл гаргах зэрэг бүхий л ажлыг хийсэн. 2008 онд ажиллаж эхэлснээсээ хойш бүхий л хугацаанд уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэхийн төлөө хичээж ажилласны үр дүнд ийнхүү том эмнэлэгтэй болж байна. Орон нутагт ийм эмнэлэг байгуулна гэдэг бас том ажил байдаг юм байна. 2014 онд анх барилгынхаа шавыг тавьсан. Орон нутгийн хөрөнгөөр барьсан болохоор төсөв мөнгөний асуудал их хүнд байсан ч олны хүчээр эмнэлгээ ашиглалтанд орууллаа.

-Эмнэлгийн үйл ажиллагаа эхлэхээр илүү олон хүнд уламжлалтын эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломжтой болно. Эмч мэргэжилтний хүрэлцээ Сүхбаатар аймгийн хувьд ямар байна вэ. Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгчдөөс Сүхбаатарт ажиллаж байна уу?

-Манай эмнэлэг 20 ортойгоор үйл ажиллагаа явуулна, мөн амбулаторийн үйл ажиллагаа явуулна. Одоо иргэд үйлчлүүлэгчид маань “Эмнэлэг хэзээ үйл ажиллагаагаа эхлэх гэж байна” гээд өдөр бүр асуугаад их л хүлээлттэй байсан. Манай эмнэлэгт Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгчдөөс надаас гадна хоёр эмч хамтдаа ажиллаж байна. Бид бүгдээрээ шинэ эмнэлэгтэй болсондоо баяртай байгаа.

-Таны хувьд 11 жил уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг орон нутгийн иргэддээ хүргэж ажиллажээ. Энэ хугацаанд хичнээн хүн оношилж, эмчлэв. Орон нутагт ажиллах ямар байна бэ?

-Энэ хугацаанд манай тасгаар жилд дунджаар 360-380 хүн хэвтэн эмчлүүлдэг. Амбулаториор жилд 600 гаран хүнд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Одоо бүр л ихсэх байх. Орон нутагтаа анх ирээд тасаг нээгээд ажиллах бас л амаргүй байсан. Намайг төгсөөд ирэхэд эмнэлгийн дарга Я.Гармаа гэж эмч байсан. Я.Гармаа эмч маань намайг маш их дэмжсэн. Тэгээгүй бол уламжлалтын тасаг маань ингэж эмнэлэг болтлоо өргөжихгүй байсан болов уу. Анх манай уламжлалтын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийг дотрын тасгийн эмч нар давхар үзэж хянадаг байсан. Одоо бол бид бие даан үйл ажиллагаа явуулдаг болсон. Дөнгөж төгсчихөөд мэдэхгүй зүйл их байсан, тэр үедээ Хамба багш, Г.Одонцэцэг багш болон бусад багш нараасаа олон зүйлийг асууж, зөвлөгөө авдаг байлаа. Шинэ тасаг учраас их л завгүй хичээж ажилладаг байлаа. Номоо үзэж уншиж, өөрийгөө боловсруулж, хөгжүүлэх тал дээр их анхаардаг байсан. Ер нь байнга л номоо үзэж, мэдлэгээ бататгаж, боловсруулж байхгүй бол болохгүй шүү дээ.

-Сүхбаатарчуудын хувьд уламжлалтын эмчилгээ үйлчилгээг хэрхэн хүлээж авдаг вэ?

– Анх уламжлалтын тасгаа нээж байхад хүмүүс “За нэг хэвтээд үзье” гэсэн хандлагаар эмчлүүлдэг байсан бол одоо өөр болсон. Тэд уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээг ойлгодог, өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэдэг, өвчнөө оношлуулж эмчлүүлэх, уламжлалтын мэдлэг ухаанд суралцах хүсэлтэй болсон. Одоо манай эмнэлэгт өөр аймгуудаас, Улаанбаатар хотоос хүртэл хүн ирж эмчлүүлдэг болсон.

-Сүхбаатар аймаг, зүүн аймгуудын хүн амын дунд ямар өвчлөл зонхилж байна вэ?

-Манай аймагт хоол боловсруулах замын өвчин эмгэг, зүрх судас, даралт ихсэх эмгэг, мэдрэлийн өвчин эмгэг, нуруу бөөрний өвчин, харвалтын дараах үе мөчний өвчин эмгэг их байна.

-Оточ Манрамба Их Сургуулийн олон төгсөгч орон нутагт уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлж байна. Энэ бол уламжлалт анагаах ухааны хөгжилд маш том хувь нэмэр оруулж байгаа хэрэг болов уу. Та ямар зорилготой ажиллаж байна?

-Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгч эмч нараас орон нутагт мэргэжлээрээ ажиллаж уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлж байгаа олон эмч байгаад би их баярлаж, бахархаж явдаг. Уламжлалт анагаахын онол шүнг ёсоор нь заалгаж, эзэмшсэн бид л энэ салбарыг түүчээлж авч явах ёстой хүмүүс. Манай сургуулийн төгсөгчид маань хоорондоо холбоотой ажиллаж, нэг нэгэндээ тус дэмтэй явдаг. Миний хувьд уламжлалтын тасгаас биеэ даасан эмнэлэгтэй болох хүртэл ойрын зорилт тавин ажилласан. Одоо эмнэлгээ хөл дээр нь босгож, ард иргэдэд “Уламжлалт анагаах ухаан гэдэг чинь ийм том салбар, ийм хэрэгтэй анагаах ухаан байдаг” гэдгийг ажил үйлсээрээ үзүүлж, үр дүнг нь гаргах зорилт тавьсан. Ойрын хугацаанд орон нутагтаа рашаан, шавар эмчилгээтэй болохыг зорин ажиллаж байна.

-Сургуулийнхаа онцлог давуу талыг юу гэж тодорхойлох вэ?

-Манай Оточ Манрамба Их Сургууль бол жинхэнэ дамжлагын эмч нарыг бэлтгэн төгсгөж байгаа. Уламжлалт анагаах ухааны онол шүнг эрдэм мэдлэгтэй багш нараасаа номын ёсоор заалгаж, дамжуулан уламжилж авдаг учраас онолын өргөн мэдлэгтэй болдог. Дадлагын бааз эмнэлэгтээ 6 жилийн турш дадлага хийдэг учраас практик ур чадвар талаасаа ч сайн суралцдаг. Хамгийн чухал зүйл бол Манла бурханы айлдсан ёсоор анагаах ухааныг Буддизмын нэгэн салбар гэдэг утгаар нь нарийн уялдаа холбоонд нь үзэж,  хүнлэг энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлсэн эмч нар бэлтгэн төгсгөж байна. Тиймээс ч манай төгсөгчид бид хаана ч явсан сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж, уламжлалт анагаах ухааныг амьтны тусад дэлгэрүүлье гэсэн чин сэтгэлтэй явдаг.

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн