Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургуулийн Ерөнхийлөгч, Хамба лам Д.Нацагдорж 2019.03.27-04.02-ны өдрүүдэд Тайландын Чан рай хотын School of Traditional and Alternative Medicine /STAM/ Их сургуульд айлчилж, хоёр сургуулийн хамтын ажиллагааны талаар ярилцан, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Хамтран ажиллах гэрээнд Оточ Манрамба Их Сургуулийн Ерөнхийлөгч, Хамба лам Д.Нацагдорж, School of Traditional and Alternative Medicine сургуулийн Ерөнхийлөгч доктор, профессор Sornchai Mungthaisong нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээ үзэглэх үйл ажиллагаанд тус сургуулийн захирал, доктор, профессор Yingyong Taoprasert, доктор Kanyanoot Taoprasert тэргүүтэй эрдэмтэн багш нар оролцлоо.

School of Traditional and Alternative Medicine сургуулийн Ерөнхийлөгч доктор, профессор Sornchai Mungthaisong хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах үеэрээ хэлсэн үгэндээ “Оточ Манрамба Их Сургуулийн ерөнхийлөгч, Хамба лам Д.Нацагдорж багштай уулзсандаа маш их баяртай байна. Түүн шиг хүнтэй урьд өмнө уулзаж байсангүй. Би буддын шашинтай хүн. Манай сургууль маш олон жлийн түүхтэй. Төгсөгчид маань дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй иргэдийн эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байдаг. Бид уламжлалт анагаах ухааныг дэмжин хөгжүүлэх зорилготой. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд манай сургуулийн багш, оюутнууд Оточ Манрамба Их Сургуулиас олон зүйлийг сурна гэдэгт итгэлтэй байна. Цаашид Оточ Манрамба Их Сургуулийн багш, оюутнууд манай сургуульд айлчлан хамтран ажиллах, туршлага солилцох олон боломж бүрдэх болно. Манай хоёр сургууль нь олон улсын хэмжээний мэргэжилтэн бэлтгэдгээрээ онцлогтой. Тиймээс хоёр сургуулийн хамтын ажиллагаа маш их үр өгөөжтэй байна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Айлчлалын хүрээнд Хамба лам Д.Нацагдорж тус сургуулийн багш, оюутнуудад Монголын уламжлалт анагаах ухааны үүсэл, хөгжил, өнөөгийн байдлын талаар лекц уншиж, Оточ Манрамба Их Сургууль, Манба Дацан МУЭСТ-ийн талаар танилцуулсан юм. Мөн тус сургуулийн бааз эмнэлэг, эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан туршлага солилцлоо.

School of Traditional and Alternative Medicine /STAM/ Их сургууль нь уламжлалт анагаах ухаан, эмзүй, уламжлалт бариа засал, эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр бакалавр, магистр, докторын сургалт явуулдаг. Тус сургууль нь Тайландын Эзэн хааны ивээл дор үйл ажиллагаа явуулдаг Тайландад төдийгүй Азид томоохонд тооцогдох сургуулиудын нэг юм.

Хамтран ажиллах гэрээний дагуу туршлага солилцох, магистр, докторын сургалтанд оюутан солилцох чиглэлд ажиллахаар тохиролцсон бөгөөд хамтын ажиллагааг 2019 ондоо эхлүүлэн энэ зунаас мэргэжилтэн солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.

 

 

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн