ОХУ-ын БННСаха /Якут/ улсаас хүрэлцэн ирж, “Манба Дацан” эмнэлэгт эмчлүүлээд буцаж буй Павлова Валентина, Потанова Тамара, Николаева Марина, Потапова Екатерина, Кардашевская Альбина, Климова Зоя нарын зургаан иргэнийг нутаг буцахынх нь өмнө “Манба Дацан” МУЭСТ-ийн Ерөнхийлөгч, хамба лам Д.Нацагдорж хүлээн авч уулзсан юм. Тэрхүү уулзалтын дараа тэднээс “Манба Дацан” эмнэлгийн үйлчилгээний талаарх санал сэтгэгдлийг нь сонслоо.

-Та бүхэн “Манба Дацан” эмнэлгийн талаарх мэдээллийг хэрхэн авч, ирж эмчлүүлж байна вэ?

Николаева Марина /“Газфром” хийн үйлдвэрт оператор/: Өнгөрсөн хавар манай улсаас хоёр хүн энэ эмнэлэгт ирж эмчлүүлсэн. Тэдний нэг нь миний эгч л дээ. Эгч маань хэрэх өвчний улмаас хөл дээрээ ч явж чадахаа больсон юм. Ингээд “Манба Дацан” эмнэлэгт ирж эмчлүүлснийхээ дараа бие нь эрс сайжирч, одоо эгч маань нутагтаа ногоо тарьж, ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байна.

Ингээд бид эгчээс авсан мэдээллийн дагуу найз нөхөд, хамаатан саднаараа нийлээд зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг болж монголыг зорьж ирсэн. Бидний дийлэнх нь мөн ялгаагүй үе мөчний асуудалтай байгаа урчаас энэ эмнэлгийг сонгож ирсэн.

Павлова Валентина /БННСаха улсын татварын албаны эдийн засагчаар ажиллаж байсан/: Интернэтээр нэмэлт мэдээлэл авсан. Монголоос нийт зургаан эмнэлгийн санал ирснээс “Манба Дацан” эмнэлгийг сонгож ирсэн. Шалтгаан нь европын шинжилгээтэйгээ хосолсон лабораторийн шинжилгээтэй, цус, шээс гэх мэтийн шинжилгээнүүдийг давхар авдаг, түүнээсээ гадна давхар судсаар оношлодог нь онцгой санагдсан. Оношийн хувьд европ болон уламжлалаа хослуулсан нь их таалагдсан даа.

-Та бүхний биед илэрч байсан зовиурууд багассан уу. Эмчилгээний арга, үр дүн таалагдаж байна уу?

Кардашевская Альбина /Барилгын инженер/: Хүйтэн, сэрүүн нөхцөлд амьдардаг учраас хүйтэн хий өвчин давамгайлчихсан байсан юм билээ. Түүнчлэн үе мөчний үрэвсэл, судасны нарийсал хатуурал, зүрх судасны өвчин, даралт, үе мөч, нуруу, хүзүүний өвдөлт гэх мэт нийтлэг зовиурууд байсан. Бид өмнө нь солонгос, хятад оронд мөн очиж эмчлүүлж байсан л даа. Бусад орны эмчилгээтэй харьцуулахад, “Манба Дацан” эмнэлэг өөрийн гэсэн уламжлалт хэв маягтай эмчилгээ хийдэг юм байна. Эмчилгээний үр дүн маш сайн байгаа. Дээр өгүүлсэн зовиурууд багассан. Сэтгэл санаа өндөр байна, эрүүлжиж байна. Бусад орны эмчилгээнээс өвөрмөц онцлогтой юм байна. Бүх биеийн бариа хийж байгаа боловч энэ бариа нь хийж байгаа хүн тус бүртээ зориулсан, өөр, өөр байдаг юм байна.

Ургамлын орцтой ус, рашааны зэрэг өвөрмөц эмчилгээнүүдээс авахуулаад олон төрлийн эмчилгээ байдаг юм байна. Ийм онцгой зүйлсийг бид танайд ирснээс мэдэрлээ.

-Монголын уламжлалт анагаах ухааны нэг онцлог нь хүн өөрөө өөрийгөө ойлгоход нь тусалдаг. Манайд ирж эмчлүүлээд та бүхэн өөртэйгөө холбоотой ямар шинэ зүйлийг нээж ойлгов?

Хүн эрүүл амьдрахын тулд идээ, ундаа, явдал мөрийг сахих хэрэгтэй байдаг. Явдал мөр гэхээр, ямар улиралд ямар хувцас өмсөх ёстой байдаг юм, ямар хоол унд идэх, ааш авир ямар байх ёстой юм гэдгийг хэлдэг юм байна. Уламжлалт анагаах ухаанд идээ ундаа 25 хувь, явдал мөр 25 хувиар эрүүл мэндийг сахин хамгаалахад үүрэгтэй байдаг. Идээ ундаа, явдал мөрийг зөв сахиж чадвал өөрийнхөө эрүүл мэндийг 50 хувь сахиж хамгаалж чадна гэдгийг эмч маань бидэнд хэлж өгсөн.

-Хүмүүс заримдаа эрүүл мэнддээ их хойрго, залхуу ханддаг. Хажуугийн эмнэлэг рүүгээ ч гүйж орохоос ч залхуурдаг үе байна. Гэтэл та бүхэн эрүүл мэндийнхээ төлөө хил дамнаад “Манба Дацан” эмнэлгийг зориод иржээ. Энэ хол замыг туулан манай эмнэлгийг зорьсон шалтгаан нь юу вэ?

Потанова Тамара /Орон нутгийн эмнэлгийн нүдний мэс заслын тасагт ажиллаж байсан/: Би өөрөө 43 жил европын анагаах ухааны сувилагчаар ажилласан. Эм бэлдмэл нь бидний биед муу гэдгийг хэлмээр байгаа. Антибиотек химийн орц найрлагатай байдаг учраас нэг эрхтнийг эдгээсэн ч нөгөө эрхтэнд хорлолтой байдаг.

Тийм учраас би хэдэн жилийн өмнөөс уламжлалт анагаах ухааныг сонирхож эхэлсэн. Энд ирснээр эмийн ургамлаа өөрсдөө буцалгаад, цаг цагт нь уухын дээр олон төрлийн эмчилгээнүүд хийлгэж байгаа нь маш сонирхолтой байна.

Климова Зоя /Улсын их сургуульд номын санчаар 45 жил ажилласан/: Би харшилтай учраас европ эм хэрэглэхээр эмнүүд нь төдийлөн зохьдоггүй юм. Харин монголын уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээ их зохиж байна.

-Эмнэлгийн ажилтнуудын үйлчилгээнд сэтгэл хангалуун байна уу?

Потапова Екатерина /БНСаха улсын татварын албаны хуульчаар ажиллаж байсан/: Биднийг орос хэлээр маш сайн ярьдаг эмч Ц.Амаржаргал хариуцан эмчилж байгаа нь бидний хувьд их азтай үйл явдал болж байна. Эмч маань маш хариуцлагатай, бидэнд бүх зүйлийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг, хичээнгүй хүн.

Түүнээс гадна бидэнд бариа хийсэн эмч нар үнэхээр алтан гартай, хичээнгүй хүмүүс. “Манба Дацан” эмнэлэг дэлхийд байхгүй үйлчилгээтэй гэж би хэлнэ. Юу вэ гэхээр, 24 цагийн турш, шөнө орой болсон байсан ч өвчтөнүүддээ уламжлалтын эмчилгээг хийж, өвчтөн тус бүртэйгээ тулж ажилладаг юм байна.

Бас биднийг “Манба Дацан” МУЭСТ-ийн Ерөнхийлөгч, хамба лам Д.Нацагдоржтой уулзуулсанд үнэхээр баяртай байгаа. Энэ бол бидний хувьд үнэхээр хүсч хүлээсэн мөч байсан. Хамба ламтан маш энгийн сайхан харилцаатай, сайхан сэтгэлтэй, ухаантай хүн юм. Тэр бидэнтэй ярилцаж, жилийн зурлагыг маань хүртэл зурж өгсөн шүү. Үүнд нь бид маш их баярлаж байгаа.

-Монголчууд, “Нутагтаа очоод ярих сонинтой боллоо” гэдэг. Түүн шиг та бүхэн нутагтаа очоод ямар сонин ярья гэж бодож байна вэ?

Кардашевская Альбина /Барилгын инженер/: Ямар эмчилгээ хийлгэж байгаагаа бид өдөр болгон тэмдэглэж байгаа. Уламжлалт анагаах ухаанд эмийн болон заслын эмчилгээг хийдэг юм байна. Заслын эмчилгээнд 36-40 төрлийн заслын эмчилгээ байдгийн зөвхөн нэг нь бүх биеийн зөөлөн бариа юм байна. Цаашилбал толгойн бариа, төөнүүр, бумба, зүү гээд тоолвол 36-40 төрлийн бий. Ийм олон төрлийн эмчилгээний тактик, сонголттой байгаа нь сайхан санагдаж байна. Дэлхий дээр долоон тэрбум хүн байна гэж үзвэл тэр хүн болгон хоорондоо давтагдашгүй. Хэдэн настай, хаана төрсөн, ямар өвчнөөр өвчилж байсан гэдгээс шалтгаалаад энэ бүхэн нь хэзээ ч хоорондоо авцалдахгүйгээр байдаг учраас энэ эмчилгээ болгон хувь хүнд нь чиглэсэн байдгийг хүмүүст хэлэх хэрэгтэй болов уу. Бүх биеийн зөөлөн бариа гэхэд нийтлэг хийн сувгуудыг тэгшлэх, тамир тэтгэх, дархлаа сайжруулах, ядаргаа алжаалыг тайлах гэж байгаа боловч зөвхөн Альбинад, өөрт нь зориулсан байдаг юм шүү гэдгийг эмч маань бидэнд хэлсэн.

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн