Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны их эмчийн 1-р курсын оюутан Р.Зоригтбаатартай ярилцлаа. Тэрбээр “Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирлын албыг хашиж байгаад тэтгэвэртэй гарсан уул уурхайн инженер мэргэжилтэй хүн юм. Эмч болж түмэн олны тусын тулд буян бүтээх хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр энэ жил Оточ Манрамба Их Сургуульд элссэн байна.

-Таныг “Тавантолгой” ХК-ийн дэд захирал Р.Зоригтбаатар гэдгээр нь олон хүн мэдэх байх. Харин Оточ Манрамба Их Сургуулийн оюутан гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй болов уу. Яагаад Оточ Манрамба Их Сургуульд элсэн суралцах болов?

-Өмнөговь аймгийн Тавантолгойн уурхайд 25 жил ажилласнаас тал хувьд нь гүйцэтгэх захирал, сүүлийн тал хувьд нь дэд захирлаар ажиллаж байгаад 2017 онд тэтгэвэртээ гарсан. Энэ жил 62 нас хүрч байна. Тэтгэвэртээ гараад нэг жил амарчихаад энэ хичээлийн жилд Оточ Манрамба Их Сургуулийнхаа алтан босгыг алхлаа. Миний эмч болох хүсэл эрмэлзэл бүр хар багаас байсан. Тиймээс хожимдлоо гэж бодолгүй, эмч болох хүслээ биелүүлэхээр суралцаж эхэлсэн маань энэ. Одоо ч намайг Оточ Манрамба Их Сургуулийн оюутан Р.Зоригтбаатар гэдгээр олон хүн мэддэг болсон.

-Яагаад эмч бололгүй уул уурхайн мэргэжлийг сонгов?

-Би 1975 онд Өмнөговь аймгийн Нэгдүгээр арван жилийг төгссөн. Тэр үед нагац ах маань Өмнөговь аймгийн хүүхдийн эмч, орон нутагтаа нэлээд нэр хүндтэй хүн байсан. Нагац ах ээжид “За энэ Зоригтбаатарыг битгий эмч болгоорой, эмч мэргэжил хэцүү” гэж хэлдэг байсан. Тэр үед орон нутагт ялангуяа аймгийн төвийн сайн эмч нар үнэхээр хэцүү нөхцөлд ажилладаг байсан. Сумд руу дуудлаганд явна, жижүүрт гарна, өдрийнхөө ажлыг хийнэ гээд цаг наргүй ажилладаг. Тиймээс л эмч болгоод хэрэггүй, эрэгтэй хүүхэд инженер болох нь зүйтэй гэж хэлдэг байсан байх.

Эмчийн хувиараас татгалзах бас нэг шалтгаан байсан. Би гурван үеэлтэйгээ нэг ангид сурдаг байлаа. Гурвуулаа эмэгтэй, хоёр нь эмч болно гээд. Аавууд нь эмч байсан юм. Манай төгсөлтөөс анагаахын сургуульд намайг оролцуулаад 11 хүүхэд саналаа өгч байсан. Ирж байгаа хуваарь нь ердөө 7. Би тэр хуваарьт ороод шалгалт өгсөн бол мэдээж тэнцэхээр байсан. Гэхдээ үеэлүүддээ боломж олгоод эмчийн хуваариас татгалзаж, ахынхаа хэлснээр инженер болохоор шийдсэн.

Инженерийн ангид 200 гаран хүүхдээс 11-д жагсаж, тухайн үеийн Чехословак улсад Усны аж ахуйн яамны шугамаар өрмийн инженерийн хуваарь аваад явж байлаа. Тэнд очоод нэг жил хэлний бэлтгэлд суугаад, дараа жил нь ерөнхий эрдмээ үзээд, гуравдугаар курстээ нарийн мэргэжлээ сурдаг. Гэтэл тэр үед Чехословак улсад өрмийн инженерийн мэргэжилтэн бэлтгэхгүй өнжих болов. Тэгэхээр нь би нэг жил зүгээр байсан дор түргэхэн сургуулиа төгсмөөр байна гээд багш, захирлуудтайгаа уулзаад далд уурхайн ашиглалтын инженерийн ангид орлоо. Дипломныхоо ажлыг усны аж ахуйн өрмийн инженер мэргэжлээр бичье гэж тохироод, дахиад гурван жил сураад өрмийн инженер, далд уурхайн ашиглалтын инженер гэсэн хоёр мэргэжилтэй, нэг дипломтой төгсөж байлаа.

Нутагтаа буцаж ирэхэд “Чи Усны аж ахуйн яамны нэр дээр сургуульд явсан юм чинь энэ чиглэлээрээ ажилла” гээд Дорноговь аймгийн Усны аж ахуйн ерөнхий инженерээр томиллоо. Би 6, 7 дүүтэй, эцэг эхдээ тус болъё, нутагтаа очиж ажиллая гээд Усны аж ахуйн яамны үүдэнд 13 хоног сууж байж Өмнөговь аймгийн Усны аж ахуйн удирдах газар руу бригадын даргаар томилогдож очиж байлаа. Тэндээ хоёр, гурван жил ажиллаад, 28-тайдаа цэрэгт яваад, эргэж ирээд Намын хорооны дарга, Ханбогд сумын Намын үүрийн дарга, Нэгдлийн дарга хийж байгаад 1992 оноос хойш Тавантолгойн уурхайн дарга, дэд захирлын албыг хашиж, тэтгэвэрт гартлаа уурхайдаа ажилласан даа.

-Таны төрөл саданд эмч хүмүүс олон байжээ. Удамд тань оточ маарамбууд байсан уу?

-Манай удамд оточ маарамба хүн байгаагүй. Ээж минь харин их сайхан сэтгэлтэй, хүн амьтныг эрүүл саруул, энх тунх байгаасай гэж санаа тавьдаг, зоосоор мэргэлдэг хүн байсан. Би хар багаасаа ээжийнхээ тэр нинжин сэтгэлийг бодож эмч болох юмсан гэж бодож явсан. Эмч болох хүслийг минь өдөөсөн бас нэг зүйл бий.

Би таван настайгаасаа нутгийнхаа хоёр хөгшинд туслаж, хурга ишгийг нь малладаг, ойр зуурын ажилд нь зарагддаг байлаа. Найман настай сургуульд орох хүртлээ зун болгон тэднийд ажиллана. Зун мал хариулаад явахаар толгой их өвдөнө, худаг дээр очоод хүйтэн ус хийлгээд гайгүй болно. Хаяа өөрөө нухаад явахаар зүгээр болчих шиг санагддаг байлаа.  Нэг удаа намайг чөдөртэй морь аваад ир гээд явууллаа. Горхины хажууд чөдөрлөчихсөн морьтой ноцолдоод ногтыг нь хийгээд ирэхийн хооронд нүд рүү өт цацчихлаа. Тэр үед хөдөөний хүмүүс энэ тохиолдолд нүд рүү нь хамрын тамхи хийж өтийг нь үхүүлчихээд адууны хялгасаар гогцоо хийгээд татаж авдаг байсан юм. Энэ мэтчилэн хөдөөний хүмүүст бэрхшээл их байдаг, түүнээс нь салгачих арга ухаанд суралцах юмсан гэж бодсон.

Гэртээ сумын төв дээр байсан үе, манай тэнд хазгар Балжид гэж хөгшин байсан юм. Нэг нүд нь огт байхгүй, хонхорхой. Түүн дээрээ даавуу тавьж боодог ч үгүй. Тэгсэн хүмүүс ярьж байна аа, “Хазгар Балжидын нүд нь өтчихөж гэнэ, өт цацсан үед нүдэн дээр нойтон мах тавичихдаг юм” гэхийг нь сонслоо. Тэгэхэд би гуравдугаар ангид л байсан болов уу, хүмүүсийн ярьж байхыг сонсоод хазгар Балжидынх руу давхичихлаа. Яваад очсон нүднийх нь өт нь бүр хөдлөж байна шүү. Тэр айлд ганц гуя дүүжлээстэй байснаас нь огтолж аваад нойтон талыг нь нүдэн дээр нь тавиад нэлээд байж байгаад авсан чинь өтнүүд нь маханд наалдаад гараад ирж байна. Ингэж авдаг юм шүү гээд хэлчихээд гэртээ харилаа. Нэлээд орой болсон хойно гэртээ ороод Балжид гуайн өтийг түүчихээд ирлээ гэсэн ээж загнаж байна аа. Тэгэхээр нь би “Ээжийн минь нүдэнд өт цацсан бол бас л түүнэ шүү дээ” гэсэн чинь ээж нээрээ ч тиймдээ гээд хэлэх үг олдоогүй гэсэн. Энэ мэтээр хүнд буян болохын тухайд эмч л болъё гэж бодсон.

Сургууль төгсөөд ажиллаж байх хугацаанд хүний амьдралд тохиолдох үхэл хагацал, янз бүрийн зүйлээс хараад ерөөсөө л эмч болъё гэж шийдэж, судлаж байгаад Оточ Манрамба Их Сургуульдаа орсон. Миний аз тохиоход яг ямар сургуульд орох вэ гэж судлаж байх үеэр Хамба багшийнхаа ярилцлагыг фэйсбүүкээс олж уншсан. Тэр ярилцлагыг уншаад л Оточ Манрамба Их Сургуульд суралцах нь зүйтэй юм байна гэж шийдсэн.

-Би таны фэйсбүүкээс харсан л даа. Зоригтбаатар захирал миний хүүгийн толгойг бариад тархины даралт нь зүгээр болсон гээд олон хүн сэтгэгдэл бичсэн байсан. Таныг маш сайн бариач гэж хүмүүс ярьдаг..?

-Мэргэжлийн сургуулийг нь төгсөөгүй байж ийм юм ярих нь зөв ч юмуу даа. /Инээв/ Усны аж ахуйн мэргэжлийн хүмүүс хөдөө гадаа их явна. Тэгж яваад айлд орохоор л тархи нь хөдөлчихсөн, бэртэж гэмтсэн хүмүүс аймаг сум руу явж чадахгүй сууж байдаг. Нэг жишээ ярихад, өглөө эрт нэг айлд давхиад очлоо. Хоёр хөгшин цайгаа чанаад угтаж байна. Өвгөн нь эр хонь барих гэж байгаад ойчиж, тархи толгой нь хөдөлсөн гээд ярилаа. Тэгэхээр нь толгойг нь бариад өгчихсөн чинь маргааш нь зүгээр болсон гээд хэл ирлээ. Энэ мэт хэд хэдэн хүүхдийн толгойг бариад, үр дүн нь сайн гараад, өнөөх хүмүүс бусаддаа хэлж дамжуулсаар нэг мэдэхэд хүмүүс “Намын үүрийн даргаараа толгойг нь бариулна” гээд ирдэг боллоо. Тухайн үед бариач, оточ хүмүүс хориотой байсан үе шүү дээ. Тэгээд бүр намын үүрийн дарга нь хүний толгой бариад явна гэдэг байж боломгүй зүйл. Гэхдээ би буян л болж байвал яахав гээд барьдаг байлаа.

Тэгж байтал намын үүрийн дарга нарыг Новосибирскд сургалтанд явууллаа. Тэр сургалтанд хамрагдаад очиход тэнд сурч байсан оюутнууд ирж уулзалт хийхэд шагайгаа гэмтээчихсэн нэг залуу “Та хэдийн дунд бариач байна уу” гэж байна. Би шагайг нь бариад өгсөн чинь маргааш нь зүгээр болчихлоо гээд ирлээ. Тэгсэн дахиад нэг монгол залуу сандал дээр гэдэсний таталт хийж байгаад нурж унаад тархи нь хөдөлчихсөн, оросын эмнэлэгт хэвтсэн чинь олигтой эмчилгээ хийхгүй мөртлөө гаргахгүй юм, та нэг очоод үзээд өгөөч гэж байна. Нөгөө залууг дагаад эмнэлэг дээр нь очлоо. Ах нь байна гэж хэлээд цагаан халад өмсөж ороод толгойг нь жаал барьж өгсөн чинь маргааш нь зүгээр болсон, эмнэлгээс гарчихлаа гэсээр ирж байна. Үнэхээр л түмэнд тус болж байгаа юм бол цаашид татгалзахгүй барьж байя гээд барьдаг болсон. Надад бариулаад эрүүл саруул болсон хүмүүс цаашаа хэлээд “Зоригтбаатар дээр очиж бариул” гээд явуулаад байдаг юм. Заримдаа ч санаа зовмоор. /Инээв/

-Одоо сургуульдаа сураад илүү онолын түвшинд суралцах боломжтой болж байгаа байх. Сургуульдаа суралцаж эхлээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-9 сарын нэгэнд орж ирэхдээ төвөд хэл заана гэдгийг мэдэж байсан ч маш их юм цээжлэнэ гэдгийг тооцоолоогүй байсан. Тэр үед “За би чадах болов уу даа” гэж бодсон ч эхний шалгалтаа өгөөд арван цагаан буян, арван хар нүглийн талаарх ойлголтыг үзэж, уламжлалт анагаах ухаан буддын шашинтай холбогддогийг мэдэж аваад их баярласан. Би зөв сонголт хийсэн байна, АШУҮИС-д орсон бол ийм зүйлсийг сурч чадахгүй байжээ гэж бодож байлаа. Олон мянган жилийн түүхтэй энэ гайхалтай анагаах ухааныг эзэмшиж байсан лам хуврагууд жинхэнэ эрдэмтэд байсан. Тухайн үед тэднийг муулж, хэлмэгдүүлж, үлдсэн хэдээс нь эрдэм мэдлэгийг нь сурч авах нь хаалттай байсан. 70-аад жил хаалттай, бараг тасраад байсан анагаах ухааныг Хамба багш маань сэргээн, ийм сайхан сургууль байгуулсан гавъяатай хүн. Тиймээс энэ хүнээс бид уламжлалт анагаах ухааныг сурч, уламжилж, хойч үедээ үлдээж өгөхгүй юм бол өөр хэн уламжилж үлдээхэв. Бид Оточ Манрамба Их Сургуульд сурсанаар төвөд хэлийг сурч олон нарийн нандин юмыг судлах боломжтой болж байгаад маш их баяртай байгаа.

-Та уламжлалтаар эмчлүүлж байсан уу?

-Уламжлалтаар эмчлүүлж байгаагүй. Би 28 хүртлээ ханиад ч хүрч үзээгүй, булчин шөрмөс сайтай, сайхан биетэй залуу байсан. Чехословак руу сургуульд явахад бүх шүд эрүүл, буцаж ирэхдээ ганц шүд хорхойтсон байсан. /Инээв/ Цэрэгт яваад омголон залуу насан дээрээ баргийн өвчнийг тоохгүй явж байгаад шарлаж, комд орсон. Арван хэдэн хоног ухаангүй байсан. Элэг багассан гээд цэргээс 11 сар болоод халагдсан. Тухайн үед цэргийн алба 2 жил байлаа шүү дээ. Тэр үеэс хоолны гам барьж, дан булчин мах идэх, цагаан идээ хэрэглэх, архи тамхинаас татгалзах зэргээр идээ унд, явдал мөрийн зүгээс маш их дэглэм барьж эхэлсэн. Одоо вирусгүй болоод дөрөв, таван жил болж байна. Уламжлалт анагаах ухааны идээ унд, явдал мөрийн эмчилгээ бол гайхалтай.

-Уламжлалт анагаах ухааны онцлог, давуу талыг та юу гэж хэлэх вэ?

-Өрнийн анагаах ухааны эм бүхэн ширүүхэн хэлэхэд хор болчихсон байна. Харин уламжлалт анагаах ухаан тийм биш. Эм тан нь хүний биед хор нөлөөгүй. Мэдээж тунг нь тааруулах хэрэгтэй. Уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээ, эмийн ургамлыг маш нарийн судлах хэрэгтэй. Би эмийн ургамлыг их сонирхдог. Манай говь нутаг эрдэс баялгаас гадна эмийн ургамал ихтэй. Гурван сайхан ууланд зөндөө сайхан ургамал бий. Нарийн мэдэхгүй ч зах зухаас нь мэднэ. Миний зун очиж тусладаг байсан айлын хамаатан шүүхэд ажилладаг Лувсанцэрэн гэж өвгөн байсан юм. Зуныхаа амралтаар тэднийд ирж Гурван сайхан ууланд гараад эмийн ургамал түүдэг байсан. Алтан дэгд, мөнгөн дэгд, зэс дэгд гээд гурван төрлийн дэгд, юмдүүжин, элдэв янзын ургамал түүж авчраад хатаана. Мөөг ч түүнэ. Би жаахан байсан болохоор нарийн учрыг нь асуудаггүй ч их сонирхоно. Нутгийн хүмүүс чийг бам боллоо, хавагналаа гэхэд нохойн хошуу, алтан үндэс түүгээд чанаад уучихдаг. Багадаа энэ бүхнийг сонирхож өссөн нь эмч болох хүсэл мөрөөдлийг маань хөглөсөн байх.

-Та амьдралдаа ямар зарчмыг баримталдаг вэ?

-Миний ээж үнэхээр түмний төлөө хүн байсан. Хүнд туслах, хүний төлөө гэсэн сэтгэл хамгийн нэгдүгээрт байх ёстой юм байна гэдгийг ээжээсээ харж, ухамсарлаж авсан. Би эмч болвол надад тэр зан төлөв бий. Худлаа хэлэхгүй байх нь чухал. Мөн би өөрийгөө “Минималист” хүн гэж боддог. Хоосон хонож, хоёр идэхгүй гэгчээр элдэв хөрөнгө цуглуулах, эзэмших, эдлэх сонирхолгүй. Надад том орон сууц, том машин гэх мэт зүйл байдаггүй. Бас нэр хүнд, албан тушаал, алдар гавъяаг хөөцөлдөөд байдаггүй.

-Та оюутан байж үзсэн. Оточ Манрамба Их Сургуулийн оюутны амьдрал ямар байна даа?

-Надад бол үнэхээр сайхан. Харин намайг энэ нөхөр одоо хичнээн жил сурч төгсөөд, хичнээн жил ажиллах юм, үр дүн нь ямар байх юм гэж боддог хүмүүс байдаг юм шиг байгаа юм. Чи ингэж олон жил сурахын оронд бариа заслын курс төгсөөд нутагтаа ирээд ажлын байр гаргаад бариа заслаа хийгээд сууж байхгүй юу гэдэг. Юм мэддэг хүмүүс бол намайг их дэмжинэ. Саяхан манайд морфологи орсон багш “Та бол сурна, таниас ч өндөр настай хүн сурч байсан” гэж хэлсэн. Хамба багш маань “Орчлонгийн явдлыг огоор” гэж хэлдэг. Хөгшин залуугүй энэ орчлонгийн явдалтай зууралдаж, бидэнд оногдсон алтан цагаа маш хариуцлагагүй өнгөрөөж байна. Тиймээс оюутан байх сайхан.

-Ангийнхан чинь голдуу 12-р ангиа төгсөөд ирсэн хүүхдүүд байгаа. Хэр найзлаж нөхөрлөж байна?

-Ангийнхан маань намайг Зоригоо ахаа гэдэг юм. Тэдэнтэйгээ найзлаж нөхөрлөлгүй яахав. Манай ангийн хүүхдүүдийн аав ээж нь намайг 10-р ангиа төгсөж байх үед буюу 1974-1975 онд төрсөн хүмүүс байгаа юм. Тэгэхээр бараг миний ач, зээ нартай чацуу гэсэн үг. /инээв/ Гэсэн ч заяа тавилангаараа нэг ангийн хүүхдүүд, үе тэнгийн юм шиг инээвэл инээгээд, тогловол тоглоод л явдаг юм.

-Анагаахын оюутнуудыг их ачаалалтай суралцдаг гэдэг шүү дээ. Та үүнийг яаж зохицуулж байна?

-Би залуучуудыг бодвол элдэв юманд сатаарах нас нь өнгөрсөн. Миний ганц зорилго бол сурах. Би телевиз ч үзэхээ больсон. Хүүхдийндээ байдаг болохоор хоол унд хийнэ гэхгүй, хийсэн хоолыг нь идчихээд номоо үзэж, хичээл амралтаа зохицуулаад явдаг.

-Таны цаашдын зорилго?

-Би 6 жил сураад төгсөхөөөр 67-той төгсөнө. 67 гэдэг хижээл насандаа явж байна гэсэн үг. Гэхдээ уламжлалт анагаах ухаанд 70 хүртэлх насыг залуу үе гэдэг. Манай хадам аав, ээж хоёр 90 гарсан хүмүүс бий. Тэдний дайны амьдрахад надад дахиад 30 жил байна. Энэ 30 жилд хөгшин болсон, ажил хийхгүй байгаа гээд өдрийг өнгөрөөж болмооргүй байна шүү дээ. Ялангуяа уламжлалтын эмчээр сураад төгссөн тохиолдолд түмэн олонд туслах боломж байна.

Би эмнэлэг байгуулж ажиллана. Надад эмнэлгийнх нь байр бэлэн байгаа. Би Тавантолгойн хувьцаатай байсан хүн. Гэтэл Хөрөнгийн бирж гэж хариуцлагагүй газар нэг мэдэхэд миний хувьцаанаас арилжчихсан байсан. Тиймээс үлдсэн хувьцаагаа зараад Өмнөговь аймгийн төв дээр хувийн сургууль байгуулсан. Хоёр жил ажиллуулаад зардлыг нь дийлэхгүй болохоор сургуулиа хаачихаад ирсэн. Төгсөөд тэр байрандаа эмнэлэг байгуулаад ажиллана. Манай сургуулийг төгсөж байгаа оюутнууд улс эх орондоо маш их юм бүтээх боломжтой хүмүүс. Тэр хүмүүс нэг ч гэсэн эмнэлгийн байгууллага байгуулаад ажиллавал олон түмэнд буян болно. Тиймээс би буян болох талаас нь бодож эмнэлгээ байгуулъя гэж бодож байгаа юм. Эмнэлэг болох барилга маань Даланзадгад суманд миний хар багаасаа тоглож өссөн дэнж дээр ямар ч утаа тортоггүй эмнэлэг байгуулахад тохиромжтой газар байгаа. Төгсөх хүртлээ эмнэлгийнхээ хашаанд мод зүлэг тарьж, хашаа хайсыг нь бариад бэлдэж байя гэж бодож байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

 

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн