Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны хүний их эмчийн 6-р курсын оюутан С.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Удахгүй төгсөх гээд диплом хамгаалалтандаа бэлдээд завгүй байгаа байх. Ямар сэдвээр диплом бичиж байгаа талаар эхлээд ярихгүй юу?

-Би “Монголын уламжлалт анагаах ухааны түүх” сэдвээр Монгол Улсын хүний гавъяат эмч, Хамба багшийнхаа удирдлага дор диплом бичиж байна. Энэхүү сэдвээр бичих болсондоо маш их баяртай байгаа. Түүхийг судлаад ирэхээр олон талын мэдлэгтэй болдог юм байна. Монголчууд “Уламжлалт анагаах ухааны дөрвөн үндэс” хэмээх гайхамшигтай бүтээлд хувь нэмрээ оруулсан байдгийг судалгааны ажлынхаа хүрээнд мэдэж авлаа. Монголчууд эрт дээр үеэс эхлэн өөрсдийн гэсэн сонгодог эм, эмчилгээний хөтөлбөрүүдтэй байсан байна.  Жишээлбэл, Хүннүгийн үед л гэхэд “Хүннүгийн үрэл” гэх алдартай үрэл байсан гээд олон талт мэдлэгийг хуримтлуулж байгаадаа баяртай байна.

-Оточ Манрамба Их сургуулийн оюутнууд их ачаалалтай суралцдаг гэдэг. Үүнийг яаж зохицуулж ирсэн бэ. Туршлагаасаа хуваалцаач?

-Миний хувьд эхлээд өөртөө зорилт тавьж, аливаа зүйлийг цаг тухайд нь чин сэтгэлээсээ хийж, өөртөө мэдлэг болгож авах үүднээс ихээхэн хичээдэг. Мөн багшийнхаа өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийгээд явбал амар байдаг. Манай сургуулийн оюутнуудын хувьд өөр өөр арга барилтай байдаг байх л даа. Олон зүйлийг давхцуулж хийх, төлөвлөгөөний дагуу ажиллах зэрэг  зарчимуудыг ашиглаж байгаа байх.

-Төгсөөд хаана ажиллах вэ. Ирээдүйн зорилгоо хэрхэн тодорхойлсон бэ?

-Ирээдүйд маш сайн судлаач, мөн сайн эмч болъё гэж бодож байна. Бидний үздэг “Анагаах ухааны дөрвөн үндэс” бол их гүн утга агуулгатай ном. Энэ номны үзэл баримтлал, номлож байсан үе шат дахин давтагдашгүй. Өмнөх мэдлэгээ сайтар бататгаж байж дараагийн түвшинд ахин дэвших шаардлагатай байдаг. Тиймээс номынхоо хэсэг тус бүрийг бодитой мэдэж байж дараа дараачийн зүйлийг судлах ёстой. Миний эхний зорилго бол сургуулиа амжилттай төгсөөд цаашдаа сургуульдаа багшаар үлдье гэсэн зорилготой байна. Манай сургууль бол шүнгийн эмч бэлтгэж байгаа цорын ганц сургууль гэж хэлэхэд буруудахгүй. Тиймээс хурдацтай хөгжиж байгаа энэ эрин үед уламжлалт анагаах ухааны гайхамшигийг хүн ард, цаашлаад дэлхийн түвшинд хөгжүүлэх мэдлэг чадвартай жинхэнэ шүнгийн эмч нарыг бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Хүнд эрдэм ном зааж сургана гэдэг тухайн хүнээсээ давсан олон талын мэдлэгтэй байх шаардлагатай гэж боддог. Тиймээс ч багш нар шигээ сайн багш, сайн судлаач болж шүнгийн эмч нарыг төрүүлэхийг хүсч байна.

-Оточ Манрамба Их Сургуулийг яагаад сонгож, элсэх хэрэгтэй вэ. Оточ Манрамба Их Сургуулийг сонирхож байгаа хүүхдүүд их байгаа байх л даа. Тэдэнд энэ асуултын хариулт их чухал байгаа болов уу?

-Хүн заяаг олж төрнө гэдэг дээд хувь заяа. Бурханы шашинтай учирч эмч болоод “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийг үзнэ гэдэг үнэхээр гайхалтай. Манай сургууль бусад сургуультай харьцуулахад хүнийг хүн төлөвт нь ёс суртахуунтай,төлөвшилтэй чадварлаг мэргэжилтэн болгож сургадаг.

-Сургуульдаа сураад зургаан жилийн хугацаанд юуг олж авсан бэ?

-Энэхүү сайхан дээдийн номтой учраад нэг л мэдэхэд зургаан жил болжээ. Энэ хугацаанд маш их хүмүүжлийг, хүнийг хайрлах сэтгэлийг олж авлаа. Ганц хүнийг ч гэлтгүй, бүхий л зүйлийг хайрлах, хүндэтгэх сэтгэлийг олж авсан. Мөн сургуульдаа ороод насныхаа ханьтай учирсан. Манай эхнэр бид хоёр нэг ангид сурдаг. Эхнэртэйгээ хоёрдугаар курсээсээ үерхэж эхлээд, хөөрхөн хүүтэй болоод сайхан амьдарч байна. Хамт хичээлээ хийнэ, бүхий л зүйл дээр надад туслаж, дэмждэг. Намайг зөв чиглэлд хөтлөн, үргэлж түшиг тулгуур маань болдог. Эхнэр маань дээдийн ном үзсэн, хүний төлөө гэсэн сэтгэлтэй сайхан бүсгүй бий. Бид хоёр хоёулаа энэ анагаах ухааны номыг үзэж, нэг сэтгэл зүтгэлээр амьдарч байгаа болохоор бие биедээ их дэмтэй, хүндэтгэлтэй байдаг. Ер нь эмэгтэй хүнийг хайрлаж, хүндэтгэх хэрэгтэй. Энэ бол маш чухал зүйл. Манай сургуулиас гэр бүл болсон маш олон төгсөгчид байдаг. Тэд хамтдаа анагаах ухааны төлөө зүтгэж байгаад талархалтай хандаж, үлгэр дуурайлал авдаг.

-Мэргэжлийнхээ онцлогийг тодорхойлохгүй юу?

-Хүмүүс уламжлалт анагаах ухааныг архаг хууч өвчинд сайн, Европ анагаах ухааныг өвчний эхний үе шатанд сайн гэсэн сэтгэлгээтэй байгаад байх шиг байна. Монголчууд эрт дээр үеэс өвчнөөс урьдчилан сэргийлж, шинэ үед нь анагаадаг байсан. Ерөнхийдөө Манба Дацангуудын зорилго тийм байсан гэж үзэхэд буруудахгүй байх. Мэдээж хэрэг бусад эм, эмчилгээ засал, гүрмээ хийдэг байсан. Манай сургуулийг төгсөж гарч байгаа эмч нар хүнийг цогц байдлаар нь оношлож, эмчилж чаддаг. Өвчнийг шалтгаанаас нь эхлээд төгсөх хүртэл бүхий л зүйлийг хамруулж авч үздэг. Тэр байтугай сэтгэл санааны байдалтай нь уялдуулж авч үздэг. Энэ бол маш том онцлог. Уламжлалт анагаах ухаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх маш том ойлголт ухаан бий. Үүнийг олон нийтэд түгээж, өвчлөлийг бууруулах чадвар мэдлэгтэй хүмүүс бол уламжлалтын эмч нар, тэр дундаа Оточ Манрамба Их сургуулийн төгсөгчид.

-Сургуульдаа элсэн орж байсан үеийн дурсамжаасаа хуваалцаач?

Би багадаа хүнд өвчин тусаад 6 нас хүртлээ бүрэн төгс эмчлэгдэж чадахгүй хэвтэрт орж байсан л даа. Тэр үед Хамба багш маань намайг эмчилсэн юм. Энэ үеэс эхлээд л би Хамба багш шигээ сайн эмч болохыг хүсч, энэ сургуульдаа элсэн орсон.

АУ-ы доктор Г.Одонцэцэг багшаараа Га үсэг заалгаад энэхүү дээдийн номыг үзэх эхлэл маань тавигдсан. Манай сургууль оюутнуудыг нэгдүгээр курсээс нь эхлээд л үе шаттайгаар зөв хөгжүүлж ирдэг. Тиймээс ч би Оточ Манрамба Их Сургуульд элсэн суралцсандаа баяртай байдаг.

-Сургуулийнхаа юугаар бахархдаг вэ?

-Уламжлалт анагаах ухааныг дээд түвшинд сургаж, оюутнуудынхаа төлөө гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй, энэхүү анагаах ухааныг хөгжүүлж байгаад нь баярлаж, бахархдаг.

-Уламжлалт анагаах ухааны түүхийн талаар судлаад үзэхэд өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар маш сонирхолтой зүйлүүд гарч байна гэсэн. Энэ талаар тодорхой хэлж өгөөч?

-Өвчнөөс урьдчилан сэргийлэх маш олон арга байна л даа. Монголчуудын хувьд л гэхэд идээ, явдал мөр, эм, өдөр тутмын амьдралын хэв маяг зэрэг нь маш гайхамшигтай байсан байна. Жишээлбэл, зуны улиралд мах иддэггүй цагаан идээ айраг, борцыг голчлон хэрэглэдэг, хүн бүхэн өөрийн гэсэн аяга, халбагатай байсан байгаа юм. Эдгээр нь хувь хүний өвчнийг өөр бусаддаа дамжуулахгүй гэсэн өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудын бас нэг зүйл нь л дээ.

-Уламжлалтын эмч нарын ирээдүйг хэрхэн төсөөлж байна?

-Одоо уламжлалт анагаах ухааны эрин үе эхэлж байна гэдгийг уламжлалтын эмч мэргэжилтнүүд хэлж байна. Бидний амьдарч байгаа энэ цаг үед он, цаг улирах тусам халдварт өвчин, хорын өвчин, халдварт өвчин ихээр гарна гэсэн Манла бурханы зарлиг бий. Энэхүү зарлиг биелэлээ олж сүүлийн жилүүдэд халдварт өвчин маш их дэлгэрч, түүнд тохирсон тусгай эмчилгээ алга байна шүү дээ. Энэ үеийг бурхан багш одоогоос хэдэн мянган жилийн өмнө илтэд мэдээд зарлигласан байдаг. Мөн хэрхэн эдгээрээс сэргийлэх талаар ч зарлигласан. Манла бурханы зарлиг хүчийг авч, Манла бурханаа шүтэж чадсан хүн өвчин эмгэггүй, өвчин туссан ч хүндрэхгүй эдгэрнэ. Эдгээр өвчнүүдийг шүнгийн буюу шат дамжлагаар дамжиж ирсэн эмч нар эдгээж, анагааж чадна гэсэн зарлиг байдаг. Үүнтэй их нийцэж байгаа. Одоо Өрнийн анагаах ухаанаар тайлж чадахгүй олон өвчин гарч байна. Үүнийг уламжлалт анагаах ухааны эмч нар л эмчилж эдгээнэ. Ингээд үзэхээр бид ихэд хичээж энэхүү үзэж байгаа номондоо чин сүжигтэй байж чадвал уламжлалт анагаах ухааны ирээдүй гэрэл гэгээтэй байхаар байна.

-Оточ Манрамба Их Сургууль шүнгийн эмч бэлтгэдэг гэсэн шүү дээ. Шүнгийн эмч гэдэг ямар мэдлэг чадвартай эмчийг хэлэх вэ?

-Багшаас дамжлага авч, анагаах ухааны номыг бүрэн утгаар нь багшаар хөтлүүлэн үзэж, багшийн зааж байгаа зүйлийг ёсчлон сурсан заватай хүнийг шүнгийн эмч гэж хэлнэ. Бид нэгдүгээр курсээс эхлээд төгсөн төгсөтлөө зава буюу онолоо цээжилж, дадлагын бааз эмнэлэг дээрээ практикт дадлагажин суралцдаг. Төгссөнийхөө дараа ч үргэлж давтаж, уншиж байж цээжиндээ тогтоодог. Сайн эмчийн цээжинд зава үргэлж байдаг гэдэг үг бий.

-Завагаа хэрхэн цээжилж, тогтоодог вэ. Таны арга барилыг сонирхоё?

-Яг тогтсон зава цээжлэх арга гэж байхгүй л дээ. Хүн бүрийн хувьд харилцан адилгүй байдаг. Миний хувьд бол заваг уншина, бас өөрийн  сэтгэлдээ тэрхүү заван дээр гарч байгаа утгуудыг бодоод цээжилчихдэг л дээ. Заваг бол тэгээд тухайн үед нь цээжлээд болчихдог гэхдээ мартдаг. Тиймээс байнга л дадуулж байх хэрэгтэй. Тэгж байж оюун бодолдоо баттай суулгаж сайжирна.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн