ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи бизнесийн сургуулийн удирдлагууд өнөөдөр Манба Дацан МУЭСТ-ийн Ерөнхийлөгч, хамба лам Д.Нацагдоржид хүндэтгэл үзүүллээ. Хамба лам Д.Нацагдорж тус сургуулийг 1978 онд Усны аж ахуйн техникум байхад нь гидротехникч мэргэжлээр төгсч байжээ.

1969 онд анх үйл ажиллагаа эхлүүлж байсан сургууль саяхан 50 жилийн түүхт ойгоо тэмдэглэж, энэ хүрээндээ үе үеийн төгсөгч-алдартнууддаа хүндэтгэл үзүүлж буй нь энэ юм. Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи бизнесийн сургуулийн захирал Л.Пүрэвээ, Инноваци хөгжлийн төвийн захриал П.Ганхуяг, Сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга Б.Одончимэг нар Манба Дацан МУЭСТ-д хүрэлцэн ирж, хамба лам Д.Нацагдоржид Европын холбооноос нутагшуулж, Патрик технологийн дагуу үйлдвэрлэсэн нарс модны суулгацыг ойн дурсгалын зүйлстэй хамт гардуулав. Хамба лам Д.Нацагдорж ойжуулах, мод тарих, байгаль хамгаалах чиглэлээр төрөлх сургуулийнхантайгаа хамтран ажиллахаар ярилцлаа.

Хамба багш Д.Нацагдоржийг оюутан байх үед ХАА-н салбарын усжуулалт, цаг уурын чиглэлээр мэргэжилтэн боловсон хүчнээр хангаж байсан тус сургууль өдгөө ХАА-н эдийн засаг, ХАА-н инженер, газар тариалан, Хүрээлэн буй орчны хамгаалал, судлал чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг болжээ.

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн