Хандив өргөх

Бусдад туслахуй Анагаах ухааны МАНБА ДАЦАН хийд

Бусдад туслахуй Анагаах ухааны МАНБА ДАЦАН хийд

Манба Дацан МУЭСТ, Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан Хийд 2019- 2020 онд “Манла бурхадын Лолан хот мандал”-ыг бүтээх буяны их үйлсийг эхлүүлж байна. Энэхүү Лолан хот мандал нь найман Оточ бурхад хийгээд 51 бурхан сахиусуудын шүтээнийг багтаасан томоохон хэмжээний түүхэн буяны бүтээлт үйл хэрэг болой.

МЭӨ 897 онд Бурхан багш бээр долоон Манла бурхадын жүдийг айлдсан тэрхүү цагаас эхлэн хүн төрөлхтөн цөвийн цагийн итгэлт, түүнчлэн заларсан Манла бурхадын адис жинлав, ач буяныг хүртэж, зовлон бүгдийг ариусгаж, буяныг бүтээж, бурханы хутгийг олж, ариун дагшин диваажинд заларсаар л байна. Бид Лолан хот мандлыг бүтээж байгаа нь Манла бурхадын амьтан бүхнийг адислан аврах ерөөлийн хүч, адис жинлавын эрин цаг үе морилон ирж буйг илэрхийлж байгаа юм.

Бурханы шашинд Лолан хот мандлыг шавар, мод, эрдэнэсээр бүтээдэг уламжлал олон зууны турш уламжлагдан ирсэн. Бидний бүтээх гэж буй Манлын Лолан хот мандлыг алт, мөнгө, шүр, сувд, номин тэргүүтэн есөн эрдэнэ хийгээд олон эрдэнэсийг оруулж бүтээхээр ерөөл буяныг үйлдэж байна. Энэхүү Лолан хот мандлыг суурийн хэсэг болон бодит хэсгийг оролцуулвал 3х3 метрийн өргөнтэй, 3,5 метрийн өндөртэйгээр бүтээнэ. Монголчуудын өнгөрсөн үеийг авч үзэхэд өнөөдрийн бидний бүтээх гэж буй Манлын томоохон хэмжээний Лолан хот мандлыг бүтээж байсан тохиолдол түүхийн хуудсанд хараахан тэмдэглэгдээгүй байна.

Бурхан багшийн айлдсан номын ёс нууц тарнийн дөрвөн Дандарын ёсоор хот мандлыг хэд хэдэн янзаар бүтээдэг. Тухайлбал, зурж бүтээх Дүлцон хот мандал, бөс даавуун дээр зурж бүтээх Араври хот мандал, бясалгал бүтээлтэй холбоотойгоор алт, эрдэнэсээр урлан сүндэрлүүлэн бүтээдэг Лолан хот мандал гэж байна. Ло гэдэг нь оюун санаа, сэтгэл, Лан гэдэг нь бүтээн босгох, байгуулах гэсэн утгатай.

Лолан хот мандлыг бүтээх нь энэ төрөлдөө бүтээх буяны цогц үйл явдал юм. Энэхүү Лолан хот мандлыг харваас үзэсгэлэнтэй, сэтгэлд зохистой, мөргөсөн, сүсэглэсэн, бодсон, бясалгасан төдийд адис жинлавын их хур бууна. Бурхан Гончогсүм, лам багш нарын адис жинлавыг агуу ихээр хүртэх ач холбогдолтой.

Бодитой Манла бурхадуудтай уулзан учрах ерөөл буян бүтэх болно. Нууц тарнийн бясалгалын бэлгэ билгүүн, оюуныг хүртэх мэдлэгийн их гуу сан. Манлын бясалгалыг хийж бүтээхэд бодит үр дүн ихтэй. Амьтны тусыг бүтээхийг хүсэгчдийн зам мөрийн гарын авлага болно. Манла бурхадын ариун дагшин номын оронд төрөх, ном сонсох, ном номлох, бусдын тусад бурханы хутгийг олох тэргүүтэн цаглашгүй их буяныг бүтээж байгаа нь гайхамшигтай.

Манба Дацан МУЭСТ, Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд нь энэхүү Лолан хот мандлыг бүтээн залахад Сүсэгтэн олон буяны үйлсэд чин сүсэг сэтгэлээрээ буяны хандив, өргөл өргөн оролцсоноор улс орон, ард иргэд хийгээд хамаг амьтан амар жаргалантай байж, байгалийн гай гамшиг, гадна дотны барцад саад, нүгэл хилэнцийг ариусган арилгаж, санасан бүхэн нь сэтгэгчлэн бүтэж, нас нь уртсаж, их буян хурааж, бурханы ариун оронд төрөх тэргүүтэн цаглашгүй тус эрдэмтэй. Энэхүү буянт үйл нь бидний бурханы хутгийг олохыг хүртэлх төрөл тутамд минь шамшигдахгүй буян болж, зам мөрийг гэрэлтүүлэх болно.

Сүсэгтэн, буяны садангууд та бүхнийг эрдэмт хүмүүний төрөлдөө буян нь дэлгэрч бурханы хутгийг олох хүртэл цаглашгүй тус эрдэмтэй энэхүү буяныг бүтээх үйл ажиллагаанд сэтгэлийн өглөг өргөж, хамтдаа “Манла бурхадын Лолан хот мандал”-ыг бүтээцгээе.

Та бидний бүтээсэн цаглашгүй буян арван тавны саран адил арвижин дэлгэрч, бурханы хутгийг олох болтугай.

Хандивын данс: 5059455046
Холбоо барих утас: 80988971, 99040811

Сүсэгтэн олон, хувь хүн, албан байгууллагаараа буян номын үйлд шамдан хийд оронд жиндаг өргөж хурлыг даах хийгээд зул барих, өргөл өргөх зэргээр хийдэд хандив өргөх боломжтой.

“Манла бурханы хүүхдүүд” нийгэмлэг нь Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн тэргүүн Хамба лам Д.Нацагдоржийн санаачлага болон олон нийтийн дэмжлэгээр 2005 оны 09 сарын 06-ны өдөр байгуулагдаж хууль зүй, дотоод хэргийн яамны 2005 оны 10 сарын 13-ны өдрийн 164 тоот тушаалаар №5161, РД:10584112 тоот гэрчилгээг авч улсын бүртгэлд бүртгэгдсэн олон нийтэд үйлчилдэг ашгийн төлөө бус байгууллага юм.

Тус нийгэмлэгт гишүүнчлэлээр элсэн орсноор нийгмийн олон талт үйл ажиллагаанд хамрагдахаас гадна нийгэм рүү чиглэсэн сайн сайхан үйлс бүгдэд хувь нэмрээ оруулан бурханы шашны талаарх сургалтуудад хамрагдах боломжтой.

Мөн нийгэмлэгийн үйл ажиллагааны хүрээнд өөрсдийн сүсгээр хандив өргөх боломжтой.