“Манба Дацан” нэгдсэн эмнэлгийн их эмч Х.Пүрэвбадамтай уулзаж, уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг төөнүүр эмчилгээний талаар ярилцаж, уншигчдадаа энэ талаарх мэдээллийг өгөхийг зорьлоо.

 

    -Төөнүүр эмчилгээ гэж юу вэ, түүний ашиг тус нь юу байдаг юм бол?

-Хүний биед дотор эрхтэнүүдтэй холбоотой маш олон бэлчир болон суваг судал байдаг. Төөнүүр нь тухайн өвчлөлтэй байгаа эрхтний бэлчрийг халааж, суваг, судлыг нь нээж, үйл ажиллагааг нь дэмжих зорилготой эмчилгээ юм. Төөнүүр эмчилгээг эс шингэсэн өвчин, цайвар хаван болон суваг хаван, ходоодны галын илч доройтох, мах булчин болон ясны хавдар, галзууруулагч, умартуулагч ад, боом, хоосорсон халуун, судасны бүх өвчин гэх мэт ерөнхийдөө бадган, хийн болсон хүйтэн өвчнүүд, мөн хар цагаан судал, шар усны өвчин бүгдэд сайн эмчилгээ юм.

 

 

  -Хийнээс болсон хүйтэн, мөн хар цагаан судал, шар усны өвчин гэдэгт нийтлэг ямар зовиурууд илэрдэг вэ?

-Хийн хямралын үед толгой эргэх, чих шуугих, зүрхээр хатгуулах, сэтгэл санаа тогтворгүй болох, мартамхай болох, нойргүйдэх, зогьсуулах, хий ханиалгах, арьс хуурайших, өтгөн хатах, сарын тэмдэг алдагдах, арьсанд тууралт гарч загатнах, үе мөч өвдөх, уналт, таталт гэх мэт дурьдвал маш олон эмгэг зовиурууд илэрдэг.

    -Төөнүүр эмчилгээний үед болон дараа нь барих ёстой гам дэглэмийн талаар мэдээлэл өгөөч?

-Төөнүүр эмчилгээний үед болон дараа хүйтэн усанд гар дүрэх, хүйтэн ус уух, биеэ хүчтэй доргиох, биеийн хүчний ажил хийж болохгүй. Даарахгүй дулаан байхыг эрхэмлэх хэрэгтэй.

-Төөнүүр дотроо хэдэн төрөл байдаг вэ, тэдгээрийн тус бүрийн зориулалт нь юу вэ?

-Төөнүүр нь олон төрөл байдаг. Манай эмнэлэгт монгол төөнө буюу эмт бодис шингээсэн эсгий төөнүүр болон уул өвсөн төөнүүр, мөн нүүрсэн төөнүүрийг зонхилон хэрэглэж байна. Бадган, хийн бэлгэ чанар хямарсан өвчнүүдэд хийж байна. Уул өвс, нүүрсэн төөнүүр нь халуун, хөнгөн, хурц эрдэмтэй учир бадган болон бадган хий хавсарсан өвчинд, харин эсгий төөнүүр нь халуун, тослог, зөөлөн эелдэг эрдэмтэй учир дан хийнээс болсон өвчинд түлхүү хэрэглэж байна.

    -Төөнүүр эмчилгээний үр дүн хэдий хугацаанд гардаг юм бол?

-Ер нь бол тэр даруйдаа үр дүн нь мэдрэгддэг. Өвчний явц, үе шат, хүнд хөнгөнөөс шалтгаалаад хэдэн удаа, хэр хугацаагаар хийхийг тохируулна.

    -Гэрийн нөхцөлд төөнүүр эмчилгээг хийх боломжтой юу. Боломжтой бол юуг анхаарах вэ?

-Төөнүүр хийх хангалттай мэдлэг, туршлагатай бол гэрийн нөхцөлд хийж болно. Мөн эмчид үзүүлж, оношлуулсны үндсэн дээр сайтар заавар зөвлөгөө сайтар авч, гэртээ эмчилгээ хийх нөхцлөө бүрдүүлсний үндсэн дээр хийж болно. Харин төөнүүр эмчилгээг бусад эмчилгээтэй хавсарч хийж байгаа тохиолдолд эмнэлгийн нөхцөлд, мэргэжлийн хүмүүсээр хийлгэх нь илүү үр дүнтэй байдаг.

 

 

 

 

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн