Уламжлалт анагаах ухаанд хорхой өвчнийг ерөнхийд нь гадна орших /бөөс, хуурс/, дотор орших буюу хий, шар, бадган, цусны хорхой гэж үздэг. Бадганы хорхой голлон ходоодонд оршино. Хийн хорхой олгойд, шарын хорхой шар үс, шүд, нүд, арьс, шулуун гэдэс, цусны судсанд оршдог. Эдгээр нь бүгд нянгийн өвчний шалтгаан болно.
Цагаан хорхойгоор ихэвчлэн хүүхдүүд өвчилдөг бөгөөд ариун цэврийг муу сахиулах, гараа дутуу угаах, жимс ногоог угааж цэвэрлэхгүй идэх, түүхий жимс, ногоо, түүхий сүү, тараг, амтлаг, чихэрлэг идээ унд, цагаан идээг хэтрүүлэн хэрэглэснээс хорхой өвчин үүснэ. Мөн гэрийн тэжээмэл амьтдаас халдварлах тохиолдол ч бий.
Ихэнх эцэг, эхчүүд хүүхдэд нь загатнах шинж тэмдэг илэрсэн хойно цагаан хорхойтсон байна гэдгийг мэддэг. Загатнах шинж тэмдэг илрэхээс өмнө хэвлийгээр хөөж томрох, их, бага өвдөлт мэдрэгддэг. Хүүхэд оройгоор уйлж, олон хүний дуу чимээнд уурлан, эвхэрч хэвтэх, унтаж байхдаа яраглах, бөх унтаж чадахгүй байх зэргээр бие нь тавгүйрхвэл цагаан хорхойтсон байж магадгүй гэж үзэн эмчид үзүүлэх шаардлагатай. Цагаан хорхойг тоохгүй байж болохгүй. Ялангуяа эмэгтэй хүүхдийг маш сайн анхаарахгүй бол өвчилсөн тохиолдолд хор нөлөө ихтэй байдаг.
Хүүхдийн хошногоны амсар загатнах нь унтахын өмнө буюу шөнө оройн цагаар илүүтэй нэмэгддэг. Маажсанаас болоод хошногоны амсар шалбарч халдвар орж үрэвсэх эрсдэлтэй. Хялгасан хорхой идэвхитэй үедээ ойр орчимдоо өндгөө гаргадаг учир эмэгтэй хүүхдэд бэлгийн уруулын завсар, үтрээнд орж үрэвсүүлдэг. Тиймээс бэлгийн уруул загатнах, цагаан ялгадас гарах, шээхэд өвдөх зэрэг шинжүүд илэрнэ. Өвчилсөн тохиолдолд сайн эмчлүүлэхгүй бол хүндэрдэг өвчнүүдийн нэг бөгөөд эмчлэлгүй удаавал бөөрийг гэмтээх аюултай. Дээрээс нь хүүхдийн дархлаа суларч, тэжээлийн доройтолд орох эрсдэлтэй юм.
Цагаан хорхой өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдийнхээ хувийн ариун цэврийг сайн сахиулах, дотуур хувцсыг нь өдөр болгон солих, амтлаг идээг хэтрүүлэн хэрэглэхгүй байх хэрэгтэй. Цагаан хорхой нь хүүхдийн хумс болон бохир гараар дамждаг тул ариун цэвэр муу сахиснаар дахин дахин өвчлөх магадлалтай. Мөн хүүхдийн ор хөнжлийн даавуугаар дамждаг тул тогтмол угааж, индүүдэх, дотуур хувцсыг нь тусад нь угааж индүүдэж өмсгөх шаардлагатай.
Цагаан хорхойн эм зөвхөн хошногоны амсар дээр байгаа хорхойг туулгаж гаргадаг. Тиймээс нэг хэсэгтээ загатнаа, зовиур арилж, намжмал байдалд ордог ч өндөг нь үлдсэн байдаг учир эргэж сэдэрдэг. Энэ болгонд эм өгөх нь сөрөг нөлөөтэй бөгөөд төгс үр дүнтэй эмчилгээ болж чадахгүй. Тиймээс хүүхдийн дархлааг тэтгэсэн эм тан уулгах, уламжлалт анагаах ухааны нируха, зөөлөн шимт, угаалга зэрэг арилгах эмчилгээг эмчийн зааврын дагуу хийлгэх нь үр дүнтэй. Харин гэрийн нөхцөлд авч байгаа арга хэмжээнүүд шинж тэмдгийг дарж байгаа ч бүрэн эмчилж чадахгүй. Тиймээс мэргэжлийн эмчид хандаж эмчлүүлэх нь илүү үр дүнтэй гэдгийг анхаараарай.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн