Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх өнөөдөр Манба Дацан МУЭСТ-д зочлон, Хамба лам Д.Нацагдоржтой уулзлаа.

Тэрбээр Оточ Манрамба Их Сургууль, Манба Дацан Нэгдсэн эмнэлэг, Манба Дацан хийд, эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан, эмч, багш, оюутнуудтай уулзсан юм.

Хамба лам Д.Нацагдорж Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч, Манба Дацан МУЭСТ-д зочлож буйд талархлаа илэрхийлээд, Энэтхэг улсын соёл уламжлалыг хүндэтгэн, хоёр орны найрамдалт харилцааг эрхэмлэж, талархаж явдагаа илэрхийллээ.

Ноён, Элчин сайд М.П.Сингх болон Хамба лам Д.Нацагдорж Монголын уламжлалт анагаах ухаан нь Энэтхэгийн Аюурведийн анагаах ухаантай ижил төстэй бөгөөд Энэтхэг, Монгол хоёр улс анагаах ухааны салбарт хамтран ажиллах, эмч мэргэжилтнүүдийг солилцох, оюутнуудыг суралцуулах зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэх алхамуудыг хийх хэрэгтэй гэдэгт санал нийлж байлаа.

Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэн түүчээлж байгаа Манба Дацан МУЭСТ-д зочилсондоо баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

Тэрбээр хэлэхдээ “Оточ Манрамба Их сургууль, Манба Дацан эмнэлэг, хийд зэрэг танай төвийн салбар байгууллагын үйл ажиллагаатай танилцаад маш өндөр сэтгэгдэлтэй байна. Оточ Манрамба Их сургуулийн номын санд төвөд, монгол бичгээр бичигдсэн эртний ховор нандин судар бичиг байгааг харахад үнэхээр таатай байна. Манба Дацан төв нь хүн ардыг сурган хүмүүжүүлж, эмчлэн эдгээхээс гадна оюун санааг гэгээрүүлэх үйл хийж байгаад талархаж, бахархаж байна. Миний бие Манба Дацан нэгдсэн эмнэлгийн тухай, уламжлалт анагаах ухааны талаар сайн мэднэ. Учир нь эхнэр маань Монголд ирээд Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт үзүүлж, үнэхээр сайн үр дүнтэйгээр эмчлүүлэн эдгэрсэн. Тиймээс Хамба лам Д.Нацагдорж болон Манба Дацан төвийн эмч нартаа маш их талархаж, Монголын уламжлалт анагаах ухаан, Энэтхэгийн Аюурведийн анагаах ухааныг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн байна” гэсэн юм.

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн