Болгарын эрдэмтэн докторуудад Оточ Манрамба Их сургуулийн “Хүндэт доктор” цол гардууллаа

Posted on Posted in Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Оточ Манрамба Их Сургууль

Оточ Манрамба Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн хүндэтгэлийн хурал өнөөдөр /2017-05-19/ болж Бүгд Найрамдах Болгар улсын Русэ хотын “Angel Kanchev” Их сургуулийн доктор, профессор Kamen Petrov Milkov, Kiril Panajotov Panajotov нарт Оточ Манрамба Их сургуулийн “Хүндэт доктор” цолыг гардууллаа.

“Angel Kanchev” Их сургуулийн доктор, профессор Kamen Petrov Milkov, Болгарын Медика группийн захирал доктор Kiril Panajotov Panajotov нар манай улсад энэ сарын 15-нд хүрэлцэн ирсэн бөгөөд МУЭСТ Манба Дацан, Оточ Манрамба Их сургуультай хамтран ажиллаж, Болгар улсад Монголын уламжлалт анагаах ухааныг нэвтрүүлэн хөгжүүлэхээр зориод байгаа юм. Энэ дагуу хоёр тал хамтран ажиллах гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуран, эхний ээлжинд хоёр байгууллагын хооронд Мэргэжилтэн солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэн эмч мэргэжилтнүүдийг сургах, дадлагажуулах ажлыг энэ оны 9 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

МУЭСТ Манба Дацан, Оточ Манрамба Их сургууль, Болгарын Медика группийн хамтын ажиллагаа нь Монгол-Болгарын найрамдалт харилцааг улам бүр өргөжин хөгжүүлсэн, уламжлалт анагаах ухааныг Европт нэвтрүүлэх чухал үйл явдал болж байгааг тэмдэглэн ийнхүү доктор, профессор Kamen Petrov Milkov, Kiril Panajotov Panajotov нарт Оточ Манрамба Их сургуулийн “Хүндэт доктор” цолыг гардуулсан юм.

“Хүндэт доктор” цол гардуулах үеэр МУЭСТ Манба Дацан, Оточ Манрамба Их сургуулийн ерөнхийлөгч, Хамба лам Д.Нацагдорж хэлэхдээ “1991 онд Оточ Манрамба Их сургууль, 1992 онд Манба Дацан МУЭСТ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл Монгол улсын эрүүл мэнд, шашин, боловсролын салбарт 26 жил үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд бид Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх үйлсэд багагүй зүйлийг хийж, олон улсад өргөн хэмжээний гадаад харилцааг явуулсан. Үүний чухал нэг хэсэг бол өнөөдрийн Болгар улсын “Angel Kanchev” Их сургуулийн доктор, профессоруудад “Хүндэт доктор” цол олгосон явдал байв. Цаашид бид хоёр орны эрүүл мэнд, боловсролын салбарт хамтарч ажиллах хэтийн зорилт тавиад байгаа бөгөөд бидний хамтын ажиллагаа, Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх үйлс улам бүр өргөжин дэвжих болно гэдэгт итгэлтэй байна. Олон мянган жилийн түүхтэй Монголын анагаах ухааныг Европын орнуудад, тэр тусмаа бидний хамтрагч Болгар улсад уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх үйлсийн эхлэл тавигдаж байна. Бидний хамтын ажиллагаа цоо шинэ шатанд эхэлж байгаа учраас хоёр улсын дипломат харилцааг хүндэтгэж ажиллана” гэв.

Харин Медика группийн захирал, доктор Kiril Panajotov Panajotov “Манай хоёр байгууллагын хооронд томоохон хамтын ажиллагаа эхэлж, том алхамыг хийж байгаадаа баяртай байна. Би Хамба лам Д.Нацагдоржийг маш их хүндэлдэг. Оточ Манрамба Их сургууль намайг хүндэтгэн “Хүндэт доктор” цол гардуулсанд баяртай байна. Манай хоёр байгууллагын үйл ажиллагааны чиглэлд адил төстэй зүйл олон бий. Тиймээс Европын уламжлалт эмчилгээ, Монголын уламжлалт анагаах ухааныг хослуулан хөгжүүлж чадвал бид илүү их амжилтанд хүрнэ. Эхний ээлжинд бид эмч мэргэжилтнүүдээ солилцон сургаж, дадлагажуулж, ажиллуулах талаар харилцан тохирсон” гэсэн юм.

“Angel Kanchev” Их сургуулийн доктор, профессор Kamen Petrov Milkov мөн Оточ Манрамба Их сургуулийн “Хүндэт доктор” болсондоо баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Тэрбээр “Намайг Хүндэт доктор болгосон явдалд маш их талархаж байна. Хамба лам Д.Нацагдорж Болгарт буддын шашны тарни, номыг түгээн дэлгэрүүлсэн хүн. Манай Софи хотод л гэхэд 10 мянга гаруй буддын шашинтан байдаг бөгөөд тэд Хамба лам Д.Нацагдорж багшид үргэлж талархаж байдаг. Манай хоёр их сургууль хамтран ажиллах болсонд таатай байна” гэж байлаа.

Медика групп нь Болгартаа томоохонд тооцогдох орчин цагийн эмнэлгийн төв бөгөөд хөдөлгөөн эмчилгээ, реплекс эмчилгээ, шавар эмчилгээ зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 8 салбар эмнэлэгтэй. Тиймээс тус групп нь Монголын уламжлалт анагаах ухааныг өөрийн эмнэлгийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, цаашид хоёр улсын хамтарсан монгол эмийн үйлдвэрийг байгуулах, судалгаа шинжилгээний ажлыг хамтран хийх ажлуудыг шийдвэрлэх аж.

 

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн