“Судас барьж үзээд л онош хэлдэг нь үнэхээр гайхалтай шүү”

Posted on Posted in Манба Дацан эмнэлэг

Франц улсын иргэн, аялагч Fauvel Suzycatherine-тай ярилцлаа. Тэрбээр Азийн улс орнуудаар аялаж байгаа бөгөөд Монголд ирж, Монголын уламжлалт анагаах ухаанаар анх удаа эмчлүүлж үзээд өндөр сэтгэгдэлтэй байгаагаа хэлж байв.

-Танд Монгол орон ямар санагдав?
-Би дэлхийн улс орнуудаар аялах дуртай. Энэ удаад Азийн орнуудаар галт тэрэг болон автобусаар аялаад явж байна. Азийн орнууд дундаас Монгол улс миний сонирхлыг маш их татсан. Монгол орны байгалийн үзэсгэлэн, тал газар гэх мэт миний сонирхлыг татсан зүйл их бий. Тэр дундаа хөдөөний амьдрал маш их таалагдлаа.
-Монголд ирээд уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлж үзсэн гэсэн. Энэ монголд ирэх зорилгын чинь нэг хэсэг байсан уу?

-Монголын талаарх хөтөч ном дээр Уламжлалт анагаах ухааны сургууль, эмнэлэг, хийд байдаг гэж тэмдэглэсэн байсан. Түүнийг олж уншихад надад их сонирхолтой санагдаж байсан. Тэгээд монголд ирээд Манба Дацан хийдтэй танилцаад явж байтал миний хөтөч номноос уншиж байсан уламжлалт анагаах ухааны эмчилгээ, сургалт явуулдаг төв энэ хийдийн дэргэд байсныг мэдээд их баярласан. Тэгээд л шууд энэ төвийн тэргүүн, Манба Дацан эмнэлгийн зөвлөх оточ, Хамба лам Д.Нацагдоржтой уулзан, анх удаа судсаа бариулж оношлуулсан. Монголын уламжлалт анагаах ухааны судас оношилгоо үнэхээр гайхамшигтай юм билээ. Надад үнэхээр өндөр сэтгэгдэл төрүүлж чадсан.
-Та уламжлалт анагаах ухааны талаар өмнө нь бага ч болов ойлголттой байсан уу. Судас оношилгооны юу нь танд гайхалтай санагдав?
-Хятад, Солонгос, Япон зэрэг улсад уламжлалт анагаах ухаан байдгийг би мэднэ л дээ. Гэхдээ Монголын уламжлалт анагаах ухаан үнэхээр гайхамшигтай санагдлаа. Хамба лам Д.Нацагдорж миний судсыг барьж үзчихээд миний биеийн байдлын талаар шууд л хэлсэн. Би өөрийн биед илэрч байгаа зовиурын талаар юу ч хэлээгүй байхад намайг нэвт шувт харж байгаа юм шиг оношилсон нь үнэхээр гайхалтай байсан. Тиймээс би Манба Дацан эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Европт бол олон төрлийн шинжилгээ өгч байж өөрийн биеийн байдлын талаар 1, 2 хоногийн дараа оношлуулж, тодорхойлуулна шүү дээ. Тиймээс ч Европт уламжлалт анагаах ухааныг их сонирхож байгаа.
-Манба Дацан эмнэлэгт эмчлүүлээд таны бие сайжирсан уу?
-Тэгэлгүй яахав. Аялаад маш их ядарсан байсан. Одоо миний бие их хөнгөрсөн, маш их эрч хүчтэй болсон.
-Уламжлалт эмчилгээ танд ямар санагдав. Манба Дацан эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний талаар юу хэлэх вэ?
-Надад маш их таалагдсан. Олон төрлийн сонирхолтой эмчилгээнүүд байдаг юм билээ. Өдөр бүр массаж хийнэ, бумба, төөнүүр зэрэг эмчилгээнүүдийг хийсэн. Надад хамгийн сонирхолтой, үр дүнтэй санагдсан эмчилгээ бол рашаан эмчилгээ, шөлөнд оруулдаг эмчилгээ. Усан эмчилгээнд орж гарч ирээд маш их хөлөрдөг юм байна лээ. Бас нойр их хүрээд 3 цаг гаран унтсан. Унтаад сэрэхэд бие нэг л сайхан хөнгөрөөд, ядаргаа тайлагдаад их гоё мэдрэмж төрсөн. Усан эмчилгээний дараа хөлөрсөнөөр хөлсөөр дамжин миний өвчин гадагшилж байгаа гэж эмч маань хэлсэн. Миний эмчлэгч эмч Ц.Тэмүүлэн их мундаг эмч. Бусад эмч, сувилагч, дадлагажигч оюутнууд ч мөн мэргэжилдээ үнэхээр сайн байгаа нь мэдрэгдсэн. Зарим нэг эмнэлгүүдэд дутагдаж байгаа ёс зүйг Манба Дацан эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд сайн эзэмшсэн байгаа нь үнэхээр талархалтай санагдлаа. Эмчийн ёс зүйг сайн зааж сургажээ гэж бодогдсон. Мөн Манба Дацан эмнэлэг их тохилог, бас сайхан хоолтой. Тиймээс Манба Дацан эмнэлэгт хэвтсэндээ баярлаж, та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье. Миний аялалын хамгийн сайхан хэсэг нь Манба Дацан эмнэлэгт эмчлүүлсэн явдал байлаа.
-Одоо бол та уламжлалт анагаах ухааны талаар нэлээд мэдлэгтэй болсон байх, тийм үү?
-Тиймээ, өмнө нь уламжлалт анагаах ухааны талаар сонссон, байгалийн органик эм эмчилгээг илүүд үздэг хүний хувьд эмчлүүлж байх хугацаандаа уламжлалт анагаах ухааны талаар маш олон зүйлийн тухай мэдэж авлаа. Хамгийн гайхалтай санагдсан зүйл нь Манба Дацан эмнэлэг эмчлүүлж байгаа хүмүүсийнхээ зөвхөн биеийг эмчлээд зогсохгүй сэтгэлийг нь мөн эмчилж байна. Манба Дацан хийдийн лам хуврагууд надад ном уншиж өгсөн. Ном уншуулсаны дараа ер нь л нэг тийм өөр мэдрэмж төрж эхэлсэн. Уламжлалт анагаах ухаан бие, хэл, сэтгэлийг цогцоор нь эмчилдэг нь хамгийн том давуу тал нь юм. Мөн зөвхөн судас барьж үзээд л онош хэлдэг нь үнэхээр гайхалтай шүү.

-Ярилцсанд баярлалаа. Таны аялалд амжилт хүсье.

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн