Ц.Ишин: Сайхан сургуультай хувь ерөөлөөр учирсан би азтай хүн

Posted on Posted in Оточ Манрамба Их Сургууль

Оточ Манрамба Их сургуулийн Сувилахуйн 3-р курсын оюутан Ц.Ишинтэй ярилцлаа. Тэрбээр дөрвөн хүүхэд төрүүлж өсгөн, улсад 28 жил хөдөлмөрлөж гавъяаныхаа амралтанд гарсан ч сурахад хэзээ ч оройтохгүй гэдгийн тод жишээ болон Оточ Манрамба Их сургуульд суралцануламжлалт анагаах ухааны охь дээжээс хүртэж байна. Ц.Ишин гуайтай сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэе.

-Та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу. Залуу насандаа ямар ажил хөдөлмөр эрхэлж явав. Яагаад уламжлалт анагаах ухаанд суралцахаар шийдсэн талаар яриагаа эхлэе?

-Би Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат хүн. 1957 онд Баян-Овоо суманд төрж, тэндээ найман жилийн боловсрол эзэмшээд, 1975 онд аймгийнхаа нийтийн ахуйн үйлчилгээнд оёдолчноор орж 20 гаруй жил ажиллаад 1998 онд тэтгэвэртээ суусан. Тэтгэвэрт суусан хойноо мал маллаж байсан малчин хүн л дээ би. Өөрийгөө ярихаас илүүтэй удам судраараа бахархаж явдаг. Миний аав Цэмбэл таван настайгаасаа хувилгаан багш гэж хүнд шавь ороод 18 нас хүртлээ бурханы ном үзэж байгаад хэлмэгдүүлэлтийн үеэр хар болж амьдарсан юм билээ. Үргэлж бурханы ном уншдаг, арц хүжээ уугиулдаг, бидэнд тарни ном зааж өгдөг, эм барьдаг маарамба хүн байсан. Тиймээс би хар нялхаасаа бурханы ном сонсч, арцны үнэр үнэртэж өссөн хүүхэд. Мөн миний нагац ах Г.Жийсэн гэж бурханч лам байсан. Тухайн үедээ боловсролтой хүмүүсийн тоонд орж, анх артелийг үүсгэн байгуулалцаж, нярваар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, сүүлд сүм дуган засварлахад оролцож явсан их номтой лам байсан гэдэг. Манай эмээгийн ах нь Гэндэнпил гэж маарамба хүн байсан. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум бол том хүрээ хийдтэй газар. Тэнд дээд, доод хүрээ гэж байсны дээд хүрээнд шавилан сууж, Чойрын ном үздэг хүн байсан юм билээ. Тиймээс би энэ сайхан хүмүүсийнхээ ач буянаар бурханы сургаалд их шимтэж, суралцахыг хүсч ирсэн. Нэг өдөр зурагтаар Д.Нацагдорж хамба багшийн ярьж байхыг сонсоод яасан сайхан юм ярьдаг хүн бэ, энэ хүнд шавь орох юмсан гэж бодоод хөдөөнөөс зорьж ирээд уулзаж байлаа. “Би танд шавь орохоор Баянхонгор аймгаас зорьж ирлээ” гээд учир байдлаа хэлтэл Хамба багш маань миний хүслийг хүлээн авч, намайг бурханд мөргүүлж, зул өргүүлээд шавиараа хүлээн зөвшөөрсөн. Тэгээд гарч явтал Манба Дацан хийдийн хоёр давхарт шилэн цонхны цаагуур цагаан халадтай хүүхдүүд яваад л байна. Тэр үед манай сургуулийн шинэ барилга баригдаагүй Манба Дацан хийдэд суралцдаг байлаа. Тэгээд би энэ хүүхдүүд шиг ном үзэх юмсан гэж бодоод Оточ Манрамба сургуульд яаж ордог талаар лавлаад явж билээ. Тэр үедээ бас өөрөө орох гэж байгаа гэдгээ хэлэхгүй ичээд, “Энэ сургуульд яаж ордог юм бол оо, нас харгалзах уу” гэж асуусан чинь “нас харгалзахгүй, хими, биологийн ерөнхий шалгалт өгөөд л орно доо” гэж байна. Тэгээд би тэр шалгалтанд нь хоёр жил бэлдээд орсон доо. Ингээд бодохоор би сургуультайгаа урьдын сайхан ерөөлөөр учирсан юм болов уу даа.

-Элсэлтийн ерөнхий шалгалтандаа хэрхэн бэлдсэн бэ. Бэлдэж байх хугацаандаа за сурахаа ч болъё доо гэж бодож байв уу?

-Эхний нэг жил нь химийн шалгалтандаа бэлдэж ороод 470 оноо авсан. Дараагийн жил нь биологид бэлдээд 580 оноо авлаа. За ингээд ямар ч байсан шалгалтаа өгөөд оноогоо авчихлаа, энэ оноогоор нь орж чаддаг болов уу яадаг бол гээд л гайхаж байгаад Хамба багш дээр эргэж ирээд оноогоо үзүүлсэн чинь “Та манай сургуульд сурч болно” гэж байна. Би багаасаа ном унших дуртай хүүхэд байсан. Хөдөө хонь хариулж явахдаа хөлөө жийж суучихаад ном уншина. Даавуун торонд номнуудаа авч яваад байнга үздэг хүүхэд байлаа. Нэг удаа номоо уншаад сууж байтал хонь хамар даваад явчихсан байсан. /инээв/ Би биологийн шалгалтаа ч гэсэн хонинд явж байхдаа л уншиж бэлдсэн. Ер нь хүнд сурсан юм илүүддэггүй болохоор ерөнхий шалгалтанд бэлдэх гэж төвөгшөөгөөгүй. Харин ч бушуухан шалгалтаа өгч сургуульдаа орох юмсан гэж бодож байсан. Анх сургуульдаа орох гээд явж байхад хөгжилтэй зүйл их тохиолддог байсан. /инээв/ Би химийн шалгалтанд орох гээд зогсч байсан чинь нэг багш намайг “Хүүе ээ, эцэг эхчүүд нь орохгүй шүү, та гараарай” гэж байна. Тэгэхээр нь би шалгалтанд орох гэж байгаа юмаа гээд шалгалтынхаа хуудсыг харууллаа. Тэгсэн дараа жил нь биологийн шалгалтанд орсон чинь бас л юун хүн ороод ирэв, яав ийв болоод явчихлаа, тэгсэн чинь нэг багш “өө наад хүн чинь өнгөрсөн жил орж байсан” гэдэг юм даа. Ерөөсөө сургуулиас салахгүй жил болгон конкурсд ороод яваад байдаг. /инээв/ Тэрнийхээ үр шимийг үзсээн би. Ерөнхий шалгалтаа өгчихөөд нэг таньдаг ламынд очсон юм. Их л зүтгэж байж 400, 500 оноо авлаа, одоо сургуульдаа орж чаддаг болов уу яадаг бол гээд ярьсан чинь “Та тэр сургуульд орох гэж маш их ерөөл тавьсан байна” гэж хэлсэн. Хүний сэтгэл бүх юмыг удирддаг гэдэг. Тэгэхээр би энэ сэтгэлдээ сайхан ерөөл тавьсан нь биелсэн байгаа юм.

-Та яагаад сувилахуйн ангид орсон бэ. Оточ Манрамба Их сургуулийн сувилахуйн ангийн онцлогийг хэлж өгөөч?

-Би эхлээд эмзүйн ангид орж суралцсан юм. Манай сургуулийн бүх оюутнууд түвд хэлийг судалдаг. Тэр нь надад маш сайхан санагдаж, их ч шамдлаа. Тэгсэн хоёрдугаар курсын хагасаас түвд хэлний хичээл орохоо больчихдог юм байна. Багшаас асуусан чинь эмзүйн ангид 70 хувьд нь Европ анагаах ухаан, 30 хувьд нь уламжлалт анагаах ухааны хичээл ордог гэлээ. Тэгэхээр нь би сувилахуйн ангид ормоор байна гээд хүсэлт гаргасан чинь надад сувилахуйн 5 хичээл, уламжлалт анагаах ухааны 2 хичээлийн зөрүү гарлаа. Тэр их хичээлийг ч нөхөж чадахгүй байх даа, дараа намар хоёрдугаар курсээс нь сувилахуйн ангид оръё гэсэн чинь манай сургуулийн эрдэм шинжилгээ хариуцсан захирал Г.Чойжамц багш “Чи мэрийлттэй юм чинь сурчихна аа” гээд надад их урам зориг өгсөн. Тэгээд би сувилахуйн ангид шилжиж орлоо. Манай сувилахуйн ангийн багш О.Үүрийнцолмон надад нөхөх хичээлүүдийг зааж өгөөд, өнгөрсөн хавар би хагас бүтэн сайнд ч гэртээ харилгүй сургууль дээрээ өнжин барин хичээлээ нөхөөд зун тарахдаа бүх шалгалтаа өгчихөөд явсан. Энэ жил яг орох ёстой хичээлүүдээ хуваарийн дагуу ороод явж байна даа. Сувилагч бол өвчтөнтэй яг тулж харьцдаг мэргэжил шүү дээ. Тиймээс сувилагч хүн хамгийн эхэнд нигүүлсэн сайхан сэтгэлийг төлөвшүүлсэн байх ёстой. Дээрээс нь мэдлэг боловсрол хэрэгтэй. Манай сургууль нигүүлсэнгүй сэтгэлтэй эрдэм мэдлэгтэй сувилагчийг жинхэнэ утгаар нь бэлтгэж гаргадаг гэж би боддог. Бид Европ, уламжлалтын сувилахуйн ухааныг хавсарч үздэг. Тэгэхээр аль алинд нь хөрвөх чадвартай сувилагч төгсөнө гэсэн үг. Энэ сургуулийг төгссөн хүн их юм авч гарна аа.

-Анх оюутан болж байсан тухайгаа дурсвал?

-Би анх оюутан болчихоод учир зүйгээ сайн мэдэхгүй л явлаа. /Инээв/ Ахуй үйлчилгээнд ажиллаж байхдаа оройгоор 10 төгссөн, их сургуульд сурч байгаагүй болохоор яах учраа олохгүй байсан. Нэгдүгээр курсдээ Эмчийн ёс зүй, Түвд хэлний хичээл дээр орчуулга хийдэг юм. Тэгсэн нэг өдөр багш “Та орчуулгаа өгөөрэй” гэхээр нь “Ээ дээ, би бардаг болов уу даа” гэсэн “та бага багаар өгөөрэй” гэж байна. Тэгээд би орчуулгаа бага багаар тасалж өглөө. Тэгж байтал шалгалтанд орох хүүхдүүдийн нэр дуудлаа. Миний нэрийг дуудаж байна. Ямар ч байсан орчуулгаа өгсөнийх шалгалтанд орох эрхтэй болчихож. Шалгалтаа өгөөд хорин хэдэн оноо авлаа. Хичээлийнхээ явцад 60, 70 оноо цуглуулдаг юм байна, 30 онооны шалгалт өгдөг юм байна гэдгийг тэгж ойлгосон. /Инээв/ Манай сургуулийн багш нар миний суръя гэсэн хүсэл эрмэлзэлийг үнэлж, их тусалж дэмждэг.  Би багш нартаа маш их баярлаж явдаг.

-Та хэр сайн сурагч вэ?

-Би их сайн сурахгүй ч бас муу сурдаг оюутан биш шүү. /Инээв/ Ямар ч байсан хичээлээ сайн хийгээд, сургуулиа төгссөн ч, амьдралынхаа эцэс хүртэл энэ номноосоо салахгүй гэж боддог. Бурханы, анагаах ухааны ном нь эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гэсэн зорилготой. Тиймээс би өөрийн мэдсэн сурсан зүйлийг хэрэг болох хэнд ч харамгүй зориулна гэж боддог. Хүн гэдэг амьтан нүгэл буяны дэнсэн дээр амьдарч байдаг учраас хэн бүхнийг нүгэл хилэнцийг ойлгодог болоосой гэж боддог.

-Таны аав маарамба хүн байсан гэсэн. Тиймээс та хар багаасаа уламжлалт анагаах ухааны ач тусыг мэдэрсэн байх. Уламжлалт анагаах ухаанд суралцаж байгаа хүний хувьд ач тус, гайхамшгийнх нь талаар хэлээч?

-Уламжлалт анагаах ухаан хүний биеийг цогцоор нь авч үздэг нь үнэхээр гайхалтай. Хүнийг биеэр нь барахгүй сэтгэлээр нь дамжуулж эмчилдэг. Хүний сэтгэл жаахан л бохирдвол түүгээрээ дамжаад өвдөж, хямардаг. Хүмүүс буяныг ойшоож үздэггүй. Буян гэгч зүйлийг гандан хийдийн газар л хийдэг гэж үздэг. Тиймээс хувь хүн болоод нийтийн буян дутвал өвчин зовлон, ган гаслан, элдэв муу юм гардаг гэж би боддог. Манай аав эм тан барьдаг маарамба хүн байсан болохоор би багаасаа европ эм ууж үзээгүй. Эм судлалын хичээл орсон чинь багш “Та аспиринаас өөр эм мэдэхгүй юмаа” гэж байсан. /Инээв/. Би одоо хүртэл өвчин ярьдаггүй, сайхан эрүүл саруул биетэй хүн. Үүнийгээ би ээж аавынхаа гавьяа гэж үздэг. Би хөдөөний малчин айлын хүүхэд, мал дээр л өссөн. Манай аав буяны, бурханы хүн байсан болохоор ногоо цухуйнгуут малын амь тасалдаггүй гээд мал гаргаж иддэггүй. Зуны цагт цагаан идээгээр голдуу байдаг. Хаяа нэг бороо орсон өдөр борцтой хоол иднэ. Өвөл аав ээж мах голдуу идээд хүүхдүүд бид гэдэс, таван цул, хярамцагаар хоол хийж иддэг байсан. Энэ чинь уламжлалт анагаах ухааны идээ унд явдал мөрийн дэглэм шүү дээ. Өөрөөр хэлбэл, зөв хооллолт, зөв дэглэм гэсэн үг.

-Таныг их сургуульд сурдаг, оюутан болсон гэхээр хүмүүс яаж ханддаг вэ. Ангийнхантайгаа дотно байдаг уу?

-Манай ангийнхан их хөөрхөн. Юм асуухаар хэлж өгөөд, их тусалдаг юм. Оюутнууд бүгдээрээ л “Ишин эгчээ сайн уу, хичээл ном нь яаж байна” гээд асуудаг юм. Манай сургуульд надаас өндөр настай оюутнууд олон бий. Хоёр, гурван их сургууль төгссөн, гадаадад боловсрол эзэмшсэн 60 гарсан хүмүүс манай сургуульд суралцдаг. 79 настай франц хүн манай оюутан байх жишээтэй. Тийм болохоор хүүхдүүд гэмгүй сайхан харьцдаг. Харин намайг хүмүүс “Та ийм хөгшин байж ийм их мөнгө үрээд сургуульд сураад, бараг ажил хийж чадах юмуу, тэгж байгаад бурхан болчихвий дээ” гэдэг юм. /Инээв/ Тэгэхээр нь би манайхан их урт насалдаг, эмээ нь 100 хүрнэ ээ гэж хэлдэг. Манай ээжийн тал их урт настай хүмүүс байдаг. Манай ээжийн төрлийн хамаатан Цогзол гэж 95 настай буурай Амгаланд байдаг. Хүү нь 70 гарсан хүн бий. Би тэднийд хаяа очдог. Нэг удаа очихдоо “Би ч нэлээд хөгширсөн хойноо ном үзэж байна даа” гэсэн чинь эгч маань “Үгүй хүүхээ чи хэдэн настай болоод хөгширсөн гээд байгаа юм” гэхээр нь “Би ч одоо 60 хүрч байна даа” гэсэн чинь “Хөөх чи залуу байна, хүн чинь 70 хүртлээ хөгширдөггүй ш дээ, би 75-тай байхдаа хөдөө арав гаруй үнээ саагаад, том араг үүрээд аргал түүдэг байсан. Тэгэхэд залуу байжээ” гэж байгаа юм. /Инээв/ Уламжлалт анагаах ухаанд хүний насыг гурав ялгаад, 70 хүртэлх насыг идэр насанд тооцож, 70-аас дээш насны хүнийг хөгшин гэж үздэг. Тэгэхээр би ч сурах нь зөв юм байна гэж боддог шүү. Гэхдээ их инээдтэй. Автобусанд оюутны картаа уншуулахаар энэ хөгшин чинь юугаа дараад байгаа юм гээд загнуулна шүү дээ. /инээв/

-Таныг нэг удаа автобусныхаа картыг хураалгачихлаа гээд хоцорч ирээд уйлж байсан, тэрнээс биш таныг их холооос хичээлдээ явдаг мөртлөө ерөөсөө хоцордоггүй гэж багш нар чинь ярьж байсан?

-Тиймээ, автобусанд картаа уншуулахаар оюутан гээд хэлдэг шүү дээ. Тэгэхээр хөгшин хүн байж хүүхдийнхээ картыг ашиглалаа гээд зарим нь бүр учиргүй загнана шүү дээ. /Инээв/ Нэг удаа автобусанд суугаад картаа дарлаа, тэгсэн нэг хянагч кондуктар эмэгтэй сууж байснаа над руу хараад л байна. Тэгснээ их хөөрхөн хүрч ирээд, “Эмээ та наад оюутныхаа картыг дахиж битгий дараарай” гэж билээ. /Инээв/ Тэгэхэд нь би их баярласан. Намайг сайхан хүндэлж хандаад тэгж хэлсэнд нь баярласан. “Би хүүхдийнхээ картыг дараагүй, би их сургуульд сурдаг юм, өөрийнхөө картыг дарж байна аа, энэ чинь дөрвөн оронтой кодтой, тэрийгээр шалгаж үзсэн ч болдог юм билээ” гэсэн чинь өө тиймүү гээд их гайхаж байсан. /Инээв/

-Та сургуулиа төгсөөд ажиллах уу. Таны цаашдын зорилго, төлөвлөгөө юу вэ?

-Би эндээс сурсан мэдсэн зүйлээ бусдад хүргэх юмсан гэж боддог. Миний мэдлэг, чадвар хүрээд энэ хүнд тусалж болох юм байна гэвэл хэзээ ч татгалзахгүй туслана. Би Манлын номоо гэртээ байнга уншдаг. Хамба багш Д.Нацагдорж бидэнд хэлж байсан юм. “Энэ найман Манла гэдэг маш том ном шүү. Хээр олон сүрэг хонь бэлчээд явж байхад та нар салхиных нь дээр гараад долоон удаа уншихад тэр мал хэний гараар орж устсан ч төрөл ахина” гэж хэлж байсан. Тиймээс би юутай ч зүйрлэшгүй сайхан эрдэмд суралцаж байгаа юм. Бидний үздэг Анагаах ухааны дөрвөн үндэс гэдэг ном бол үнэхээр баян ном. Хүн яаж үүсдэг юм гэдгээс эхлүүлээд өвчин гэж юу юм, яаж эмчилдэгийг заасан байдаг. Би энэ жил Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт дадлага хийхдээ хүүхдийн бариаг их сонирхсон. Цаашдаа сургуулиа төгсөөд хүүхдийн бариагаар дагнан ажиллах юмсан гэж бодож байгаа.

-Хүүхдүүдийнхээ тухай ярихгүй юу. Таны ач зээ нараас уламжлалт анагаах ухаанд суралцах сонирхолтой хүн байна уу?

-Манай хүүхдүүд тус тусдаа ажилтай, боловсролтой сайхан хүүхдүүд бий. Би гурван хүү, нэг охинтой. Охин маань эмнэлэгт ажилладаг, нэг хүү маань Онцгой байдлын газарт нярав хийдэг, бас нэг хүү маань хувийн бизнес эрхэлдэг. Хамгийн бага хүү маань хоёр ч дээд сургууль төгссөн барилгын инженер мэргэжилтэй хүн бий. Манай хүүхдүүд намайг хүүхэд шиг өхөөрддөг юм. “Миний ээж хөөрхөн ш дээ, ном сурах гээд ядрахгүй байна уу” гээд л өхөөрддөг. /Инээв/ Би түүнд нь онгироод л, их хөгжилтэй. Би зургаан ачтай. Хүүхдүүд маань “Та өөрийнхөө хүсч мөрөөдсөн зүйлээ хий, та биднийг өсгөж өндийлгөн, өдий зэрэгт хүргэсэн, бид таниар хүүхдээ харуулахгүй, та биднийг өсгөсөн нь хамгийн том гавьяа” гэдэг юм. Өсөхөд эцэг эхийн гавьяа, өтлөхөд үр хүүхдийн буян гэдэг үгийг би үнэхээр мэдэрч байгаа хүн. Би өөрийнхөө дээд үеүдийг яасан бурханлаг буянтай хүмүүс байгаа вэ гэж залбирч, надад ямар сайхан үрс заяагаа вэ гэж бахархаж, баярлаж явдаг. Миний хамгийн том ач хүү энэ жил 12-р ангиа төгсөх гэж байгаа юм. Би хүүдээ “Миний хүү эмээгийнхээ сургуульд сураарай, үнэхээр гоё шүү” гэж хэлсэн. Их сайн сурдаг, өөрөө ч уламжлалт анагаах ухаанд суралцах сонирхолтой байгаа. Би хүүгээ уламжлалт анагаах ухаанд сайн суралцаад, сайн эмч болж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Сайхан сургуультай хувь ерөөлөөр учирсан би азтай хүн. Оточ Манрамба Их сургуультай учруулсан аав ээж, Хамба багш Д.Нацагдорждоо баярлаж, залбирч явдаг даа.

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн