Парламентийн гишүүн ШИГЕРУ ДОЁКУ: Монголын УАУ-ы судалгааны чиглэлд Япон, Монголын Их сургуулиуд хамтран ажиллахад гүүр болно

Posted on Posted in Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Манба Дацан эмнэлэг, Манба эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их Сургууль

Япон улсын Парламентийн гишүүн, Японы Лебирал ардчилсан намын нарийн бичгийн дарга Шигеру Доёку болон Тоёома хотын бизнес, анагаах ухааны салбарын төлөөлөгчид өнөөдөр Манба Дацан МУЭСТ /Монголын уламжлалт эмнэлэг сургалтын төв/-д айлчиллаа. Тэд Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцах зорилготой ирсэн бөгөөд уламжлалт анагаах ухааны чиглэлээр Манба Дацан төвтэй хамтран ажиллах боломжийг судлахаар айлчилсан нь энэ юм.

Японы зочид төлөөлөгчдийг Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэг, Сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, АУ-ы доктор, профессор Г.Чойжамц, Манба Дацан төвийн Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн, АУ-ы доктор Н.Сайнбуян, Манба Дацан эмнэлгийн дарга Б.Болорчимэг болон Оточ Манрамба Их сургуулийн багш нар хүлээн авч уулзлаа.

Парламентийн гишүүн, ноён Шигеру Доёку болон Тоёома хотын төлөөлөгчид Манба Дацан хийд, Манба Дацан эмнэлэг, эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээний талаар мэдээлэл авч, энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлж байв. Тэр дундаа өрнийн анагаах ухаанд оношлогддоггүй өвчнийг уламжлалтаар оношилж, эмчлэх талаар судалгаа хийх хэрэгцээ шаардлага бий гэдгийг онцолж байлаа.

Парламентийн гишүүн, ноён Шигеру Доёку “Би Манба Дацан МУЭСТөвийн Ерөнхийлөгч, Хамба лам Д.Нацагдорж гуайтай өнгөрсөн жил Японд уулзаж байсан. Тиймээс энэ удаад Манба Дацан төвийг зорин ирж, та бүхэнтэй уулзаж байгаад баяртай байна. Биднийг халуун дотно хүлээж авсан та бүхэнд баярлалаа, та бүхнийг Тоёома хотод айлчлахыг урьж байна. Манай Тоёома хот бол уламжлалт анагаах ухааны хөгжлөөрөө Япон улсад тэргүүлдэг бөгөөд энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг түлхүү хийдэг. Тиймээс бид танай байгууллагатай хамтран ажиллаж, Монголын уламжлалт анагаах ухааны чиглэлийн судалгаа шинжилгээг түлхүү хийх сонирхолтой байна” гэсэн юм.

Тоёома хотын төлөөлөгчдийн дунд эмч, эмзүйч, улстөрч, бизнес эрхлэгч, буддын шашны төлөөлөгч зэрэг олон салбарын хүмүүс ирсэн бөгөөд тэд Монголын уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээний онцлог, давуу тал, сэтгэл заслын эмчилгээний талаар ихээхэн сонирхож байв. Японд амиа бүрэлгэх үзэгдэл байдагтай холбоотойгоор сэтгэл заслын эмчилгээ нэн шаардлагатайг тэд онцолж байлаа.

Уулзалтын төгсгөлд Парламентийн гишүүн, ноён Шигеру Доёку “Монголын уламжлалт анагаах ухааны судалгаа шинжилгээний чиглэлд Япон, Монголын Их сургуулиуд хамтран ажиллахад гүүр болно” гэдгээ онцлон тэмдэглэсэн юм.

Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэг “Оношзүй” номоо Японы Парламентийн гишүүн Шигеру Доёкуд дурсгав

 

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн