Япон улсын Кумамота Их Сургуулийн Эмзүйн сургуулийн доктор, профессор Хирофами Кай өнөөдөр Манба Дацан төв, Оточ Манрамба Их Сургуульд айлчиллаа. Доктор, профессор Хирофами Кай Кумамота Их Сургууль болон Оточ Манрамба Их Сургуулийн хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгуулах талаар харилцан тохиролцож, хамтын ажиллагааныхаа талаар ярилцахаар ирсэн бөгөөд Оточ Манрамба Их Сургуулийн багш, эмч, оюутнуудад Кумамота Их Сургуулийн хэрэгжүүлж буй судалгааны ажлын талаар танилцуулж, лекц уншлаа. Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд оюутан, багш, эмч нарыг солилцон сургах, дадлагажуулах ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцож байна.

Япон улс нь уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс бодлогоор дэмжиж, уламжлалтын шинэ эм гарган авах чиглэлийн судалгааны ажлыг дэмжиж, санхүүжүүлж байгаа талаар доктор, профессор Хирофами Кай нь лекцийнхээ үеэр онцолж байлаа. Тиймээс тус сургууль нь Оточ Манрамба Их Сургуультай энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаа бөгөөд цаашдын хамтын ажиллагаа амжилттай байна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байлаа. Мөн тэрбээр дэлхий даяар уламжлалт анагаах ухааныг түлхүү хэрэглэх болсон бөгөөд шинэ эм гарган авах ажил нь Өрнийн анагаах ухаантай харьцуулахад хугацаа болон хөрөнгө санхүүжилт ч бага ордогийг хэлж байлаа. Өрнийн анагаах ухаанд шинэ эм гарган авахад 10-15 жил, 1-1,5 тэрбум долларын хөрөнгө шаардлагатай байдаг бол уламжлалт анагаах ухааны шинэ эмийг 2-20 сая долларын өртгөөр 5-6 жилийн дотор гарган авах боломжтой байдаг аж.

Доктор, профессор Хирофами Кай Оточ Манрамба Их Сургуулийн оюутнуудад хандан “Оточ Манрамба Их Сургуулийн оюутнууд та бүхний хэн нь ч Нобелийн шагналтан болох боломжтой. Танай сургуулийн номын санд маш эртний ховор нандин судар бичиг байгаагийн дээр та бүхэн төвөдөөр уншиж судлах өндөр чадвартай байгаа нь маш том боломж” гэж байлаа.

 

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн