Сэтгэл санаа тогтворгүй байх, аливаа зүйлд гуньж, гутрах зэрэг сэтгэлийн тавгүйтлээс шалтгаалж хийн бэлгэ чанарууд хямрах бөгөөд эдгээр нь нойргүйдлийн гол шалтгаан юм. Хийн хөнгөн, ширүүн, хүйтэн, нарийн, чийрэг, хөлбөрөнхий гэсэн зургаан бэлгэ чанар байх бөгөөд үүнээс хөнгөн, хөлбөрөнхий бэлгэ чанар давамгайлж хямардаг. Мөн сарны хүч ид дэлгэрч байх шөнө оройн цагаар хэтэрхий их сэтгэл хөдлөлд автах, найрлах, зугаацаж цэнгэх, эсвэл зурагт үзэх, компьютер дээр ажиллах зэрэг хийн үйлдлүүдийг хийж дадуулсанаар нойргүйдэлд өртдөг.
Хүний бие махбод нь байгаль, од, нар, сартайгаа зохицсон биохэмнэлтэй байдаг учраас сарны хүч ид дэлгэрсэн буюу оройн 23:00-05:00 цагийн хооронд унтаж байх хэрэгтэй. Бага насны хүүхдийг 21:00 цагт унтуулсан байвал зохино. Энэ цагуудад унтаж дадахгүй бол нойргүйдэл төдийгүй олон өвчний эх үүсвэрийг тавина. Унтах ёстой цагаараа маш тайван, тухтай хэвтээд, янз бүрийн цуварсан бодол бодолгүй нойрсох нь зүйтэй. Унтаж байх үед мэдрэхүйн таван эрхтэний хүртэхүй, сэрэхүй зэрэг хийн гүйдлүүд зүрхэнд орших бүгдийн суурь тийн мэдэлд хураагдсан байдалтай байдаг. Үүнтэй уялдаад унтаж буй хүнийг татаж, угзчиж сэрээдэггүй уламжлалтай байсан гэх мэтчилэн нойртой холбоотой бүхэл бүтэн онол, судлагдахуун уламжлалт анагаах ухаанд бий.
Нойргүйдсэнээр юун түрүүнд дээр дурдсан хийн бэлгэ чанарууд хямарч, энэ нь удаж архагшсанаар шар, бадгантайгаа хавсарч хямарна. Ингэснээр хийн гол эрхтэнүүд болох зүрхэнд өөрчлөлт орно. Амин судасны хий хямарч, сэтгэл санаанд нөлөөлж сэтгэл тогтворгүй, мартамхай болдог. Мөн яс, үесэд хий шунаснаар чилнэ, хатгуулна, чих шуугих, толгой эргэх, нүд бүрэлзэх зэрэг шинжүүд илэрнэ. Хоол боловсруулах үйл ажиллагаанд ч нөлөөлнө. Ялангуяа бүдүүн гэдэсний үйл ажиллагаа хямарч, гэдэс дүүрэх, цардайх зэрэг эмгэг шинжүүд илэрнэ. Ажлын чадвар муудаж, амьдралын идэвхигүй болох зэрэг маш олон сул талтай.
Түүнчлэн зарим өвчний үед хоёрдогчоор нойргүйдэл үүсдэг. Тухайлбал, зүрхний өвчлөл, үе мөч, ясны өвчин, бөөрний хүйтэн хийн өвчин, хийтэй хавсарсан халуун шар өвчин, халдварт өвчний үед нойргүйддэг тул нойргүйдлийн үед эмчид хандаж оношлуулан, тохирох эмчилгээг хийлгэх нь зүйтэй юм.

Нойр сэрвэлзсэн үед үнээний хөөрүүлсэн сүү ууж, чих, эрүүний ясыг тослож илэх хэрэгтэй

Орой унтах цагтаа орондоо орж хэвших нь нойргүйдэл төдийгүй аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн том хүчин зүйл юм. Унтахаас өмнө сэтгэл хямраасан зүйл унших, үзэх, бодох, ярихыг цээрлэж сэтгэлээ аль болох тайван байлгана. Нойр хүрэхгүй тохиолдолд шөнө дунд босч ажлаа хийх, ном унших, кино үзэх, юм идэх зэрэг үйлдэл хийж болохгүй. Ямар ч тохиолдолд орондоо ороод сэтгэлээ тайван тогтуун болгоод унтах хэрэгтэй. Унтах ёстой цагаараа аливаа зүйлийг хийснээр бие махбодод улам сөрөг нөлөө үзүүлнэ. Нойр сэрвэлзсэн үед үнээний хөөрүүлсэн сүүг бүлээнээр нь уувал сайн. Ходоодны бадган арвидсан, галын илч муутай бол сүүндээ зөгийн бал хутгаад уувал ходоодонд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Ходоод нь хэвийн эрүүл хүн бага зэрэг шар тос хутгаад ууснаар хийн бэлгэ чанарт нөлөөлнө. Манай Манба Дацан эмнэлгээр үйлчлүүлж байгаа нойргүйдэлтэй хүмүүсийн зарим нь нойргүйдсэн үедээ архи уудаг тухайгаа хэлдэг. Архи уумагц халуун бүлээн чанараар хэсэг хугацаанд судсыг тэлж, хийн хүйтэн бэлгэ чанарыг дарж манараад нойр хүрэх мэт боловч хийн ширүүн, хөлбөрөнхий бэлгэ чанарыг нь ихэсгэж нойрыг улам сэрвэлүүлдэг. Тиймээс нойргүйдэлтэй хүмүүс архинаас татгалзаарай. Харин хий голлон гүйдэг эрхтэн болох чих, эрүүний ясыг шар тосоор сайтар тосолж, үрэх хэрэгтэй. Мөн уруу арилгагч хийн голлон гүйх хэсэг буюу ууц, ахар сүүлний хэсгээр тослож илж, үрнэ. Ингэснээр гүн бат, сайн унтаж амарна.
Манай Манба Дацан эмнэлэгт удаан хугацаанд нойргүйдсэн, гүнзгий хямарсан хүмүүс их ханддаг. Бид тэдгээр хүмүүст уламжлалт эм тан уулгах, уламжлалт эмчилгээ хийх зэрэг цогц үйлчилгээг үзүүлдэг бөгөөд хий удаан хугацаанд хямарсанаар аль нэг эрхтэндээ голлон эмгэг өөрчлөлтүүд өгсөн байдаг учир тухайн эрхтэнийг давхар эмчилдэгээрээ давуу талтай.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн