Бидний идэж буй хоол унд, эмийн ургамал гээд бүх л юмсад агуулагдаж байгаа таван махбодын их, багын хэмжээнээс шалтгаалж янз бүрийн амт гардаг. Хоол, унд, эмийн амтнаас шалтгаалж түүний махбодын хувь янз бүр байх бөгөөд түүнийгээ дагаад хүний биед үзүүлэх үйлчлэл нь ч янз бүр байдаг. Амтанд агуулагдаж буй таван махбодын мөн чанар нь хүний биеийн эрүүл, эмгэг байдалд нөлөөллөө үзүүлдэг. Тиймээс уламжлалт анагаах ухаанд амтны тухай гүн гүнзгий онолын ойлголт байдаг бөгөөд эм найруулах арга, хоол хүнсний эрдэм, чадлыг амт түүний махбодын онолоор судлаж үздэг.
Амт нь хүний хий, шар, бадганы 20 бэлгэ чанарт нөлөөлж байдаг. Амт нь хүний бие махбодод нөлөөлөхөөс гадна сэтгэлзүйд бас нөлөөлдөг. Тухайлбал, амтлаг амт нь хүний сэтгэлзүйд тааламжтай, дахин амтлах хүсэл төрүүлж байдаг бол гашуун амт нь дуршлыг бууруулж дахин амтлах хүслийг буцаадаг онцлог чанартай. Гашуун амт нь сэтгэлд тааламжгүй санагдах боловч хүний биед сайн нөлөөллөө үзүүлэх нь бий.
Амтлаг амт шороо, усан махбодын хувь дийлэнх байдаг. Тиймээс амтлаг амтыг хэтрүүлэн хэрэглэвэл шороо, усан махбод хүний биед ихсэж, бадганы өвчнийг үүсгэнэ. Харин амтлаг амтыг тохируулж хэрэглэвэл тустай. Хий өвчний үед, цус шарын халуун төрлийн өвчинд амтлаг амт тустай. Гэхдээ түүнийг тэнцвэртэй хэмжээнд хэрэглэхгүй бол тухайн өвчнийг эдгээх боловч дахиад өөр өвчнийг үүсгэх магадлалтай.
Сүүлийн үед хүмүүс давсгүй хоол идвэл турна гээд хоолондоо давс хэрэглэхгүй байна. Энэ бол маш буруу. Давсыг хоолондоо заавал хэрэглэх хэрэгтэй. Давслаг амт нь ус, гал махбодын хувь их байдаг учраас хүний биед хий, цус, бадган сальс хуйларч бөөгнөрөхөөс сэргийлнэ. Мөн галын илчийг тэтгэж, хоол ундны шингэлтийг сайжруулж, бодисын солилцоог идэвхжүүлэх гээд олон талын ач холбогдолтой. Бид хоол ундандаа иодтой давс, жамц давс, улаан давс, хужир зэргээр давслаг зүйлүүдийг хэрэглэдэг. Харин уламжлалт эмэнд 20 гаруй төрлийн давсыг хэрэглэдэг. Эдгээр төрөл бүрийн давсанд давслаг амтны нийтлэг чанар агуулагдахаас гадна, өөр өөрийн мөн чанарын чадлууд агуулагдаж байна. Гэхдээ давслаг амтыг хэрэгтэй гээд хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Хэрэв давслаг амтыг байнга хэтрүүлэн хэрэглэвэл үс унаж халцрана, үс цайж цагаан үс ургана, нүүрний арьс болон бүх арьс үрчлээтэнэ, мөн цус, шараас үүдэлтэй олон өвчнийг үүсгэх эрсдэлтэй. Яг үүнтэй адил бүх амтанд хүний биед үзүүлэх сайн чанар агуулагдах боловч хэтрүүлж хэрэглэвэл янз бүрийн өвчнийг үүсгэдэг.
Хийн бэлгэ чанар хямарсан үед буюу яс, чих, зүрх, амин судас зэрэг хийн орнуудад эмгэг өөрчлөлт орсон үед амтлаг, исгэлэн, давслаг, халуун амт зонхилсон хоол унд, эмийг хэрэглэнэ. Харин шарын бэлгэ чанар хямар цус, шар, халуун язгуурын өвчний үед гашуун, амтлаг, эхүүн амт зонхилсон идээ, унд, эмийг хэрэглэнэ. Бадганы бэлгэ чанар хямарсан үед халуун, исгэлэн, давслаг амттанг зонхилон хэрэглэнэ. Ер нь аливаа улс үндэстэн өөрийн уламжлалт хоол, ундаа л хэрэглэх нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй гэдгийг олон орны анагаах ухааны эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь тэрхүү уламжлалт хоол нь тухайн орны байгаль, цаг уурын онцлог, түүнтэй зохицон хэдэн мянган жилээр амьдарч үр, удам нь болж амьдарч байгаа хүмүүсийн бие махбодын онцлог, өвөрмөц чанартай уялдсан байдаг. Тиймээс хүмүүс аль болох байгалийн гаралтай хүнсний цэвэр бүтээгдэхүүнээр гэртээ, өөрсдөө бэлтгэсэн хоолоо түлхүү хэрэглэж байх нь эрүүл мэндэд тустай.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч,
АУ-ы доктор Г.Одонцэцэг

Хуваалцах:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн