А.Сүхбат: “Зоригийг хийморь дагадаг” гэсэн өвөг дээдсийнхээ ухааныг сэтгэлдээ тээж явдаг

Хуваалцах:

FacebookTwitter

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Гавъяат тамирчин, Дархан аварга А.Сүхбаттай ярилцлаа.

-Таны өвөө лам хүн байсан гэдэг. Буддын үзэл сургаал таны амьдрал, хүмүүжилд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Миний өвөө Наваанцэдэн Хэнтий аймгийн Мөрөнгийн хүрээний унзад лам, оточ маарамба хүн байсан. Мөн манай удам сударт лам хуварга, оточ маарамба, бөх хүмүүс байсан. Миний өвөө, эцэг эх монгол ахуйгаар л хүмүүжсэн улс, тэдний “Урьдын хөгшчүүл тэгдэг байсан” гээд хэлж ярьдаг байсан сургаал нь одоо бодоход бурхны сургаал, амьдралын үнэний сургаал байж. Багадаа сонсож байсан бүхэн ой тойнд сууж үлдээд, үр удамдаа дамжиж удамшдаг юм байна. Бидний өвөг дээдэс мал аж ахуйгаа эрхлэхээс гадна газрыг шинжих, зурхайн ухааныг мэддэг, өвс ургамлаа таньж мэдээд түүгээрээ өөрсдийгөө анагаадаг гээд асар олон мэдлэг, мэргэжилтэй байсан. Монголчууд Буддын шашныг шүтдэг байсан, үүнийг дагаад зурхай, гүн ухаан, чойрын ном дэлгэрч байсан нь ард түмний оюун санааг задлаж, ертөнцийг үзэх үзэл нь тогтож байсантай маргах зүйлгүй. Сүм хийд, лам нарын нэг хэсэг нь аг тарнийн ёсонд, нөгөө хэсэг нь одон зурхай, эмийн ном үзэж эмчлэн эдгээх увдисыг дэлгэрүүлж, монголчуудад ач тусаа өгсөн. Нөгөө талаар буддын шашин орж ирсэнээр нүүдэлчин, малчин соёл иргэншилтэй хүмүүсийн амьдралын хэв маягт нөлөөлсөн гэж боддог. Маарамба өвөөгийн маань зарим эмчилгээний хэрэглэл, эм тан үр удамд нь уламжлагдан үлдсэн байсан. Гэвч 1970, 1980-аад оны үед цаг их хэцүү байхад өвөөгийн маань номын холбоотой зарим зүйлийг Туул голын усанд залбираад урсгаж явуулаад, үр удамдаа онцгой дурсгалтай гэсэн бага сага эд өлгийн зүйлийг л авч үлдсэн. Харин бурхан шүтээн, судар номыг нь Гандан хийдэд өргөсөн гэж ярьдаг. Тэр үед “Ламынхан” гээд ээжийг минь ойр ойрхон дуудаж, асууж байцаагаад, хүндрэл бэрхшээлтэй байсан учраас тийм арга хэмжээ авсан. Биднийг бурхангүй үзлээр хүмүүжүүлэх гээд л зүтгэчихсэн шүү дээ, урьдын нийгэм.

-Бурхны шашны талаар та юу хэлэх вэ?

-Бурхны шашныг түүхэн уг гарлаас нь аваад үзвэл Энэтхэг Жагарын орноос эхтэй гэж үздэг. Бурхан багшийн “Умардаас умардад миний шашин түгэн дэлгэрнэ” гэсэн бошго бий. Хүн төрөлхтөнд ирсэн агуу том боломж бол бурхны шашин юм.

Монголд бурхны шашны ид дэлгэрэлт үедээ тухайлбал 1790-1900-гаад оны эхэн үе гэхэд байнгын уншлагатай 700-гаад сүм хийд, 100 мянга орчим лам хуварга байсан баримт байдаг. Энэ нь таван хүн тутмын нэг нь лам байсан байж таарч байгаа юм. Ер нь бурхны шашны хамгийн гол зорилго нь ертөнцийг танин мэдэхүйн сургаал, энэрэн нигүүлсэх зөв үзэл гэж ойлгодог. Хүн амьдралдаа “Зовлон юунаас үүсдэг”, “Зовлонг жаргалд урвуулж болох уу” гэсэн олон асуулттай тулгардаг. Энэ болгоны хариу бурхны сургаалаас үндэслэн гарсан мэргэд гэгээнтнүүдийн маань айлдсан айлдвараас буурлуудын маань сургаал үг, зүйр цэцэг үг бий болж, үүгээр хүүхэд багачуудаа сурган хүмүүжүүлж ирсэн байдаг.

-Амьдралаас олж авсан хүмүүжил үр удамдаа дамжиж удамшдаг гэж та их сайхан хэллээ. Та удмынхаа ухааныг үр хүүхэд, шавь нартаа зааж сургадаг байх. Юуг чухалчлан сургаж байна?

-Хүн өөдрөг үзэлтэй, цайлган цагаан сэтгэлтэй байвал буян нь дийлээд байдаг юмуу даа. Тиймээс би үр хүүхэд, шавь нартаа үүнийг л сургадаг. “Аливаа ажлыг сайхан сэтгэлээр хийхийг хичээгээрэй, муу бодол тээх юм бол наад ажил чинь өөдлөхгүй шүү, бүтэхгүй шүү” гэж хэлдэг. Аливаа зүйлийг сайхан сэтгэлээр, сайхан эрчим хүчээр бүтээсэй гэж боддог. Би олон жил барилдаж, Монгол бөхийн дээд цолонд хүрсэн маань миний аав, ээж, өвөө, эмээ, өндөр дээд удмын маань ерөөл буян, мөн  өргөн олон түмний минь буян, мяндсан зодогноосоо атгалцаж яваа бөхчүүдийн маань буяны хур гэж бодож, залбирч явдаг. Түүнээс биш ганц хүн юу ч бүтээж чадахгүй. “Олныхоо тоосонд бужигнаж яваарай” гэсэн ижий аавын захиас л үнэн юм.

-Багаасаа эрүүл амьдрахад суралцсан байх. Ямар зарчмыг баримталдаг вэ?

-Ясны шөл, хийцтэй цайгаа чанаж уух, сүүлний тосоор тослох, шар тосыг эрхэм болгож хэрэглэх гээд өвөг дээдсийн амьдралдаа хэрэгжүүлж ирсэн уламжлалт анагаах ухааныг өдийг хүртэл таслаагүй хэрэглэж ирсэн. Яг одоо ч сүүтэй цайгаа уугаад, сүүлний тос, шар тосоо хэрэглээд л байж байна. Тамирчин хүн жингээ хасахаас эхлээд маш олон бие махбодын хүндрэлийг байнга туулдаг боловч биеэ эрүүл сайн авч явахгүй бол амжилт гаргахгүй. Тэр үед өвөө эмээ, аав ээжийнхээ хэрэглэж байсан идээ унд, явдал мөрийг хэрэгжүүлэхээр бие сэргээд ирдэг. Тэгээд жаахан амарч аваад эргээд бүтэн нойр, хоолтой, сэтгэл санаа тайван тэмцээн уралдаандаа орохоор амжилт гараад байх жишээтэй.

 

-Таны дээр хэлсэнчлэн хэлмэгдүүлэлтийн цаг үетэй холбоотойгоор ихэнх хүн эцэг өвгөдийнхөө зааж сургасан уламжлалт анагаах ухааны ойлголт мэдлэгийг алдчихсан юм шиг. Нийгмийн сэтгэлзүй, эрүүл мэндийн ойлголт мэдлэг их дорой байна шүү дээ. Үүнийг яаж сайжруулж, эерэгээр нөлөөлөх вэ?

-Хүн бүхэн “Хэн сайхан амьдарч байна”, “Хэн урт наслаж байна”, “Хэн идэвх зүтгэлтэй яваад байна” гэдгийг эрэл хайгуул хийгээд, бие биенээсээ суралцаад явбал энэ ойлголт мэдлэг дороо сэргэнэ. Хот, хөдөө гэлтгүй сайхан, идэвхитэй амьдарч байгаа, 80, 90 хүрчихээд таяг тулахгүй байгаа хүн зөндөө л байна шүү дээ. Энэ хүмүүс уламжлалаа дээдлээд, мал аж ахуйн гаралтай уламжлалт хоол хүнсээ хэрэглээд, байгалийн эм тангаа хэрэглээд байна уу даа гэж хардаг. Орчин цагийн анагаах ухааны хүчтэй антибиотикийг хэрэглээд төгс эмчлэгдэхгүй юм билээ. Хүмүүс ханиад хүрчихлээ гээд эмийн сангаас дураараа химийн гаралтай эм авч уугаад, ер нь эм тарианы замбараагүй хэрэглээтэй болчихсон. Уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлээд эрүүл байх боломж 100 хувь байна. Үүнийг бүр тасарчихсан гэж үзэж болохгүй. Ямар ч цаг үе, нийгэм журам өөрчлөгдсөн эрүүл амьдрах арга ухааныг уламжлуулаад, уг сургаалыг нь нууж хаагаад ч болов аваад ирсэн айл өрх олон бий.

-Уламжлалт анагаах ухааны онцлог нь юу вэ?

-Уламжлалт анагаах ухааны онол бол гайхамшигтай. Хүний бие бол сэтгэл санаандаа удирдагддаг, хий, шар, бадган нь тэнцвэргүй бол тэгж өвчилнө, хаврын улиралд бадган аривдана, зуны улиралд хий хөдлөнө, намрын улиралд шар ихэснэ, тиймээс дөрвөн улирлаа дагаад тэгж хооллож, хувцаслах хэрэгтэй гэх зэргээр маш нарийн зүйлийг заасан байдаг. Гэтэл үүнийг бид мэдэхгүй, янз бүрийн чихэртэй, газтай ус, пицца, кофе гээд монголчуудын генд сууж өгөөгүй, танихгүй хүнсийг хэрэглэж байна. Түүнээсээ болоод шүд, яс нь муудаж, донтож байна. Энэ мэт харийн соёл орж ирээд өвчлүүлж байна шүү дээ, шуудхан хэлэхэд. Генетикийн өөрчлөлттэй хоол хүнсний тухай хууль, Баяжуулсан хүнсний тухай хуулийг бид бүхэн баталсан. Үүн дээр бид хатуу байх ёстой. Генетикийн өөрчлөлттэй хүнс оруулж ирэхгүй байх гээд баталчих хэрэгтэй. Гэхдээ Монгол улсын хувьд ямар ч бодлогогүйгээр Олон улсын худалдааны байгууллагад элсээд орчихсон, хүнсэнд ногдуулах гаалийн албан татварыг дээд талын татвар нь 20 хувь гээд тавьчихсан байдаг. Энэ нь генетикийн өөрчлөлттэй хүнсийг оруулж ирэх нөхцлийг бүрдүүлсэн. Үнэхээр бодлогогүй зүйл хийсэн байгаа юм. ОХУ гэхэд тэр байгууллагад элсээгүй. Үүнийг бид дор бүрнээ мэдэж байх ёстой.

Өнөөдөр бидний судсыг чагнаад, нүдийг нь, арьсны өнгө, хэлийг нь хараад эрүүл, эмгэг эсэхийг мэдчихдэг энэ анагаах ухааныг илүү их судлаад, бэлгэ чанар, явдал мөр, идээ ундааны зохицлыг нь дэлгэрүүлвэл дэлхийд гарах болно.

-Та Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна, танд уламжлалт эмчилгээний юу нь онцгой санагдав?

-Би их сонин мэдрэмтгий хүн. Энэ танг уувал ийм үйлчилгээ үзүүлнэ, энэ төөнүүр, зүү, бариаг хийлгэж, рашаан шөлөнд орвол ингэж бие сэтгэлд нөлөөлнө гэхээр шууд л мэдрэгддэг. Манба Дацангийн эмч нар шинжилгээний хариу хүлээж суух биш шууд л оношилж, эмчилж, үр дүн нь гарч байна. Ер нь жилдээ нэг бус удаа судсаа чагнуулаад бие эрхтэнээ ямар байна гэдгээ үзүүлчих хэрэгтэй. Тэгвэл цаг алдахгүй, дараа нь том эрсдэлд орохгүй байх бүрэн боломжтой. Манайхан өвчин нь хүндрээд ирэхээр Хятад, Солонгос, Орос явна гэдэг болчихсон. Би Манба Дацан Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлдэг хүний хувьд хүмүүст хандаж хэлэхэд “Өөрсдийнхөө оточ эмч нарт илүү итгэл, ач холбогдол өгч, уламжлалтаар оношлуулж, эмчлүүлж байвал үр дүнтэй шүү” гэж хэлье.

-Уламжлалт анагаах ухааны оношилгоо, тэр дундаа судас оношилгооны гайхамшгийг хүн бүр хэлдэг л дээ. Танд судсаар оношлуулахад юу мэдрэгдсэн бэ?

-Европ анагаахын эмчилгээнд лабораторийн, дүрс оношилгооны гээд шинжилгээний хариугаар бүх юм яригдана л даа. Гэтэл шууд судас чагнаад онош хэлдэг нь үнэхээр гайхамшиг. Энэ бол гайхамшиг. Энэ гайхамшигтай анагаах ухааныг зөвхөн монголдоо гэлтгүй дэлхийд хөгжүүлэх шаардлагатай. Польшид манай 1000 гаруй монголчууд амьдарч байгаа. Ихэнх нь уламжлалтын эмч нар байдаг. Польшууд уламжлалт анагаах ухаан нь хувь хүний мөн чанарт нь тохируулж эмчилдэг, өвчнийг үндсээр нь эмчилдэг гэж ярьдаг. Тэд дорнын уламжлалт эмчилгээ гаргууд сайн, хор хөнөөлгүй гэдэгт бүрэн итгэсэн байдаг юм билээ. Хаана төгс эмчилгээ байна түүнийг зориод хүн бүхэн очдог шүү дээ. Тиймээс монголд уламжлалт анагаах ухаан дээр суурилсан эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой гэж би хардаг. Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их оточ Д.Нацагдорж хамба багш маань сургууль соёл байгуулаад орон хийд бариад ард түмэндээ төдийгүй дэлхийн ард иргэдэд их буян болж байгаа хүн. Энэ эмнэлэг, сургууль, эмийн үйлдвэр, орон хийдийг байгуулахад хөрөнгө санхүү, хичээл зүтгэл гээд асар их зүйлийг шаардсан байгаа. Монголдоо боловсон хүчин бэлтгэж, уламжлалт анагаах ухааны гайхамшигтай эрдэм мэдлэгийг эзэмшсэн залуу эмч нар эргээд орон нутагтаа, дэлхийн олон улсад хүн ардыг эмчилж, соёлын хувьсгалыг эхлүүлсэн. Тиймээс их Хамба Д.Нацагдорж багшдаа болон хамт олонд нь баяр хүргэе.

Манай их хамба Д.Нацагдорж багш маань Завхан аймгийн гаралтай хүн. Завханчууд их мундаг л даа. Тамгатай есөн хутагт төрсөн аймаг. Тийм авшигтай газраас төрсөн хүн нэг агуу хүний л үргэлжлэл байж таарна гэж хайрлаж хүндэлж, шүтэж биширч явдаг. Дандаа хүнд тусалж, хүний өөрийнх нь оюун ухаан, хэмжээнд тохируулаад үг сургаалаа хэлдэг. Хүний сэтгэл зүйг нь ойлгоод зөв зам руу нь оруулдаг сайхан зам мөртэй хүн юм даа гэж хүндэлж явдаг. Их хамба гэгээнтэн хүн гэхээрээ нэг их дээр залраад буудаггүй хүнийг хэлдэггүй юм байна. Эглийн амьдралаар бидэнтэй харилцдаг хүнийг л нөхөр маань, багш маань гэж харж явдаг, түүгээрээ агуу байх. Их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу гэж, Д.Нацагдорж багш минь тийм л хүн.

-Та сэтгэлзүйгээ хэрхэн удирддаг вэ?

-Монголчуудын амьдрах ухаан гэж том ухаан байна шүү дээ. Сайн явах санааных гэдэг үнэн шүү. Зөв үзэлтэй явбал тэр хүн мэдээж сайхан эрч хүчтэй хиймортой явна. За тэгээд, муу санаа муу үйлдэлтэй хүмүүстэй нөхөрлөөд, муу үзэл бодолтой явбал хариу нь муу л байна. Ер нь амьдралд ухаантай, тэсвэр тэвчээртэй байгаад байвал амжилт гардаг. Мянган сайхан багштай байгаад, сургууль соёл төгсөөд сэтгэл санаа нь сайнгүй байх юм бол бас хэцүү. Тиймээс би “Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос” гэж хэлэх дуртай. За бас “Зоригийг хийморь дагадаг” гэсэн мэргэд, өвөг дээдсийнхээ ухааныг сэтгэлдээ тээж явдаг даа.

-Ярилцсанд баярлалаа.

М.Ариунсувд

“Уламжлалт анагаах ухаан” сонин

Хуваалцах:

FacebookTwitter

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy