Б.Одгэрэл: Хамба лам Д.Нацагдорж бидний ээжтэйгээ амьдрах хугацааг арван жилээр сунгасан

Хуваалцах:

FacebookTwitter

Эцсийн шатандаа орсон хавдрыг эмчилсэн тохиолдол уламжлалт анагаах ухааны түүхэнд бишгүй бий. Ийм түүхийн гэрч болж, хавдар хэмээх аюулт өвчнөөс салсан хүмүүсийн нэг бол бидний ярилцагч Б.Одгэрэл гэх энэ эмэгтэйн ээж, Б.Гүнчиндорж агсан юм. Өвчин намдаагч эм хэрэглэхээс өөрөөр өвдөлттэйгөө тэмцэх аргагүйд хүрчихсэн явсан түүнийг хувь заяа нь Манба Дацан МУЭСТ-ийн хамба лам, хүний гавьяат эмч Д.Нацагдорж руу хөтөлж аваачсанаар энэ гайхалтай түүх эхэлжээ.

-Таны ээж Б.Гүнчиндорж агсан амьд ахуйдаа хүндээр өвдсөн нь юунаас үүдэж байв?
-Ээж маань Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгын гоцлол дуучин, уртын дууч хүн байлаа. 40 хэдэн настайдаа буюу 1975 онд урлагийн бригадаар явж байгаад машины бүхээгнээс буухдаа эвгүй унасанаас болж хөлөө гэмтээчихсэн. Шагай нь цууралт өгөөд бороолохдоо буруу бороолчихсон эсвэл хавчигдчихсан уу, нэг л эвгүй эдгэчихсэн юм билээ.
Ингээд 1984 онд ээжийн хөл маш хүчтэй, цочир өвдсөн. Гэнэт халуураад, цочрол өгч, хөл нь хавдаад, өвдгөн дээр нь дахиад нэг өвдөг залгасан дайтай том болчихсон. Ингээд нийслэл хотод ирж эмнэлэгт үзүүлээд үрэвсэл намдаах эмчилгээ хийлгэснээр өвдөлт нь овоо багасчихаар нь эргээд нутагтаа очсон. Гэвч тэр цагаас хойш ээжийн маань хөл байнга өвддөг болчихсон. Энэ үеэс өвдөлт намдаах, үрэвсэл дарах эм тариа хэрэглэх нь зуршил болж эхэлсэн дээ. Сүүлдээ тэр нь үйлчлэхээ болиод ирсэн. Тиймээс бид ээжийгээ аваад бид хот орон руу шилжиж ирлээ. Ер нь сайн эмчилгээ хийлгэе гээд. Түүнээс хойш хэвтээгүй эмнэлэг байхгүй дээ. Гэсэн ч өвчин нь мэдрэлээ дарсанаас болсон уу, эсвэл үрэвсэл болчихсон уу гэдэг нь мэдэгдэхгүй байсан. Эмнэлгийн шинжилгээ, зургаар сүүлдээ бүр шохойжилт болоод, үегүй болчихож гэсэн хариу хүртэл гарч байв. Ямар ч шар усгүй буюу үений шингэнгүй болчихсон байна гэсэн.
-Хавдартай болсон гэдэг мэдээг анх хэзээ сонсч байв?
-Өвчин нь ингэж даамжирсан учраас 2002 онд Хавдар судлалын үндэсний төвд эд, эсийн шинжилгээ өгөхөд хорт хавдартай, тэр нь сүүлийн шатандаа орчихсон байна гэсэн хариу гарсан.
Эмч нар ээжид, “Та хэвтэж эмчлүүлж байгаад хөлөө тайруулахгүй бол хавдар цаашаа тархана” гэлээ. Харин ээж зөвшөөрөөгүй. Эмч нартай инээж ярьсан хэрнээ, эмнэлгийн коридорт гараад хүүхдүүдээ харангуутаа уйлчихаж билээ. “Би үүгээрээ ертөнцийн мөнх бусыг үзье. Та нарыг ч, өөрийгөө ч зовоогоод яах вэ” гэсэн.
-Хөлөө тайруулаагүй гэхээр, хавдраас болж их өвдөлт зовиур амссан байх даа?
-Анх хавдартай гэдгээ мэдсэн 2002 оноос хойш өвдөж зовиурласаар 11 жилийн дараа буюу 2013 онд тэсвэрлэшгүй өвдөлт өгч эхэлсэн учраас ээжид морфин тарих болсон. Тэр нь үйлчлэхээр хөлс нь гараад л унтдаг байж билээ. Гал тогооны өрөө маань дулаахан учир тэндээ ор засаад ээжийгээ байрлуулсан байлаа. Тэгээд л ээжийгээ ээлж, ээлжээр сахьдаг байв. Ээж маань өвдөлтөөсөө болоод нь унтаж байхдаа толгойгоороо хана цохьчихдог байсан. Толгой нь хагараад цус гарчихсан байгааг өөрөө ч анзаарахгүй. Тэгж л тэвчээр нь барагдаж байсан хэрэг. Тэгэхэд ээж, “Ясны өвчин гэдэг чинь шүд өвдөхөөс илүү юм шүү” гэж хэлдэг байж билээ.
-Д.Нацагдорж хамбад хэзээ хандсан бэ?
-Хавдар судлалын үндэсний төвд биднийг явж байтал, тэнд явж байсан нэг настай эмэгтэй бидэнд, “Энэ хойд талд байдаг Манба Дацан хийдийн хамба лам нь Д.Нацагдорж гэж хүн бий. Та нар ээжийгээ аваад тэр хүн дээр яваад оч. Эмчилж чадна гэсэн хүнээ эмчилдэг юм, тэр хүн” гэсэн. Ингээд биднийг хийдэд иртэл хамба багш ашгүй байж таарсан. Ээжийн судсыг барьж үзсэнээ тан бичээд өгчихсөн. “За энэ танг уугаад эдгэрэх нь дээ” гээд бид бүгдээрээ баярлаад л явчихлаа. Ээж маань ч баярлаад хамба багшаас адис авсан.
-Эмчилгээний үр дүн хэрхэн илэрч байсан нь сонин санагдаж байна шүү?
-Тан уусан эхний долоо хоногтоо жаахан цочроож байсан боловч ээж маань тэгэн тэгэн уусаар байсан. Цаг харж байгаад л тангаа ууна. Ингээд 14 хоног уусны дараа өвчин нь огт өөр болж ирсэн. “Энэ чинь овоо суларчихсан байна уу даа. Одоо надад ер нь өвдөх юм илэрч байна уу” гэж ээж минь хэлэхдээ бүр ясны нь хөлс гардаг байлаа. Ингээд сар болсны дараагаас бүр илүү сайжирч, ээж маань таяг тулаад жорлон руугаа явдаг боллоо. Тамхиа татаад цонхон дээрээ зогсдог ч боллоо. Тэгснээ, “Хөдөө явна. Нутагтаа, дүү нартаа очино” гэнэ. “Тан ууж байгаа юм чинь гам алдчихна” гээд бид тэр сард нь ээжийгээ явуулаагүйл дээ. Нийтдээ зургаан сарын хугацаанд тан уусан. Маш сайн гам хийсэн. Ингээд 100 хувь эдгэсэн дээ. Аргагүй л дотор нь идэгдэж байсныг бид ээжийгээ эдгэснийх нь дараа мэдсэн. Ясны хэлбэрт нь өөрчлөлт ороод, эрүүл хөлтэй нь харьцуулж харахад муруйж хэлбэрээ алдчихсан байж билээ. Ингээд ээж найман сарын дараа таягаа хаячихлаа. Шатны уруу таяггүй өөрөө буудаг боллоо. Сүүлдээ бүр бойтгон гутлаа хаяад өсгийтэй гутал өмсдөг болов. Урлагийн хүн учир өсгийтэй гутал өмсөх дуртайг ч хэлэх үү.
-Хамба багш таны ээжийг анх үзээд ямар онош тавьж байсан бэ?
-“Хавдар мөн, удаасан байна” гэсэн. Ослоос хойш 20 гаруй жил явчихсан гэхээр бас аргагүй байх. Эмнэлэгт тааралдсан тэр буянтай хүний ачаар бид Д.Нацагдорж хамба дээр ирж ээжийгээ үхлийн ирмэгээс татаж гарган дахиад арав гаран жил амьдруулсан нь их том хувь тавилан гэж боддог юм. Ээж минь тэр цагаас хойш өдөр бүр долоон бурхандаа, бас хамба багшдаа сүү өргөн залбирдаг болсон доо.
-Таны ээж түүнээс хойш 10 гаран жилийн дараа бурхан болсон гэв үү?
-10 хэдэн жилийн дараа ээж минь даралт харвасны улмаас нас барсан. Говь-Алтай аймгийн Алтай чуулгын 50 жилийн ой болохын өмнөхөн их хөөрөөд баярлачихсан байсан болоод тэр үү, зүрхний хэм нь алдагдаад харвалт өгчихсөн.
-Өнөөх хавдар ор мөргүй эдгэчихсэн хэрэг үү?
-Тийм. Хамба багш тэр өвчинд яг голыг нь олж эмчилгээ бичиж өгсөн. Бид энэ хүнд насаараа баярлаад ч баршгүй. Бидний ээжтэйгээ хамт амар тайван амьдрах хугацааг арван хэдэн жилээр сунгаж өгсөн хүн. Би хэзээ нэгэн цагт энэ түүхийн талаар телевизэд ч юм уу, сонин хэвлэлд хандан ярилцлага өгнө гэж боддог байлаа.
-Хожим нь таны хөл бас гэмтэж, хамба багшаар эмчлүүлж байсан гэдэг байх аа?
-Ээжийн маань нутаг өндөр уулстай. Энэ ч утгаараа газар ус нь их догшин байдаг болов уу. Би 2018 оны арванхоёрдугаар сард Говь-Алтай, Баянхонгорт ажлаар явж байгаад Улаанбаатар руу буцаж явах замдаа хүчтэй халуурсан. Өдөр нь гайгүй болчихоод орой нь халуураад болдоггүй. Ингээд Улаанбаатарт гэртээ ирэхэд хөл маань гутландаа багтахгүй болтлоо хавдчихсан. Бүр өмдөө ч тайлах боломжгүй болсон учир хайчилж тайлсан. Гуяны булчирхай цочиж хавдаад, суга руу орчихсон байв. Ингээд 30 сая цифазолин гэрээрээ тариулчихаад гурав хоног харлаа. Дуудлага өгтөл, “Дотроо буглаа болчихсон байна, хагалуул” гээд байдаг. Би хагалгаа хийлгэмээргүй байсан учир нөхөртөө, “Хоёулаа ерөөсөө хамба багш дээр очъё” гэж хэллээ. Ингээд нэгдүгээр сарын эхээр хамба багшид үзүүлтэл багш, “Лусын хорлол болсон байна” гэлээ. Бид чинь зуны улиралд догшин уул, устай газраар амарч зугаалж байгаад булгийн усанд орох ч юм уу, тийм мэтийн үйлдэл зөндөө байж таарна. “Мэргэний чулуу түүе” гээд аваад ирчихсэн тохиолдол ч байгаа. Хамба багш бушуухан хүнээ эмчилье гэж бодсон байх, “За энэ танг сар уугаад гам хийгээд эргэж ирж үзүүлээрэй” гэсэн. Тангаа ууж эхэлсэн шөнөө л би нойртой хонолоо.
-Тэр хүртэл бас их өвдөлттэй байсан хэрэг үү?
-Хөнжлийн даавуу татагдахад хүртэл мэдрэгдээд хөндүүрлэдэг байсан юм. Тэгсэн тан уусан гурав дахь өдрөөсөө хавдар нь буураад, өвдөлт эрс багасчихлаа. Хөлийн хуруунууд үзүүрээсээ харлаад ирсэн нь тэндээс эхлээд үхжилт болж байсан юм билээ. Хамба лам тэгэхэд надад хэлсэн, “Чи хагалгаа хийлгэж болохгүй байсан юм байна даа” гэж. Нээрээ л тэр их өвчинтэй зүйлээс жаахан ч гэсэн идээ шүүрч гарахгүйгээр эдгэчихсэн. Тэр чигээрээ хаван хавдар байсан юм билээ. Тан уугаад нэлээн их хэмжээний шээс гадагшлуулсан. Хавдар буугаад ирмэгц арьс маань хөгшин хүний арьс шиг умайчихаж билээ. Ингээд тангаа нэг сар ууж дууссаны дараа хөлийн үзүүрийн харласан хэсэг нь ч цайрчихлаа. Биеэ зүгээр болчихонгуут, хамба багшийн “Эргэж ирж үзүүлээрэй” гэж хэлснийг ч бараг мартчихаж байгаа юм. Түүнээс хойш хөл маань зүв зүгээр болсон. Нэг анхаарах зүйл нь хүн зовиур нь арилаад, өвчнөө мартаад ирэхээрээ эмээ тууштай уухгүй хаях, хориглосон хоол хүнсийг хэрэглэх зэргээр алдаа гаргах гээд байдаг талтай. Тэгж болохгүй шүү л гэж хэлмээр байгаа юм.
-Эрүүл саруул байх шиг сайхан зүйл хаа байх билээ. Танд эрүүл энхийг хүсье!
-Баярлалаа. Хамба багш минь ийм л сайхан буянтай хүн юм даа. Бие засч ч чадахгүй болчихсон байсан би өнөөдөр амьдрал ахуйгаа дээшлүүлэх талаар бодоод, сонирхож дурладаг ажлаа хийгээд явж байгаа маань хамба багшийн ач. Хамба багш миний өвчнийг мартуулчихсан. Хамба багшид нэг мундаг увидас байна. Үзүүлсэн хүн болгон нь эрүүл болж, үзүүлсэн хүн болгон нь баярлаж талархаад явж байхыг би харлаа. Багшдаа “Баярлалаа” гэж хэлэхэд ч багадана. Одоо бид хүүхэд ханиад хүрсэн ч Манба Дацан эмнэлэгт л ханддаг болсон.

Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

Х.Хулан

Хуваалцах:

FacebookTwitter

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy