Г.Одонцэцэг: Орчлонгийн жам ёсыг ухамсарласан хүн сэтгэлийн зовлон бага эдэлдэг

Хуваалцах:

FacebookTwitter

 

     Сэтгэл гэж юу вэ, тэр чухам хаана оршдог вэ. Хүний амьдрал, насжилт, эрүүл мэндэд сэтгэл яагаад голлох орон зайг эзэлж, хүчтэй нөлөө үзүүлдэг юм бол. Эдгээр асуултад хариулт авахаар Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, Оточ Манрамба Их Сургуулийн дэд захирал, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэгтэй ярилцлаа.

 

-Уламжлалт анагаах ухаанд амьсгалын тоо насжилтад чухал нөлөөтэй гэж үздэг юм билээ. Тэгэхээр хүн зөв амьсгалахын тулд хэрхэх ёстой вэ?

-Амьсгал төвлөрсөн төв байдалтай, жигд хэмнэлтэй байх нь насжилт болоод эрүүл мэндэд чухал нөлөөтэй. Амьсгалыг байнга дээш нь савлуулаад, эсвэл доошлуулаад тэнцвэртэй бус байвал насжилт болоод эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Хэтэрхий удаанаар амьсгал авах нь бадганыг хөдөлгөнө. Тэгэхээр амьсгалыг дэндүү удаан, эсвэл дэндүү хурдан биш, тэнцвэртэй, төв байдалд барих нь хамгийн зөв. Амьсгалын тоо хоорондын зай түргэн байх нь бас сайн биш. Хүн нэг удаа амьсгалахад судас таван удаа лугшиж байвал хэвийн гэж үздэг. Тиймээс амьсгал  хэт удаан биш, хэт түргэн биш байх ёстой. Хүн уурлахад, хүсэж тачаахад, атаархахад, айхад амьсгал тэгш бус болдог. Гэнэт амьсгалаа түгжиж, хааж хорьдог, гутарч санаа алддаг. Энэ бол өвчлөх үндэс мөн. Энэ утгаараа амьсгал сэтгэлтэй салшгүй холбоотой.

 

-Сэтгэл хаана оршдог вэ?

-Сэтгэл нь өөрийн бие махбодод түшиглэж оршино. Бид хязгааргүй цаг хугацааны туршид, хязгааргүй орон зайгаар тэнэж, бас хязгааргүй олон сайн, муу үйлийг үйлдэж, тэрнийхээ үрийг эдлэж байдаг бүхний суурь болох “Тийн мэдэл” буюу сүнс юм. Сүнс өөрөө сэтгэл, оюун бодол, амь нас зэргийн орон нь юм. Өөрөөр хэлбэл, хов хоосон, баригддаггүй зүйл биш. Тэр ч бүү хэл, хүний биетэй адилхан гал, ус, шороо, хий, огторгуй гэсэн таван махбодын бүтэцтэй. Энэхүү сүнс нь ямар нэгэн төрлийн амьд махбодыг түшиглэн оршиж байдаг. Хэрэв тэрхүү түшиглэж буй бие махбод өвчилж, эсвэл бэртэж гэмтэх, элэгдэж доройтох, нас барагдах, үйл барагдах, буян барагдах зэргээр сүнсний үйл ажиллагаа хэвийн орших боломжгүй болвол тэрээр биеэс гарснаар тэр төрөл нь дуусгавар болж үхнэ. Харин биеэс салсан сүнс нь урьд төрлүүддээ өөрийн үйлдсэн үйлийнхээ эрхээр өөр нэгэн төрөлд зохицсон биеийг түшиглэж дахин амилж амьдардаг. Нэг төрлөөс нөгөө төрөлд шилжихдээ ямар нэгэн биегүйгээр зуурдын төрөлд хэсэг хугацаанд байж байгаад үйлийнхээ эрхээр зургаан зүйлийн аль нэгэн төрлийн биед оршдог. Ийнхүү  зургаан зүйлийн буюу тэнгэрийн, тэнгэр бусын, хүний, адгуусны, бирдийн, тамын гэсэн төрлүүдээр тэнэж, өөрийн үйлдсэн буяныхаа үрэнд жаргалыг эдлэж, нүглийн үрэнд зовлонг эдлэсээр үргэлжилж байдаг. Дээрх зургаан зүйлийн төрөл бүгд л зовлонгийн мөн чанартай  бөгөөд тухайн төрлийн амьтдын нийтлэг эдэлдэг зовлон гэж байхаас гадна, амьтан тус бүрийн өөрийнх нь үйлээс хамааран эдлэх зовлон, жаргал нь янз бүр байдаг. Тийм учраас өөрийн үйлдсэнийг өөрөө эдлэх нь гарцаагүй. Гэхдээ энэ зургаан төрөл дотроос хүний төрөлд орсон сүнс нь рома, жанма, ум гэсэн гурван судсаар тэжээгддэг таван цул, зургаан сав эрхтний үйл ажиллагаа болон тунгалгуудын шимээр тэжээгдэж байдаг таван мэдрэхүйн мэдээллээр дамжуулан үйлээ үйлдэж, үрээ хурааж байдаг. Тийм учраас хүний төрлийг оюун ухааны болон сэтгэлийн өндөр хөгжилд хүрэх боломжтой хамгийн сайн төрөл гэж үздэг.

 

-Бие нь сэтгэлдээ илүү давамгай нөлөө үзүүлж байна уу, эсвэл сэтгэл нь эрүүл мэнддээ давамгай нөлөө үзүүлж байна уу?

-Ерөөс бүх зовлонгийн анхдагч шалтгаан нь сэтгэл. Өвчин бол зовлон. Зовлонгийн шалтгаан бол буруу, муу сэтгэл. Тэгэхээр биеийн өвчин сэтгэлээс үүдэлтэй гэж үзэж болно. Мөн гадны бэртэл гэмтэл зэргээс бие махбод гэмтэж өвчилсөн бол мөн сэтгэлдээ тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Хүнийг амьдран байх хугацаанд бие, сэтгэл нь ус, сүү хоёр сүлэлдсэн мэт орших бөгөөд сэтгэл нь зүрхэнд төвлөрөөд, биеийн эд эрхтэн, өчүүхэн жижиг хэсэг бүрт түгээмэл байдлаар оршиж байдаг.

 

-Сэтгэлийн байдал их олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тэгвэл насжилт сэтгэлд хэрхэн нөлөөлдөг юм бол?

-Насжилт гэдэг өтлөх, хөгшрөх гэсэн үг. Хүний төрлийн нийтлэг эдэлдэг дөрвөн төрлийн зовлон байдаг. Үүнийг “Зовлонгийн дөрвөн далай” гэж нэрийддэг. Тэр нь төрөх, өвдөх, өтлөх, үхэх гэсэн зовлон. Эдгээр нь бүгд их хэцүү зовлон боловч хүнийг хамгийн илүүтэй зовоодог нь өтлөхийн зовлон юм. Яагаад гэхээр хөгшрөлт гэдэг нь хүний биеийн элэгдэл доройтол бөгөөд энэ үйл явц нь бие махбодод олон жилийн туршид тасралтгүй үргэлжилдэг учир энэ зовлонт байдал нь хүний сэтгэл зүйд тодорхой хэмжээгээр байнга нөлөөллөө үзүүлдэг. Насжилтийн улмаас бодисын солилцооны эрч хүчний доройтол болж үс цайх, арьс суларч үрчийх, яс, мах булчингийн хүч чадал буурах, харах, сонсох зэрэг мэдрэхүйн таван эрхтний үйл ажиллагааны доройтол агшин агшнаар зогсолтгүй явсаар байх нь жам ёс юм. Хүн төрөх, өтлөх, өвдөх, үхэхийн жам ёсыг сайтар мэдэж, түүнийг хүлээн зөвшөөрсөн бол өтлөх үйл явцыг сэтгэлийн зовлонгүйгээр эдлэх боломжтой. Энэхүү жам ёсны өөрчлөлт болж буй нас насандаа тохируулан өөрийн ажил, амьдралаа төлөвлөж, тооцоолж энэ биеийг эдлэх хэрэгтэй.

 

-Өсвөр насныхныг сэтгэлзүйн хувьд тогтворгүй, тиймээс энэ үед нь анхаарах хэрэгтэй гэдэг шүү дээ. Сэтгэлзүйн хувьд тогтворгүй байх нь наснаас хамаарах уу?

-Хүн бүхий л насандаа сэтгэлзүйдээ анхаарч байх хэрэгтэй. Гэхдээ арай илүү сэтгэлзүйн хувьд тогтворгүй нас гэвэл 0-16  болон 70-аас дээш нас гэж хэлнэ. Учир нь эхийн хэвлийгээс төрсөн цагаас бодисын солилцооны үйл ажиллагаа бүрэн боловсрох хүртэлх үе буюу охидоор бол сарын тэмдэг хүртэлх нас. Энэ насыг уламжлалт анагаах ухаанд 0-16 нас гэж үздэг. Энэ үед хүний шүд ургахаас эхлээд,  яс ургаж бэхжих, мах булчин, шөрмөсүүд нь ургаж сунаж байна. Энэ болгонд хүүхдийн биед зовиурууд илэрч байдаг. Мөн мэдлэг, оюун ухааны боловсрол, сэтгэлийн боловсрол төдий хэмжээгээр ургаж төлжих үйл явц бас явагддаг. Тиймээс 0-16 насны хүүхдүүд биеийн талаас ч, сэтгэлийн талаас ч тэр бүрэн бие даан амьдрах чадваргүй байдаг учраас сайтар арчилж тордож байх хэрэгтэй. Хүүхдүүдийг энэ үед нь эцэг, эх нь сайтар анхаарч байхаас гадна ялангуяа эцэг, эхийн хоорондын харилцаа, гэр бүлийн бат бөх байдал их нөлөөтэй. Түүнийг үл анзаарч ээж, аав нь хоорондоо тааламжгүй байх, салж сарних, ээж, аав нь олон сар жилээр хүүхдүүдээ орхиж явахад хүүхэд сэтгэлзүйн маш их зовлон дарамтыг эдэлдэг. Хүүхэд насанд сэтгэлд нь тогтсон сайн, муу, сайхан, муухай дурсамжууд амьдралынх нь туршид нөлөөтэй байдаг. Тэгэхээр хүүхдийг 16 нас хүртэл нь ээж, аав нь өөрсдийнхөө хажууд анхаарал, халамжиндаа тохь, тухтай байлгаж, биеийн болоод сэтгэлзүйн өсөлт хөгжилтөд хичээнгүйлэн анхаарч маш нямбай хандах  хэрэгтэй.

Мөн 70-аас дээш насанд бие махбодын хүч чадал ерөнхийдөө 70 хувь буурдаг гэж үздэг. Гэхдээ хүүхэд насыг бодвол өөрийн мэдлэг боловсрол, амьдралын туршлага, сайтар хөгжүүлсэн хэвшил дадал, хурааж хуримтлуулсан эд баялагтай болсон байна. Тэгэхээр хүний амьдралын 16-аас доош насанд биеийн хөгжил бүрэн боловсроогүй, 70-аас дээш насанд биеийн үйл ажиллагааны буурал доройтлын үе байдаг учраас энэ насанд биеийн зовлонг илүү эдэлдэг. Үүнд анхаарч бие махбодыг тэжээн тэтгэж, өөртөө илүү анхаарал халамж тавьж байх нас юм.

 

-50-иас дээш насныханд элбэг тохиолддог ханиа алдаж ганцаардах, тэтгэвэрт гарч хамт олноос хөндийрөх, ажилгүй суух гэх мэт асуудлаас болж сэтгэлийн гутралд ордог гэсэн судалгаа байна. Энэ сэтгэл гутралаасаа болж хөгшрөл хурдан явагддаг, бие махбод өвчилдөг гээд сөрөг үр дагаврууд ч гарна шүү дээ. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой вэ?

-Хүн бүр урт удаан наслахыг хүсч, хичээдэг. Гэвч насных нь сүүлийн хэсэг нь өтөл хөгшин нас байх нь гарцаагүй гэдгийг зарим нэг нь ухамсарладаггүй. 20 настай юм уу, 30 настай бие махбодтойгоо 80 жил амьдрахгүй шүү дээ. Би 90 насалвал 90 настай эмээ юм уу өвөө болно гэдгээ төсөөлж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд өөрийн 20 насыг, 30, 40, 50, 60, 70, 80 насыг хэрхэн туулж барах вэ гэдэг ойрын болон хэтийн төлөвлөлт барагцаалан хийгээд өдөр бүрийг үр дүнтэй, аз жаргалтай, өөртөө болон бусдад хэрэгтэй байдлаар л туулах чухал. Нас, насныхаа онцлог сайхан зүйлийг олж харж чаддаг байх хэрэгтэй. Жишээлбэл, 60 нас хүрэхээрээ биед маань тийм өөрчлөлтүүд бий болно гэдгийг мэддэг, хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. Идэр залуу насандаа 7-8, 10-11 цаг ажиллахад хүч барагдахгүй, эрч хүчтэй байж чаддаг бол 60 насанд тэгж чадахгүй шүү дээ. Тэгэхээр 60 насанд миний чадах зүйл юу байх вэ гэдгээ бодож төлөвлөх хэрэгтэй. Өтөл насанд минь үр хүүхдүүд тус тусын амьдралтай болж, хүний амьдралын сайн мууг туулна, хань ижил минь нас бараад ганцаар энэ амьдралыг туулахыг ч үгүйсгэхгүй гэж бодон хэрхэн амар амгалантайгаар хорвоог туулах вэ гэдгээ бодож амьдрах хэрэгтэй.

 

-Хүмүүс биеэ арчлах талаар л анхаарахаас биш сэтгэлээ арчлах талаар боддоггүй. Сэтгэлээ хэрхэн арчлах вэ?

-Бид бие махбодоо болон  сэтгэлээ байнга арчилж байх ёстой. Тэгвэл янз бүрийн зовлонт агшин тохиолдоход айхтар гуйвж унаад байхгүй л дээ. Жишээлбэл, саяхан нэг эмэгтэй шинэ жилдээ орох гээд дөрөв хоног мацаг барьснаас болоод нас барчихлаа гэсэн мэдээлэл явсан. Дөрөвхөн хоногт хүн эрүүлээр 5-6 кг хасна гэж хэзээ ч байхгүй. Уг нь хүн ажлаасаа гараад л гоёлын даашинз өмсөөд ямар ч хүлээн авалтад нүүр бардам очихоор хэмжээнд биеэ авч явах боломж бий.  Ийм байхын тулд өдөр бүрийн зөв хооллолт, зөв хөдөлгөөн дасгал, зөв үзэл баримтлал, сахилга бат, хичээл зүтгэл, тэвчээр, мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэх гээд зөв дадлуудыг хэвшүүлэх хэрэгтэй. Биеийг эрүүл байлгахын тулд байнга урьдчилан сэргийлж, хэрэв ямар нэгэн өвчнөөр өвдсөн бол удааж, хүндрүүлэлгүй маш түргэн эм, эмчилгээг хийлгэж тэр даруй бүрэн эдгээж байх хэрэгтэй. Яг үүнтэй адил сэтгэл янз бүрийн сөрөг зүйлээс шархалвал түүнийг сэтгэлдээ удааж, өгөрлүүлэлгүйгээр тухай бүрт нь зөв үзэл бодол, зөв ухаарал, сэтгэлийн тэвчээр хатаараа эдгээж байх нь чухал юм.

Бидний сэтгэл өдөр тутмын маш их мэдээлэл, ертөнцийн үймээн шуугиан дунд байж байна. Тэр болгоныг төлөв түвшин, ухаарлын байдлаар туулах боломжтой. Өдөр бүр хагас цагийн мөргөл хийхэд, эсвэл нэг цагийн бясалгал, эсвэл 30 минутад тарни уншаад сууж байх үед сэтгэлээ байнга дасгалжуулж, аливаа юмыг зөвөөр тунгаан бодох боломж бүрддэг. Энэ нь сэтгэлээ ариусгах, сэтгэлээ эерэг хүч чадлаар сэлбэхэд сайн нөлөөтэй байдаг.

 

-“30 гарчихлаа”, “40 хүрчихлээ”, “Нас ч явж байна даа” гээд насаа тоолоод хямраад байдаг хүмүүс бий шүү дээ. Энэ нь бас нэг талаараа сэтгэлзүйн дарамт болдог байх. Энэ хүмүүст та юу гэж зөвлөх вэ?

-Хүний бие махбод ид сайхан байдаг нас нь 16-70. Энэ насанд бид биеэ өөрийн эрхээр эдлэж болж байгаа юм. Мэдээж, сайн зүйлд шүү дээ. Хүн ер нь олдоход бэрх зэндмэнэ эрдэнэ адил хүн төрлийг олсныхоо хэргийг бүтээж байхын тулд өөрийнхөө насыг санаж, энэ насан дээрээ яг юу бүтээх хэрэгтэй билээ гэдгээ ухамсарлаж, хичээж байх хэрэгтэй. 30 нас гарчихлаа, 40 нас гарчихлаа гэдгээ мэдэж, ярьж байгаа нь сайн. Тэгээд энэ насанд би юу хийх ёстой билээ, надад хийж бүтээх ямар боломжууд байна вэ гэдгээ бодох, бас юу сурч судлах ёстой билээ гэж санаж сэрж, түүнийгээ ажил үйлс болгон хэрэгжүүлээд, мөн надад ямар муу дадал хэвшил бий болчихов, би юуг буруу бодож хийгээд байна гэдгээ хянаж бодоод, түүнийгээ арилгаад явах хэрэгтэй. Ер нь аль ч насандаа өөрөө өөрийгөө хянаж, хүмүүжүүлээд л явах ёстой. Өөртөө дадуулсан хэрэгтэй зүйлээ бусдад хэлж зөвлөөд явах нь бас буянтай хэрэг юм.

Энэ төрөлдөө би яг ийм юмыг л бүтээх хэрэгтэй байна. Тэгэхийн тулд би өдий хэр наслах хэрэгтэй юм байна гэж төлөвлөөд наслах насаа өөрийн эрхэнд байлгах маш том арга, ухаан буддизмд бий. Үүний тулд маш цэгцтэй, ухамсартай, болгоомжтой, шаргуу байх хэрэгтэй. Буддизмд наслах насаа өөрийн эрхэнд болгоод, тэр бүү хэл үхэх жил, өдөр, цагаа товлоод, бясалгал бүтээлээ хийгээд энэ насаа эцэслэдэг мэргэд дээдэс өмнө нь ч байсан, одоо ч бидний үед байна. Ийм өндөр түвшинд биш юмаа гэхэд ядахдаа өөрийн эгэл амьдралаа ёс зүйтэй, цэгцтэй, өөртөө болон үр хүүхэд, аав ээждээ өгөөжтэй, бусдад хорлолгүй амьдраад явах хэрэгтэй юм.

 

-Үхэлд бэлдэнэ гэж юуг хэлэх вэ?

-Би буддизмыг олон жил учир шалтгаанаар нь судалж, тэрхүү эрдэм, үзэл онолыг өөрийн болон бусдын амьдрал дээр хэрхэн өрнөхийг нь ажиглаад, таниад явж  байгаа учраас дараа төрөл байдаг гэдэгт баттай итгэдэг. Тэгэхээр энэ төрөлдөө эрдэм ном, буяны үйлд шамдах, мөн дараа төрөлдөө энэ сайн үйлээ үргэлжлүүлэн сайжруулах, гэгээрлийн хутгийг олох, бас бусдад зааж таниулаад явах том зорилго надад бий. Орчлонгийн зовлонгоос энэ насандаа ангижрахыг хичээнэ. Чадахгүй бол дараа төрөл рүүгээ энэ чанараа алдахгүйгээр аваад явмаар байна гэсэн үг. Үхэлдээ бэлдэнэ гэдэг бол тэр. Түүнээс биш, цуглуулсан эд хөрөнгө, миний эдэлж хэрэглэж байсан зүйлсээс үр хүүхдэд зарим нь үлдэж, зарим нь надтай цуг замхраад л алга болно.

 

-Үхэлдээ бэлдэх ухааныг хүн бага залуу насандаа олж авах, эсвэл өтөл насандаа ухаарах хоёрын хооронд ялгаа бий юу?

-Байлгүй яах вэ. Үхлийн процесс өөрөө маш хүнд, санаанд оромгүй айдас, сандрал, зовлонг мэдрүүлнэ. Үхэх үед биеийн болон сэтгэлийн таван махбод хураагддаг. Жишээ нь, шороо махбод хураагдахад даагдашгүй том ууланд дарагдах мэт болно, усан махбод хураагдахад их хэмжээний усны үер бууж байгаа мэт санагдана гэх мэт. Тэр их айдас сандрал, зовлонт байдалтай байгаа үедээ өөрийн ухаан бодлоо удирдана гэдэг тийм амар биш. Тиймээс тэр үед айдас, зовлон багатай, өөрийн ухаан бодлоо удирдаж байхын тулд бүр бага наснаасаа үүнд бэлтгэлтэй байж, ухамсарлах хэрэгтэй гэж үздэг. Тиймээс аль болох бага залуу наснаасаа өтлөнө, үхэлтэй нүүр тулна гэдгийг ухамсарлах нь зөв гэж номонд ч, багш дээдэс нар маань ч зааж сургаж, захиж хэлдэг. Би энэ бүгдийг өөрөө хэрэгжүүлж явахыг хичээдэг, бас үр хүүхэд, шавь нартаа ч хэлж зөвлөж явдаг.

Ер нь хүний амьдралыг туулж явахад өөрт нь нүүр тулаад ирж байгаа зовлон бүрийн өмнө түүнийг барж туулах зөв, буруу зам дурайгаад л гараад ирдэг. Тэр үед бэрхшээлтэй ч байсан сэтгэлээ хатжуулаад зөв замыг нь сонгоод тэвчээр, ухаан заагаад, эв зүйг нь зөв аргаар олоод туулаад байвал бие, сэтгэл нь илүү амар амгалантай, бас үр бүтээлтэй байна боддог.

 

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах:

FacebookTwitter

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy